Гортигны гаднах АН-ын хашгираан

2018/04/17
АН дотроо ид бужигнаж байна. Эрүүлээр харвал  АН дотор үе солигдох үйл явц өрнөж  эхэлжээ.  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэмээн ил цагаан мэдэгддэг, хэн нь ч хэнийгээ ч шулуухан маажиж, эсвэл  цамцны зах зангиа сэлтээр нь  боож унагаж  чаддаг АН-ын  үе солигдох явц намын дотоод сонгууль буюу ротациар нь  илүү хүчтэй мэдрэгдэв. Гэхдээ үүнийгээ өөрсдөө ихээхэн  нууцалж байна гэж болно. Өөрөөр хэлбэл, үүнийгээ өнгөн  тал дээрээ С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна, лидерүүд нь нэг дороо бөөгнөрлөө гэдгээр харуулахыг хичээж байх шиг.  Гэтэл  энэ үйл явдлаас   тус намд  үе солигдох  явц аль эрт эхэлчихжээ гэдгийг улс төр гадарладаг хүмүүс, өрсөлдөгч намууд, улстөрчид  дүгнэлт хийхээ мэдэлгүй яах вэ.

2016 оны УИХ-ын сонгуулиас  хойш  АН С.Эрдэнийн засаглал дээр тууштай тогтсон. Гэвч намын   дүрэм нь барууны стилийг  дууриасан,  дээр нь харьцангуй залуу нам учраас үе солигдож байгааг илтгэсэн дотоод дахь  орилоон, хашгираан   нь хүмүүст  мэдрэгдээд байна. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй”, “Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг үгсийг санавал, Ардчилсан намын дүрмийг өөр хэн ч биш тэд өөрсдөө л зохиосон шүү дээ. Нам дотор дотоод сонгууль буюу  ротаци  явуулж  цус сэлбэх замаар  явна. Хэн ажлаа сайн хийж байгаа нь үлдэж, муу үнэлгээ авсан нь Үндэсний бодлогын хорооны хаалгыг хаах ёстой. Үүнийг дотоод сонгууль шийдэж, эцсийн дүнг гаргана гэсэн дүрэм тэдэнд үйлчилж  байгаа. Энэ бол өөрсдийн нь санал болгож, гар өргөж баталсан дүрэм шүү дээ. Одоо харин тэрэндээ өөрсдөө тээглэж  унаад  байна. Тиймээс гомдоллох нь  утгагүй баймаар. Гэтэл  юундаа   орилж, хашгираад  байна вэ.

Үүний цаана хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт,   С.Эрдэнэ хэдийгээр нам дотроо  эртний хүн ч ардчиллын анхны туг болсон лидерүүдийн хувьд авч үзвэл  нэгдүгээр эгнээний хүн биш юм.  Тэр их төлөв сүүдэрт, тодруулбал, хоёрдугаар  эгнээнд л явж ирсэн. Тэгэхээр АН доторх нэгдүгээр эгнээнийхэн хоёрдугаар эгнээнийхэндээ зайгаа тавьж  өгөхийн  өмнө орилж, хашгирч   байгаа нь энэ ажээ.

Ер нь бол   тэртэй  тэргүй хугацаа нь дууссан улстөрчид одоо зайгаа тавьж өгөх нь ухамсрын асуудал болчихоод байна. АН-ынхан  үүнийгээ  мэдэж байсан байж таарна.  Тиймдээ ч эхнээсээ зарим нь үр  хүүхдээ  АН-д, ингэхдээ бүр  бодлого тодорхойлох түвшинд оруулж  ирсэн болов уу.  Тухайлбал, “Фортуна” Н.Батбаярын, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн, Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гээд АН-ын томчуудын хүүхдүүд бүгд  намд орж  ирсэн. Тэд “Юмыг яаж мэдэх вэ”  хэмээн эртнээс бэлтгэж, хүүхдүүдээ намдаа оруулж  ирж  ийнхүү өв  залгамжуулсан биш үү. Тэгсэн хэрнээ  одоо Э. Бат-Үүлээс эхлээд “алчих  гээд байна”  хэмээн  хашгирах   болжээ. Үүнд зарим нь эгдүүцэн “…..утгагүй асуудал,  эсвэл  тэд байр сууриа тавьж өгөхгүй жижиг тогоондоо гэр бүлээрээ чихцэлдэх гээд байгаа юм уу” гэцгээж  буй.

АН-ын хувьд  үндсэндээ “Нийгмийн даатгалын  нам”  болчихоод байгаа нь оргүй зүйл биш. Албан бичиг, бүртгэл дээр л Ардчилсан нам гэж  бичиж  байгаагаас биш аман ярианд ийм л байгаа.  Дээр нь бөхчүүдээр намаа бүрдүүлчихлээ гэх үгс ч дуулдах болсоор удаж байна. Бөхчүүд гэдэг нь “Женко”-гийн гэх тодотголтой нөхөд. Хэдийгээр С.Эрдэнэ, Х.Баттулгыг хүчгүй байлгасаар 2021 он хүргэх сонирхолтой ч  Ерөнхийлөгч төрүүлсэн АН-ын даргын гэдгээрээ  түүнтэй  сүжрэх шалтгаан цөөнгүй байгаа гэлцдэг.  Тэр нь намын гишүүдээ шагнаж урамшуулах, тэгснээрээ гомдсон нэгний гомдлыг тайлах, тэгснээрээ тэдэнд намдаа өртэй мэт сэтгэгдлийг төрүүлэх гэсэн тавилттай арга хэмжээнүүдээс нь   тодоос тод харагдаж байгаа. Яг түүн шигээ бөхчүүдийг намдаа  авсан ч   бодлогын асуудлыг бяраар шийдэхгүй гэж  үзэхээ тэр   мэдэж байгаа нь дамжиггүй.

Үнэндээ АН-ын оффис, ажлын алба, доторх бүрэлдэхүүнийг яг дотор талаас нь харахад дан  С.Эрдэнийн хүмүүс, Нийгмийн даатгалынхан  дүүрчихсэн.  “Баянгол”-ынхны оролцоо ч бас нэлээн дээгүүрт орж  буй.  Ер нь тэд бараг тэр чигээрээ  АН руу нүүгээд оччихсон гэж болно.  Тиймээс АН-ын оффисын өрөө тасалгаа, ажлын болоод арын албанд тэд л жин дарж байгаа юм.  Мэдээж  тэднийг “олон жил хамт зүтгэж байгаа, үнэнч”  гэсэн шалгуураар  шигшиж авсан  нь ойлгомжтой.  Гэхдээ АН ганц С.Эрдэнийн үед ийм байгаагүй л дээ. З.Энхболд,  Н.Алтанхуяг нар ч гэсэн АН-ын бодлогын аппаратыг өөрийн  хүнээр  дүүргэж байсан туршлагатай. Тэдний хэн нь ч  намынхаа наашаа царайтай нөхдийг албан  тушаалд   дэвшүүлж,  заримыг нь аргадаж, заримыг нь шагнаж элдвээр үзэж байгаад Үндэсний бодлогын  хороогоо өөрсдийн  санасан хэмжээнд  бүрдүүлж ирсэн. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ихэнх хувийг  өөрийн хүмүүсээр  бүрдүүлсэн намын дарга ямар ч үед хүчтэй, дэмжлэг сайтай, ёстой нөгөө дуртай цагтаа захиалсан хөгжмөө тоглуулах  эрх бүхий байдаг нь ч нууц биш. Энэ талаараа МАН ч адил. Намын дарга нь Бага хурлын гишүүдээ өнгө мөнгө амлаж, албан тушаалаар шагнаад л гартаа оруулаад   базчихдаг, хүссэн шийдвэрээ гаргуулдаг.  Тэгэхээр улс төр дэх ийм  замаар замнаж ирсэн  байж АН  доторх нэгдүгээр эгнээний хүмүүс үе солигдож буй үйл явцыг мэдэрсэн ч тоолгүй орилж, хашгирч сүйд болж   байгаа нь харьцангуй амиа бодсон хэрэг гэмээр.  Нөгөөтэйгүүр, би л болж байвал боллоо гэсэн биеэ тоолт тэднээс ханхалж байна бус уу.  Хэрэв тэд  намынхаа цэвэрлэгчийг ч гэсэн таниад явж байсан бол өнөөдөр С.Эрдэнэ шиг “Баянгол”, “Нийгмийн даатгал”-аар нэрлэгдсэн нэг биш фракцтай намыг байгуулж чадах байлаа. Гэхдээ тэдний хэн нь ч  ийм баг бүрдүүлж чадахгүй гэдгээ харуулчихсан.  Эргээд харахад тэдний дэргэд М.Энхсайхан  АН доторх арай  том лидер байж уу дээ.  Тэр цөөнгүй удаа  сонгууль  удирдаж ялуулсан, бүгд  түүнээс айж  эмээдэг, дуу  хоолойг  нь ч чих тавин    сонсдог  байж.

Өдгөө АН доторх  орилоон, хашгираан   лидерүүдийн үе солигдох үйл явцыг хүлээн зөвшөөрөхгүй байх тийчлээн удаан үргэлжлэх төлөвтэй байна. Зарим нь нам дотроо засаглахын тулд юу ч хийхээс буцахгүй. Гэхдээ энэ бол С.Эрдэнийн  хувьд аль эрт  үзчихсэн  хуучин кино. Тэгэхээр тэр тоохгүй байх. Тэгээд ч  ойр тойрноо тойрон   хүрээлэгчдээрээ бат шивээлж,  нам нэртэй  цайз үүсгэсэн учир түүний засаглал ч  удаан тогтох биз. Ийм ч учраас одоо “Хохь  чинь,  та нар хүүхдүүдээ яах гэж оруулсан юм. Хүүхдүүд чинь л явж  байг”  гэдэг үгийг Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарт  хөнгөхөөн хэлчихээд  сууж байна шүү дээ.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна