Ц.Элбэгдорж АН-д эргэж элсэх үү?

2018/03/13
Экс Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд элдвийг л хийлээ. Нэг хэсэг дураараа дургиад авъя гэсэн  бололтой. UB паласын үзэгчийн  суудалнаа  бүжиглэж,  АНУ-ын Лос-Анжелес  хотноо казино ч тоглож үзлээ. ПёнЧаны олимпийн наадамд тухалж, эрх чөлөө гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрч явлаа.  Аргагүй л дээ сүүлийн найман жил  тэр Төрийн тэргүүн хэмээгдэж, чөлөөтэй ч аялаж зугаалж чадаагүй. Чөлөөтэй байх тэр цаг хугацаагаа нөхөөд авахад нэг их гэмгүй.   Харин саяхнаас түүний талаарх зарим мэдээлэл  цацагдаж эхэлсэн.    Эхнийх нь Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр  томилжээ. Тус комисс нь 2010 онд Испани  улсын санаачилгаар Мадрид хотноо байгуулагдсан байна.  Олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан 16 бүрэн эрхэт төлөөлөгчтэй байгууллага юм.  Тэрхүү 16 төлөөлөгчийн нэг нь манай экс болж байна.  Дараа нь  Ц.Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургуульд лекц уншлаа.  АН-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солон­госын удирдагч нарыг  Улаанбаатарт уулзах  нь зүйтэй хэмээн баахан жиргэв.  Энэ бүхний дараа Ц.Элбэгдоржийг улс төрд эргэн ирж байгаа талаар яриа гарч эхэлсэн.  Мөн  өөрийн төрөлх нам болох Ардчилсан намынхаа  харъяанд багтахаар өргөдлөө  өгсөн тухай  шуугиж эхлэв. Ц.Элбэгдорж эргэн ирлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгчийн үзэл бодлын эсрэг зогсох нь байна гэдгийг зарим нэг нь онцолж байв.  Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг хүртэл ажиллуулж эхлээд байгаа.  Харин Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг олон улсын төлөөлөгч учраас энэ асуудалд эсрэг байр суурьтай байх нь гарцаагүй юм. Ингээд Ц.Элбэгдоржийн эхний улс төр Төрийн тэргүүний бодлогын эсрэг байж мэдэхээр байна.  Мөн тэр АН-д элслээ гэхэд түүнийг ротаци хийсэн, лидер гишүүдээ нам дотроо хавчиж эхэлсэн тийм уур амьсгалтай нам  хүлээж авна.   Мөн Ардчилсан намын зүгээс  Ц.Элбэгдоржийг намдаа элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа.  Мөн   Ц.Элбэгдорж намын гишүүн боллоо гэхэд яг л  шинээр элсэж байгаа мэт намын анхан шатны байгууллагад хандаж,  хүсэлтээ өгөх нь байна.  АН 2016 онд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон. Одоо ч нам доторх уур амьсгал нэлээд ширүүн байгаа.  Энэ цаг үед Ц.Элбэгдорж намдаа, улс төрдөө эргэн ирвэл АН-ын улс төр илүү сонирхолтой үргэлжлэхээр байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна