2013 онд Ардчилсан нам Засгийн эрхэнд байхад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлж байв. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “…Миний бие Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсоноос гадна Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Би УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэдийнхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн. Ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөлдлөө бичих л болов уу. Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ…” гэсэн байдаг. Түүний өргөдлийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байлаа. Эрх баригчид гишүүний өргөдлийг хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар заавал хэлэлцэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан нь одоо ч цагаан дээр хараар бичээстэй байна. Ийнхүү 2013 оны арванхоёрдугаар сарын 21-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргалын гишүүнээс татгалзах өргөдлийг хэлэлцэн, гишүүдийн олонх нь дэмжээгүй учраас хэвээр үлдээж байлаа. АН эрх барьж байх хугацаандаа ёс зүйн зөрчил гаргаагүй ч үүрэг хариуцлагаа ухамсарлан өргөдлөө өгсөн гишүүнийхээ асуудлыг ийн хэлэлцэж байв.
Харин МАН-ын үед гишүүний бүрэн эрхийн асуудал нэлээд өөр байдлаар өрнөж байна. УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргачихаад “явъя” гээд гуйгаад байхад гуядаад явуулчих улс төрийн наад захын соёл эрх баригч намд алга. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хоёр удаа хүргүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн. Мөн УИХ-д УЕП-оос гишүүнтэй холбоотой яллагдагчаар татах хүсэлтээ ч хүргүүлээд байгаа. Үйл явдал нүдэн дээр ийм ил тодоор өрнөж байхад МАН гүрийсээр л байна. Сүүлдээ бүр хуулийн мухардалд орж байна гэсэн арга ядарсан тайлбарыг хэлээд сууж байна. Тэд ард түмний биш намынхаа эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаж байгаа нь харамсалтай. АН өргөдөл гаргасан гишүүнийхээ асуудлыг хуулийн дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэж болсон байхад МАН ёс зүйн зөрчил гаргасан гишүүнээ хуулийн мухардал яриад хамгаалж суугаагийн цаана ямар том эрх ашиг нуугдана вэ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: ХУУЛИЙН МУХАРДАЛ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХ ЁСГҮЙ
-УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал төрийн тэр дундаа УИХ-ын нэр хүндийг унагаж байна. Энэ асуудалд АН албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд холбогдсон зүйл цаашдаа удаан үргэлжилж болохгүй. МАН-ынхан хуулийн мухардалд орлоо гэсэн тайлбарыг хийсэн. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой. Нэгдүгээрт Үндсэн хуулийн 19.3-т зааснаар хэрэв гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ гаргасан нөхцөлд УИХ-ын байр сууриар шийдвэрлэх ёстой гэж тодорхой заасан байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд унаж, төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах учраас энэ асуудлаа МАН нэг тийш нь даруй шийдэх ёстой.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ГЭХЭЭР ХУУЛЬ ЗӨРЧИХ ГЭЭД БАЙНА
-Бүлэг дээр Д.Гантулгыг авч үлдэх асуудал яригдаагүй. Хуулийн дагуу яаж шийдэх ёстой, тэр хүрээнд шийдэх чиглэл барина. Өнгөрсөн долоо хоногт прокуророос ялын тогтоол ирүүлж, гишүүний өөрийнх нь өгсөн өргөдөлтэй холбогдуулаад Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах ёстойгоос Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Ингэхэд прокурор УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаанаар хэлэлцээд, хүчингүй болгосон учраас энэ асуудлыг дахиж шинээр шийдэх шаардлага гарч байна. Түүнээс биш Д.Гантулга гишүүнийг хамгаалах тухай асуудал байхгүй. Хэрэв Д.Гантулга гишүүний өргөдлийг УИХ-аар авч хэлэлцвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ талаар хуульчид тайлбар өгч байгаа юм. Тэгэхээр энэ долоо хоногт Үндсэн хууль болон бусад хуулийг судалж байгаад тодорхой шийдэл гаргана.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна