-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь дээр МАН, “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр МАНАН бүлэглэл оролцсон-
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.
-МАХН-аар сонин сайхан юу байна. Та намынхаа генсекээр томилогдоод ямар ажилд анхаарлаа хандуулав?
-МАХН XXI зууны хоёрдугаар Их чуулганаа саяхан хийсэн. Энэ хурлаар намын удирдлагуудад өөрчлөлт орж, МАХН-ын ерөнхий нарын бичгийн даргын үүрэгт албыг надад оноолоо. Манай хоёрдугаар их чуулганы үеэр яригдсан гол асуудал бол Монгол Улсын өнөөгийн хямралт байдлаас хэрхэн гарах ямар арга зам байна вэ. Үүнийг хийх ямар шийдлүүд байна вэ гэдэг дээр нэлээн сууж бичиг цаасны ажил хийгдэж байна. Өнөөгийн гарч буй хямрал, улс төрийн хариуцлагагүй байдлаас гарах гарц арга зам нь Монголын шинэ дээд Үндсэн хууль юм гэдгийг олж харж байна. Монголын төрд хэн нь түрүүлж луйвардаж ард түмний өмчийг өөрсдөдөө ашигтайгаар авах вэ гэдэг уралдаан болчихлоо. Төрийн дээрэм тонуул завхарлыг хийж байгаа улстөрчдөд хариуцлагыг хэрхэн тооцох ёстой юм. Цаашдаа улс хөгжихөд чухам юу хийх ёстой байна вэ гэдгийг манай намаас ярилцаж шийдлийг гаргасан. МАХН-аас энэ гуравдугаар сарын 1-ний өдөр буюу Монголд улс төрийн нам анх байгуулагдсан өдөр тодорхой арга хэмжээ зохион байгууллаа. 1911 онд МАХН–ын тухайн үед гаргаж байсан мөрийн хөтөлбөрүүдийг сая Их чуулганаа хийхтэй холбогдуулан нэлээн уншиж сөхөж үзлээ. Тухайн үед гадны улс дамжсан худалдааны пүүсүүд болон хаад ноёд хуйвалдаж улсын баялгийг хувьдаа эзэмших, ард түмнээс татвар хураамж авч мөнгө хүүлэх байдал давамгайлах шинжтэй байсан учир ийм орчинд нөхцөлд хүн хэвийн амьдарч эрүүл байх үндэсгүй юм байна гэж үзээд үүнээс гарах зорилтоо томьёолж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр бараг 100 жилийн дараа эргээд харахад өнөө л ард түмнийг шулж, нуруун дээр нь ачаа үүрүүлсэн байдал харагдаж байна. Өнөөдөр Монгол Улс хамгийн их баялагтай гэдэг мөртлөө хөгжлөөрөө хамгийн сүүлд явж байгаа нь эмгэнэл. Сүүлдээ монголчууд өөрөө өөрсдөдөөө итгэх итгэл алдарч, гаднаас хэн нэгэн ирж аврах юм шиг ярьдаг болчихлоо. Бид өнөөгийн Үндсэн хуульд байгаа хариуцлагын тогтолцоотой холбоотой зүйл заалтаа сайжруулж авахгүй бол өнөөдөр үүсээд байгаа төрийн завхрал үргэлжилсээр л байх болно. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж алдаа завхарлыг засах процессыг хийхдээ ард түмэн бид өөрөө өөрсдөдөө найдахгүй бол сайд, дарга нарт найдаж сайн зүйлийг хүлээж болохгүй нь батлагдсан. Тиймээс Монголын гурван сая нэг зүгт анхаарлаа хандуулах цаг иржээ.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татаж Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах талаар яригдаад эхэллээ. Нөхөн сонгуульд МАХН-аас хэрхэн оролцох вэ. Намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-Улс төрийн намын хувьд сонгуульд оролцож, өмнөө тавьсан зорилгоо нэг, нэг алхмаар ч хамаагүй ахиулж, төрийн бодлого болгох үүднээс идэвхтэй оролцоно. Энэ нь зөвхөн Хэнтий аймгийн хувьд биш Баян-Өлгий аймагт Д.Мурат гишүүн, Орхон аймгаас сонгогдсон О.Баасанхүү гишүүн нарт ч хамаарч нөхөн сонгууль явагдаж болзошгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй юм. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг бол амласнаа хэрэгжүүлдэг, өмнөө тавьсан зорилгоо хийхийн төлөө тасралтгүй явдаг байх ёстой. Түүнээс биш нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт зорьж, амлаж байсныхаа эсрэг явж байгаа бол эрхэм үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Өнөөдөр төрийн бодлого гаргаж байгаа хүн хэдийнэ төлөвшсөн байх ёстой. Төлөвшсөн байна дотор маш олон зүйлийг хэлж болно шүү дээ. Энэ бүхэнд шалгуураа өндөрсгөх цаг хэдийнэ болчихжээ. Улаан цайм бидний нүдэн дээр гэмт хэрэг, хууль бус зүйл хийгээд байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцох цаг болсон. Манай МАХН-аас хариуцлага тооцуулахын төлөө явна. Тэгэхээр бид ганцхан тойргийн хувьд нөхөн сонгууль болно гэж харахгүй байна. Бид сонгууль болгонд оролцож ялалт байгуулахын төлөө, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө явна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймагт бууриа хэдийнээ засаад байна гэсэн мэдээлэл өмнө нь сонстож байсан. Нөхөн сонгуульд бэлтгэж байгаа юм уу?
-Н.Энхбаяр даргын талаар манай хэвлэлийнхэн таамаг тавьж бичиж байгаа байх л даа. Үүнийг буруутгахгүй. Сая бид их чуулганаа хийсэн. Дараа нь бага чуулганаа хийлээ. Намынхаа дотоод зохион байгуулалт, бүтэц, дүрмээ шинэчилж баталлаа. Одоо орон нутгаар явж шинэ Үндсэн дээд хуулийнхаа төслийг танилцуулж, иргэдээс санал асуулгыг авч байна. Энэ бүх зүйлд Н.Энхбаяр дарга өдөр тутам оролцож байгаа. Зөвхөн Хэнтий аймаг гэлтгүй бүх аймгаар явж Үндсэн хуулийн шинэчлэлийг танилцуулж яваа.
-Сүүлийн үеийн шуугиан тариад байгаа ноцтой хэргийн талаар асууя. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж гадны банкнаас зээл авсан нөхдүүдийн харгайгаар өнөөдөр Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэргүй болох ч эрсдэл үүсээд байгаа. Та бүхний хувьд энэ луйврын хэргийг юу гэж харж байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол тухайн үеийн төр засгийг удирдаж байсан хүмүүстэй шууд холбоотой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд нар “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг дээр салшгүй шууд холбоотой. Яагаад вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын нийт төсвийн ихэнх хувийг нуруундаа үүрч байсан үе бий. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр төрийн анхаарлаас гадуур яваад барьцаанд тавигдаад, гадны банкнаас авсан зээл нь сунжирч сунгагдаад явж байхад Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга нар нь огт мэдэхгүй, таг дүлий сонсоогүй байна гэж байхгүй юм. Тиймээс энэ хэрэгт хамгаас холбоотой тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаанд тавигдсан энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж үгээ хэлэх ёстой. Хэрвээ энэ хүмүүс “Би мэдэхгүй” гэж хариулах гэж байгаа бол Монголын баялагийг гадны барьцаанд тавьсныг мэдээгүй байсныхаа төлөө бас хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ бол төрийн эрх барьж буй хүмүүсийн улаан цайм дээрэм юм. Бидний хэлээд яриад байдаг бүлэглэл гэгч төрд гарахын тулд ард түмэндээ сайхан гоё амалж гарчихаад дараа нь өөрөө өөрсдөдөө зориулж асар их хэмжээний Монголын баялагийг завшиж байна. Монголын баялаг гэдэг чинь Монголын ард түмний татвараар бий болсон, Монголын өвөг дээдсийн үлдээсэн байгалийн баялаг. Ард түмний баялагийг хадгалж хамгаалж, өсгөж үржүүлэх нь төр засагт байгаа хүмүүсийн хамгийн гол үүрэг юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол маш ойлгомжтой тодорхой юм. Олон жилийн турш нууж байсан булхай луйвар өнөөдөр ил гараад эхэлсэн. Магадгүй бүхэл бүтэн бүлэглэлийн оролцоотой энэ хэрэг дээр ганц нэг хүнийг өмнөөсөө золиосонд явуулаад дуусгана гэж бодож байгаа бол ард түмэн тэнэг биш шүү гэдгийг хэлмээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн барьцаанд тавьж зээл авсан гэх “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүний амь насыг өнөөдөр төр хамгаалалтад аваасай гэж хүсч байна. Ш.Батхүү ч гэсэн ганцхан өөрийгөө золиосонд явуулахгүй гэж бодож байгаа бол өөрөө бүх зүйлийг үнэнээр нь дэлгэж зарлах ёстой. Ш.Батхүү бүгдийг зарлачих л даа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг 2013 оноос хойш хуулийн байгууллагаас шалгаж байгаа боловч өнөөдрийг болтол тодорхой шийдвэрийг гаргаагүй. Хэрвээ манай хуулийн байгууллага ажлаа хийж чадсан бол өнөөдөр 100 гаруй сая ам.долларын өрөнд “Эрдэнэт” уначихгүй байсан болов уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг хууль хяналтын байгууллагаас маш удаан шалгаж байгаа. Сая МАН-ын нэр бүхий хэсэг залуучууд хэвлэлийн хуралж хийж энэ хэрэг дээр үнэнийг дэлгэхийг уриалсанд маш их талархалтай хандаж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхболд, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын залуучуудад би баярлалаа гэж хэлье. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн хэрэг бол МАН-ын дотоод асуудал юм. МАН төр барьж байх үед байсан хүмүүс одоо ч төрд нөлөө бүхий албан тушаал хашсан хэвээр байна. Энэ булхайтай хүмүүсийн эсрэг нам дотроо зоригтойгоор босож чадаж байгааг хараад МАН дотор бас ч гэж өөрчлөлт гарч зөв чиглэл рүү явах гээд байна уу даа гэж би харж байгаа. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцаад авсан шийдвэрийг сайшааж байна. Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баярлалаа гэж хэлмээр байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол Монголын төрийн өмч байх ёстой. Монголын төр “Эрдэнэт”-ийг ямар хувийн компанид шилжүүлэх вэ гэдгээ олон нийтэд ил тодоор зарлаж шударгаар шийдэх ёстой байсан. Гэтэл хэн нэгэн хувийн компанид стратегийн орд гэж бичигдсэн ордыг сэмхэн нууцаар хулгайлж өгч болохгүй. Эндээс дүгнээд хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал бол МАН-ын дотоод гэмт хэрэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувь МАНАН бүлэглэлийн хийсэн хэрэг. Яагаад вэ гэвэл МАН, АН хоёр нам хамтарч засаг барьж байх үе буюу Ерөнхий сайд, Сангийн сайд нь дээрх хоёр намаас томилогдон ажиллаж байх үед нийлж хийсэн хэрэг юм. Энэ үед манай нам Засагт орсны гавьяа бас гарсан. МАНАН-гийн булхайг тухайн үедээ илчилж манай төр засгийн бүлэглэл улсын нууц гэсэн нэрийн дор “Эрдэнэт”-ийн 40 хувийг хувийн компанид өгсөн байна гэдгийг анх зарласан. Тухайн үед төр засагт орж ажиллаж байсан Оюунбаатар, Баянсэлэнгэ нар зоригтойгоор задалж олон нийтэд мэдээлсэн. Хэрвээ тухайн үед задлаагүй бол хичнээн ч жил 49 хувийн асуудал дарагдаж явах байсныг бид мэдэхгүй.
-Төрд өндөр албан тушаал хашиж буй хүмүүс нь өөрсдөө ингэж хуйвалдаад төрийн өмчийг шамшигдуулж болдог юм уу?
-Энэ бол нөгөө л дээр ярьсан системийн алдаа. Өнөөдөр төрийн эрх мэдэлд гарчихвал шүүх засаглалыг гартаа авчихаж болж байгааг бид харж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд шүүхээр хүссэн шийдвэрээ гаргуулж чадаж байна. Жишээ дурдаж нэрлээд байвал маш олон хэргийг нэрлэхээр байна. Шүүх өнөөдөр шударга бус шийдвэр гаргадаг гэдэг нь илэрхий болчихлоо. Буруутай хүнийг буруугүй гээд гаргачихаж чадаж байна. Эсвэл огт буруугүй зарим хүмүүсийг буруутай гээд шоронд хийчихэж байна. Шүүх, прокурор ингэж улстөрчдийн хармаанд орчихсон. Энэ бүгдийг засах, шүүхийг хараат бус болгож, Ерөнхийлөгчөөс эсвэл хэн нэгэн хүнээс хамааралтай байдлыг засах ёстой юм. Үүний гарц нь шинэ Үндсэн дээд хууль юм.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хэргийг нуун дарагдуулж шийдээгүй хуулийн байгууллагын дарга нар өнөөдөр хариуцлага хүлээх ёстой юу?
-МАНАН бүлэглэлийн хүмүүсийн гар хөл болсон шат шатны хууль хүчний байгууллагынхан энэ хэргийг зориуд шийдвэрлэхгүй, дарж байсан нь илэрхий. Хэдий болтол ингэж шударга бус байдлын гар хөл эрэг шураг нь болж явах вэ. Боловсролтой, эх орноо гэсэн залуучууд олон байна. Тэд шударга бус байдлыг үзэн ядаж, залхаж байна. Бүлэглэлийн маск нэгэнт хууларчихлаа, одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр шударга шийдвэр гаргахыг ард түмэн хүлээж байна.
-Тухайн үед төр засгийн өндөр албан тушаалд байсан Ерөнхий сайдаасаа эхлээд бид үүнийг огт мэдээгүй, бидэнд хамаагүй гэх өнгө аястай байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал удирдлагууд баталгаа гаргаж гарын үсэг зураагүй гэдгийг хэлээд байгаа шүү дээ?
-Эхлээд тэгж л ярьж байсан. Нэр бүхий УИХ-ын залуу гишүүдээс хийсэн мэдээллээс үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн данс руу яахаараа хэд хэдэн удаа мөнгө орчихсон байх уу. Ядаж л дансанд ямар мөнгө орж гарч байгааг мэдэхгүй дарга гэж байхгүй биз дээ. Баталгаа гаргаад залилан хийсэн энэ хэрэг дээр тэр холбогдох дарга нар нь үгээ хэлж, хариултаа өгөөч. Илэрхий залилан луйврын хэрэг дээр хууль хүчний байгууллагаас шалгаж яаралтай шийдвэрээ гарга. Ажлаа хий. Хууль хүчний байгууллагын дунд шударга төрийн албан хаагчид олон бий. Ажлаасаа халагдчих болов уу гэж айх хэрэггүй. Эх оронч бай л даа. Ер нь ийм хууль бус төрийн томоохон луйвар дээр зөв шийдсэнийхээ төлөө ажлаасаа халагдсан ч яадаг юм бэ. Одоо ийм эр зориг гаргах цаг болчихоод байна. Тэгэхгүй бол өнөөдөр энэхүү бохир системийн эрэг шураг болж яваа хүмүүс хэзээ нэгэн цагт өөрсдөө буруутан болно. Эргээд өөрсдийнхөө үр хүүхдийн ирээдүйг энэ байтугай заваан намаг руу шигдүүлж байна гэдгээ ойлго.
-Одоогийн эрх барьж буй намын төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс зоригтойгоор шударга хандчихвал энэ хэргийн утас цааш хөвөрч ил гарч ирэх нь үү?
-Энэ асуудлыг хэн нэгэн хүн шийдээсэй гэж та бүхэн битгий хоосон найд. Хүн болгон дор бүрнээ эх оронч байх нь чухал болохоос биш дээрээс Ерөнхий сайд шахсанаар бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэж байхгүй. Ядаж л “Эрдэнэт”-ийн хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа, хариуцаж байгаа прокурор, шүүх яг бодит үнэнээр нь шийдчихэд л болчих асуудал. Дансаар нь мөнгө орсон уу үгүй юу, Арбитрийн шүүхээс баталгаа гаргасан гарын үсгийг хуурамч биш гэж үзээд шийдвэр гаргасан л байлгүй. Энэ мэт баримтан дээр тулгуурлаад шийдвэрээ гарга л даа. Энэ хэргийн цаад захиалагч нь хэн юм гэдгийг Ш.Батхүү илчил. Энэ мөнгөнөөс хэн нь ямар хэмжээний мөнгө аваад ямар байдлаар хөрөнгө болгож авлига авсан гэдгийг нь зарла. Мэдээж энэ мөнгө Монголд шингээгүй. Оффшор руу явсан нь тодорхой байх. Одоо оффшороос тэр мөнгийг олж ирэх ёстой. Шинэ Засгийн газар санаачлагатай зоригтой ажиллах ёстой. Хариуцлагаа үүрээд амлалт өгөөд гарсан албан тушаалтнууд яг ийм л төрийн тонуулын хэрэг дээр шударга ажиллахгүй бол ард түмэн бүх зүйлийг хэдийнэ ойлгочихсон хүлээгээд сууж байна. Ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэг ч биш Монголын төмөр замаас эхлээд төрийн өмчийг луйвардаж ашиглах байдал хаа сайгүй байна. Үүнийг засах механизмыг бий болгоё. Улс хөгжих зам бол хэн нэгэн цөөн хэд нь түрүүлж хөгжөөд нөгөө хэдээ татна гэдэг ойлголт худлаа гэдэг нь манайд батлагдаж харагдлаа. Манай МАХН орон даяар шинэ Үндсэн дээд хуулийнхаа хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Үүнд иргэд та бүхэн оролцож өөрийн санаа бодлоо тусгаач ээ. Ингэж хамтын хүчээр өнөөгийн нийгмийн завхралыг тэр дотроо улстөрчдийн хариуцлагагүй, төрөөс мөнгө хулгай хийдэг гажуудлыг засч чадна.
Б.ДОЛЗОДМАА
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл бичигдээгүй байна