"Рио Тинто" компаниас 10 сая долларын авлига авсан гэх С.Баярцогтыг Ардчилсан нам гишүүнчлэлээсээ хаслаа

2018/03/20
Ардчилсан намаас өнөөдөр Оюутолгойн гэрээ байгуулсан асуудлын хүрээнд С.Баяр, С.Баярцогт нартай холбогдуулан холбогдох шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Мөн С.Баярцогтын асуудлаар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж түүнийг намын гишүүнчлэлээс хасах тухай шийдвэр гаргажээ.
С.Баярцогтын тухайд С.Баярын Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байхдаа 10 сая ам.долларын авлигыг Рио Тинто компаниас авсан байж болзошгүй нөхцөл байдлыг Швейцарийн хуулийн байгууллага тогтоосон тухай мэдээллийг  REUTERS агентлаг мэдээлсэн юм.Тус агентлагийн мэдээнд Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй дансны гүйлгээг  царцаасан тухай өгүүлсэн байсан юм.

АН-аас гаргасан шаардлагад,  “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан Нам үзэж байна.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар АН-аас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч болзошгүй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монгол улс төрчидтэй холбоотой оффшор данс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан Нам хариуцлагатайгаар шаардаж байна” гэжээ.


 


Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна