Долларын саятан шүүгчийг.....

2018/03/26

Шүүх хүчтэй байх ёстой.  Шүүх булхайгүй байх ёстой. Шүүхийн шинэчлэлийг дэмжиж байна. Цаг нь ч болсон. Гэхдээ олон жил бузар булай, булхайтай гэж дуудуулсан Монголын шүүхийг дэнслэх дээрээ тулбал буруу зөв хоёрын аль нь жин дарж явсан бэ?

Хөлжигсөд нь хөөрхий бусдыгаа байнга “доош” нь чирэх нь хэр зөв бэ? Зөв бурууг дэнслэх шүүгчдийн зөн совин, зориг зүрхээр буруу тийшээ явж болохуйц өч төчнөөн хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдсэн байгаа. Гэтэл сая долларын хадгаламжийн талаарх шуугиан шүүхийг тэр чигт нь чирээд л явчихав. Үүнийг л магадлахын тулд зарим нэг эрэлд мордсон юм.

Х.Нямбаатар гишүүн “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам. доллар  байна. Анхан шатны шүүх дээр 50-200 мянган долларын авилга авдаг” гэж ярихыг сонссон үзсэн бүгд л жигшин дургүйцэж, гаслан шогшрох нь аргагүй.“Хэн бэ, тэр хувалз?” хэлчихэж болдоггүй юмуу гэж бодогдов. 


Ингээд ердөө маргааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө орлогыг нийтэд мэдээлснээр 2017 онд шүүгчдийн мэдүүлсэн ХОМ, эд хөрөнгө, цалин орлого ил болов. Хамгийн их орлоготой шүүгчтодорсон талаар ч мэдээллүүд ар араасаа цувраад ирсэн. Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хамгийн их орлоготой. Ухаандаа нөгөө сая долларын хадгаламжтай жигшмээр хувалз нь байж таарна. 

ШЕЗ-ийн сайт руу орж харлаа. Гадуур мэдээлж байгаатай нь мөргөж байна. Хөрөнгө орлого бас байнаа байна. Долларын саятанд энэ байтугай хөрөнгө байгаа даа гэж санагдав. Холбогдлоо. “Нууж хаах юм алга, тайлбарлая”гэлээ. Тулах хүртлээ Хосбаяр шүүгчийн талаар бас тандсанаа ч нуугаад яах вэ. Элбэгдоржийн хүн гэгддэг гэнэ. Томчуудад адарвал адарчихдаг, өөрийнхөөрөө, зарчимтай нөхөр ч гэж дуулдав. Чадал чансаагаараа овоод ордог гээд магтаал аятай юм сонсоод явчихлаа бүр.

“Би ядарсан ч эр биш, гэхдээ хамгийн их орлоготой гэж дуудуулаад байх авлигачин ч биш. Энд тэндэх юм цуглуулж, нэг машиныг хоёр болгон салгаж, нэг байр 200 саяар зарсны орлогыг жил болгоных юм шиг болгоод, миний хөрөнгө орлогыг нэмж өсгөж мэдээлээд байх юм” гээд шууд л ярьж эхлэв. Холбогдоход уриалгахан байсны учир нь мань шүүгч бухимдаж байсных бололтой. Асуух ч хэрэггүй шахуу л яриа болсон. “Land Rover, Range Rover гэж хоёр салгаад бичсэн байх юм.

1988 оны нэг Range Rover байсан, сэлбэг болоод дууссан. Land Rover гэдэг компанийн үйлдвэрлэдэг нэг марк нь. Тэгсэн чинь хоёр машин болгоод... Тэгсэн хэрнээ зээл лизингийг маань ер дурсахгүй... Уг нь мэдүүлсэн л байгаа” гээд шууд л ярьж эхэлж байна.

Эхнэр нь бизнес эрхэлдэг гэнэ. “ШЕЗ-ийн тавьсан мэдээлэлд байгаа MURANO, Highlander автомашинууд эхнэрийн компанийнх, тэгтэл над дээр бичсэнбайгаа юм, за одоо яахав...” гэж харамссан өнгөтэй хэлж байна. Өөрөө Land 70-тай юм байна. Дөрвөн орон сууцны тухайд... “2003 онд барьсан зуслангийн байшин бий, Гачууртад22м.кв нэг өрөө жижиг байшин бас бий, одоо амьдардаг байр маань байна.

Харин ОХУ-ын өмч болох нэг түрээсийн байр бий. Эхнэр СОТ-2-т ажиллаж байхдаа түрээслэх гэрээ байгуулсан. Одоо хүртэл хэвээрээ байдаг юм. Дүү нар амьдарч байгаа. Тэрийг нэг байр болгоод л намайг “хөрөнгөжүүлээд” байх юм”. Ийм тайлбар хэлэв. Жилийн 248 саяын орлого... “ Ажлаас маань Улаанбаатар банкны орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамруулсан байр, зээл нь ч төлөгдөж дуусаагүй байсан. Тэрийгээ зарж зээлээ дарсан. Өнгөрсөн жил л болсон явдал. Гэтэл ерөөсөө жил бүр 200 гаруй саяын орлоготой байдаг юм шиг ойлгогдохоор болчихоод байгаа юм.

Цалин 46 сая. Надад бол тэр сая долларын хадгаламж нь байхгүй ээ. Манайх гэдэг айл MURANO, Land 70 хоёрын лизинг, бас бус бизнесийн зээл гээд зөндөө юм төлж байгаа. Одоо сүүлдээ ямар үсээ тоолоод тоочилтой биш дээ” гэж хэлээд цаашаа юм ярьсангүй.

Харин үгэн завсраас миний санааг ойлгосон уу, яасан “Элбэгдоржийн хүн... гээд байдгийг ойлгох юм алга. Нэг нутаг болохоор тэгдэг юм уу, тэрнээс биш тухтай мэнд зөрж ч үзээгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Ер нь шүүхийнхэн зээлээр байр аваад тэр нь орлого болж ХОМ-д бичигддэгийг энэ далимд мэдэж авлаа. Сонирхолтой санагдав. “Өдрийн сонин” дээр гарсан мэдээлэлд шүүгчдийн 90 гаруй хувь нь зээлтэй гэж бичигдсэн байна билээ. Цалин нь өссөнөөр зээлжих чадвартай болжээ гэж ч дүгнэсэн байна лээ.


Шүүх хүчтэй байх ёстой. Шүүх ариун байх ёстой. Шүүх булхайгүй байх ёстой. Шүүхийн шинэчлэлийг дэмжиж байна. Цаг нь ч болсон. Гэхдээ энэ “гарчгийн” дор томчуудад адардаг зарим нь араа шүдэнд нь явж байгаад цохуулж, цол гуншин зүүж яваа юм биш биз.

Хэрвээ тийм бол юун шинэчлэл. Өнөөх л ганц нэг эрх мэдэлтний үзэмжээр явагддаг довтолгоо шүүхийн хараат бус байдал руу ч гараа дүрж яваа болж таарна. Долларын саятны талаарх шуугиан, ганц нэгийг нь цохож цоллосон мэдээллүүд ямар зорилго агуулж байгаа нь л хачин.

Бид нэгнээ хог новш болгож, хэрэгтэн ялтан болгож жигшихээсээ өмнө хаанаас хэний шидсэн чулуу яваад байгаад урьтаад дүгнэдэг болчихмоор. Долларын саятны талаар жигшүүрт бодолтой Хосбаяр шүүгтэй тулсан надад эцэст нь “тавь гарсан эр хүн, дээд шүүхийн шүүгч зуслангийн байшин зэрэгтэй, Land 70уначих хэмжээнд амьдралгүй дээ” гэж бодогдсон.

Тэгээд ч эхнэрийн бизнес, орлого эр хүнд хүртээлгүй, амьдралд хамаагүй байх гэж юу байх вэ, угтаа гэр бүл боломжийн орлоготой байж нэг нь толгой амар төрийн нэрийн өмнөөс явах биз. Америк, Европт эзэмшсэн боловсрол, туршлага чадал, нэр хүндээрээ Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд Азийн орон тоон дээр өрсөлдөөд Японы шүүгчтэй тунаж үлдэж байсан, овоо толгойсанж.

Долларын саятан шүүгчийг энэ удаад эрээд олсонгүй... Жинхэнэ саятан нь хэн юм бэ? Хэлчихвэл яасан юм бэ, эрхэм гишүүн ээ.

Нийтлэлч н.Баатар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна