Г.Алтан, Ш.Батхүү нарын хэтэвчийг нэгтгэсэн бизнесийн сүлжээ

2018/03/16
“Жаст” группийн захирал Ш.Батхүүг  гадаадын банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргээр АТГ-аас баривчлаад тав хонож байна. Тэгвэл Ш.Батхүүгийн хэрэг сэдэрч эхлэхтэй зэрэгцэн “Алтжин” компанийн Г.Алтантай холбоотой асуудал босч ирлээ.

Бизнесийн ертөнцөд нэлээд сүйхээтэй гэгддэг Г.Алтанг ийнхүү хууль хяналтын байгууллагаас шалгаж, хилийн хорио хүртэл тавихад хүргэсэн гол эзэн нь “Жаст-ын Ш.Батхүү аж. Түүнчлэн Г.Алтангаас мэдүүлэг авч байгаа бөгөөд саатуулах нь цаг хугацааны л асуудал гэдгийг эх сурвалж хэлж байна.

Нэгэн үе  Ш.Батхүү “Хадгаламж” банк, “Жаст ойл” шатахуун түгээх станц, “Жаст агро” үйлдвэр, “Олон овоот” уурхайд эзэн сууж байсан  Монголын тэргүүн баячуудын нэг байсан юм. 

“Алтжин”-гийн Г.Алтан хатагтай ч мөн адил 64 охин компанитай асар их хөрөнгөтэй гэгддэг ч бараан түүх дэндүү олонтой. Хадгаламж. Анод банкны дампуурал, МАН-ын зээлүүлсэн нэг сая ам.долларынхаа өрөнд Лениний музей, Тусгаар тогтнолын ордонг хүртэл барьцаанд нь нэхэж шүүхдэж явсан юм.

Тэгвэл цагтаа Монголд эргэлдэж буй мөнгөний багагүй хувийг гартаа атгаж байсан энэ хоёр эрхэм өнөөдөр яагаад хамтдаа хуулийн хаалга татах болов. Тэдний хэтэвчийг нэгтгэхийн хэрээр хуулийн өмнө авчраад буй бизнесийн холбоо сүлбээ цөөнгүй аж.

“Жаст- аас 32855296 ам.доллар нэхэмжилсэн Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн

Иргэн Эдуард Сүрэн “Жаст” группт гурван удаагийн үйлдлээр 32855296 ам.долларыг зээлдүүлсэн гомдлыг 2013 онд шүүхэд гаргаж байв. Үүнд “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Хадгаламж” банк баталгаа гаргаж өгсөн байдаг. Улмаар банк дампуурлаа зарлаж Төрийн банкинд эрх, үүрэг нь шилжсэнээр өр төлөх хариуцлага өнөөдөр ч Төрийн банкны “толгой дээр” буугаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Г.Алтан, Ш.Батхүү нарын зээлийн өгөө аваа сунжирч хууль хяналтын байгууллагад шилжсэнээр Хадгаламж банк дампуурсан гэж хэлж болно. Түүнчлэн Ш.Батхүүгийн Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд төлөх их хэмжээний мөнгө Төрийн банкийг хариуцагчаар татаж, шүүх Э.Сүрэнгийн талд шийдвэр гаргаад байгаа аж.

Энэхүү маргааны талаар Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан саяхан хэвлэлд ярихдаа “ 2013 онд иргэн Эдуард Сүрэн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж огноо тодорхойгүй нэхэмжлэл гаргасан байдаг.

Шүүхийн шийдвэр яаж гарсан гэхээр “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай” гэсэн.Зээлийн гэрээг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нар 2010.02.24-ны өдөр байгуулсан гэх, гэрээний үнэн зөвийг Баянзүрх дүүргийн 209 дугаартай нотариатч 2010.03.15-ны өдөр гэрчилж, нотариатын бүртгэлийн дэвтрийн 861 дугаарт бүртгэсэн байдаг.

Товчхон хэлэхэд энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна. Ер нь Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна” гэсэн байдаг.

Ш.Батхүү, Г.Алтан нарын дундын өмч буюу “Олон овоот”-ын орд

“Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан  нарын бас нэг томоохон бизнесийн холбоо нь “Олон овоот”-ын орд. “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй хэмээн худалдаж авсан “Олон овоот” уурхайд Г.Алтан, Ш.Батхүү нар хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үүнийг баталж 2012 онд Ш.Батхүү “Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн өнөөдөр АТГ-т шалгагдаж хоригдоод байгаа “Жаст-ын Ш.Батхүү  Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй.

Тиймээс  2013 оны долдугаар сард  “Жаст” группийн дампуурлыг зарлаж, ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эндээс харахад “Эрдэнэ” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд 51  сая ам.долларын барьцаанд тавьсан гэх хэргийн зангилаа зөвхөн Ш.Батхүү биш Г.Алтангаас ч цааш хөврөх бололтой.

Г.Алтанг Анод, Хадгаламж банкийг дампууруулж, Лениний музейг барьцаалав

 64 компанитэй гэгдэж байсан Г.Алтан зөвхөн “Алтан” шатахуун түгээх станцаа гэхэд л 18 тэрбум төгрөгөөр “Жаст”-ад зарсан гэдэг. Мөн тэрээр Анод банкийг дампууруулж татвар төлөгчдийн мөнгөөр өрөө төлүүлээд зугтсан. Г.Алтан “Анод” банкнаас 2.6 тэрбум төгрөг зээлсэн нь “Алтжин” компанийн данс руу орсон гэдгийг шүүхээс нотолсон ч тэрээр аваагүй хэмээн гүрийж, төрсөн дүү Г.Буянжаргал нар хэргийг өөр дээрээ авахыг оролдсон байдаг. Хэд хэдэн шатны шүүхээс мөнгийг Г.Алтангаар төлүүлэх шийдвэр гарсан ч компаниа өөр дүүргийн нэр дээр шилжүүлж хэргийг шүүгч хийдэг найздаа хувиарлуулаад замхруулсан гэх мэдээлэл бий.

Г.Алтангийн дараагийн дуулиан нь төрийн эзэмшлийн Лениний музейг барьцаалсан явдал.  МАН Лениний музейг өмчилж байх үедээ иргэн Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлээд үүнийхээ барьцаанд намын байраа тавьсан байж.  Гэтэл шүүхээс музейг төрийн мэдлийнх гэсэн шийдвэр гаргаснаар Г.Алтан одоогийн МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонгоор барьцаагаа сольж байв.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна