Монголын жирийн иргэн та биднийг найр наадам, амралт зугаалгаар хөдөө гарч, фэйсбүүк орчинд зургаа сэлфидэж, зуны 2 сарыг үдэж байхад УИХ-ын нэгэн гишүүн шударга ёсны төлөө ганцаар дуугарч, ганцаар тэмцсээр хэн хүн санахааргүй амжилтанд хүрчээ. Уншигч та хэний тухай ярьж байгааг гадарлаж байгаа биз.
Өнөөдрөөс яг 2 сар 5 хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дуулиант “60 тэрбум”-ын хэргийг шалгуулахаар АТГ-т УИХ-ын гишүүний албан бланкаар хаягласан бичиг хүргээд сэтгүүлчидэд мэдээлэл хийж байсан. /https://www.youtube.com/watch?v=JJL1jz4o0_4/
Өнгөрсөн хугацаанд ар араасаа цуварсан олон үйл явдлууд өрнөлөө. Түүнийг ингэж хууль хяналтын байгууллагаас шударга ёсыг нэхсэний нь төлөө зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошл орчинд элдвээр буруутгасан. http://dardas.mn/news/pview/2139
Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн шударга ёсны тэмцлээсээ буцсангүй. Бүтэн хоёр сар гаруй хугацаанд зүтгэсэн түүний зүтгэл талаар болсонгүй. Монголын түүхэнд бараг л анх удаа зуны 2 сард амралт, найр наадмыг хойш тавьж, Монголын төрийг “боомилсон” авлига, албан тушаалын ужигарсан, хууль хяналтын байгууллагууд нэг талдаа гарсан “60 тэрбум”-ын гэмт хэрэгтэй тэмцэж тодорхой амжилтад хүрч чадлаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод 8 сарын 20-ны өдөрт багтаан Нэгдүгээрт, “60 тэрбумын хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйх, Хоёрдугаарт, 60 тэрбумын гэх энэхүү хэргийг “эвлүүлэг” гэх үндэслэлээр хаагдсныг хууль хяналтын байгууллагаар дахин шалгуулах хүсэлт гаргах, Гуравдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 60 тэрбум болон бусад шийдэгдээгүй хэргүүдийн талаар сонсгол хийх, мөн АТГ-ын удирдлагуудтай хариуцлага тооцох гэсэн шаардлага тавьсан. Эдгээр шаардлагын хариу болгож УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны 8 сарын 20-нд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хаяглан УИХ-ын гишүүний албан тоот болон түүнийг дагалдуулан МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ирүүлсэн албан бичиг ирүүлжээ.
Тус албан бичигт “Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдон улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байгаа” гэжээ.
Дээрх албан бичгүүдийн агуулгаас харахад хэдийгээр М.Энхболд гэдэг хүн “60 тэрбум”-ын хэрэгт аль болох оролцоогүй, тус хэрэгт нэрийг нь холбогдуулсан гэж мэлзэхийг хичээж байгаа хэдий ч түүний хэлсэн дээрх үг логикийн хувьд тус хэрэгт түүнийг оролцоотой гэдгийг төвөггүйхэн нотолж байна. Товчхондоо тэрээр аль болох “уучлалт гуйхгүйгээр уснаас хуурай гарах”-ыг зорьсон нь аль хэдийнэ түүний хэлсэн үг М.Энхболд гэдэг хүнийг 60 тэрбумын хэрэгтэй холбоотойг илэрхийлжээ. Тухайлбал, тэрээр “60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдон улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна” гэсэн. Ямартай ч тэрээр 60 тэрбумын гэх зохиомол ч бай, болсон ч бай “хэрэгт” нэр холбогдсноо дээрх үгээр өөрөө хүлээн зөвшөөрчээ. Үүнээс болж намын нэр хүндийг унагасандаа харамсжээ.
Яг үнэндээ тэр боловсон байдлаар “Уучлаарай, би 60 тэрбумын тухай ярианд оролцсон” гэж хэлж зүрхлэхгүй байгаа юм. Магадгүй түүний МАН-ын удирдах албанд олон жил ажилласан нэр хүнд, УИХ-ын даргаар ажиллаж байгаа байр суурь, албан тушаал, амбици, бас Монголын ард түмнээс “ичих мэдрэмж” ингэж хэлэхийг зөвшөөрөхгүй байгаа биз.
Эндээс дүгнээд УИХ-ын дарга М.Энхболд “75-аар бууж өглөө” гэж хэлж болох. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн албан бичгүүддээ “УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн төдийгүй Нийслэлийн прокурорын газраас 60 тэрбумын гэх асуудалд дахин хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил явагдаж байгаа юм байна” гэж мэдэгджээ.
Энэ бол том амжилт. Ардчилал өрнөснөөс хойшхи 28 жилийн түүхэнд улс төрийн өндөр албан тушаалтан авлига, албан тушаалд холбогдсон гэх асуудлын төлөө “ХАРАМСАЛ ИЛЭРХИЙЛСЭН” нь хэд билээ.
Албан тушаалтнаас хамааралтай хуулийнхан
Монголын ард түмний дунд олон жил амнаас ам дамжин яригддаг, хууль хяналтын байгууллага албан тушаалтны захиалга, заавраар ажилладаг гэх яриа үнэний ортой гэдгийг М.Энхболд даргын албан бичиг нотоллоо.
Уншигч та санаж байгаа бол “60 тэрбум бол эвлүүлэг” гэж АТГ, Прокурорын байгууллага дүгнэлтээ гаргаж, хэргийг хэдийнэ хаасан байдаг. Энэ тухай НЕП-ын орлогч Ж.Ариунаа жил гаруйн өмнө “….Олон нийтэд тараагдсан бичлэг нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг” гэж хэлж байжээ. http://www.prokuror.mn/a/1748
Тэрээр уг хэрэгт оролцогчдын дуу хоолой мөн биш гэдгийг нягтлахын оронд дуу хоолойд дүрс, текст оруулсан тул эвлүүлэг болжээ” хэмээн хэргийг муйхарлан хаажээ. Харин энэ энэ хэргийг сэргээн шалгахаар болсон. Үүний цаана юу нуугдана вэ? Прокурор Ж.Ариунаа шиг албан тушаалтнууд хэдий болтол ажиллаж, “том” дарга нарынхаа тушаалыг “ёсчлон” биелүүлэх вэ?
Энэ бүхэн ямарваа хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгахдаа улс төрчдийн үзэмжээр, тэдний дохио зангаагаар шийдвэрлэдэг гэж хардахад хүргэж байна. Уг асуудалтай холбогдуулан АТГ, Прокурорын байгууллагын шалгаж, хариуцлага алдсан, бусдын нөлөөнд автаж шийдвэр гаргасан, хуульт ёсыг уландаа гишгэсэн албан хаагчидад хатуу хариуцлага тооцох ёстой.
Хонгилын үзүүрт гэрэл харагдав
Монголчууд бид олон жил шударга ёсны тухай, авлигатай тэмцэх тухай, авлигыг таслан зогсоох тухай, хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай, улс орноо хөгжүүлэх тухай ярьж хэлж, мэтгэлцэж маргалдаж өдийг хүрлээ.
Гэтэл үнэндээ шударга үнэнтэй тэмцэе гэж зориг шулуудсан “УИХ-ын ганцхан гишүүн”-ий бланк хаана хүрч, ямар үр дүнд хүрч болдог юм байна гэдгийг зуны амралтыг ч үл хайхран хичээсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүний өнгөрсөн 2 сарын “зүтгэл” харууллаа. Тэгвэл УИХ-ын 76 гишүүд шударга ёсны төлөө, улс орны хөгжлийн төлөө нэгдэн, нэгэн зорилгын төлөө зүтгэвэл ямар их амжилтанд хүрч болохыг та нэг төсөөлөөд үзээрэй. Хэрвээ УИХ-ын гишүүд нэгдээд ажиллавал авлига, албан тушаалын сүлжээнд баригдсан “төрийг цэвэрлэж”, улс орны хөгжлийг хурдасгах боломжтойг дээрх үйл явдал илэрхийллээ.
УИХ-ын гишүүд та бүхэн тойрогтоо ажиллах нэрээр ядарч зүдэрсэн иргэдээ басамжлан бидон сав, данх шанага, өмд гутал тарааж байхаар УИХ-ын гишүүнийхээ үндсэн эрх үүргээ ухамсарлан ажиллаач гэж хэлэх байна.
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувиар улс оронд үгүйлэгдэж байгаа шударга ёс, эрх зүйт төрийг тогтоох, улмаар улс орноо хөгжүүлэх үйл хэрэгт ухаанаа уралдуулаач та бүхэн. Ядаж хариуцлага алдсан намын гишүүддээ хариуцлага тооцож чаддаг байх нь чухал.
Монголын төрийн албыг “Нарантуул” дээр бараа зарах адил үнэлж зарахаар ярилцаж байсан хэлцэлд байсан “60 тэрбумын автор Ц.Сандуй, А.Ганбаатар, тэдний ярианд оролцсон УИХ-ын дарга М.Энхболд нартай МАН ямар хариуцлага тооцох вэ?
МАН–ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэвэл М.Энхболд нь МАН–ын дүрэмд заасан “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх; Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах; Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх; Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” гэх зэрэг заалтыг зөрчсөн байх тул түүнд хариуцлага тооцох асуудлыг МАН-ын УЗ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Товчхондоо М.Энхболдын улс төрийн цаашдын “хувь заяа” МАН-ын УЗ-ийн 21 гишүүнээс хамааралтай болжээ.
Харин Ц.Сандуйгийн хувьд МАН-ын ХЕХ-ны зүгээс дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэний зэрэгцээ МАН-ын дүрэмд заасан тухайн гишүүнд улс төрийн хувьд дэмжлэг үзүүлэх, намаас санал болгож сонгогдож, томилогддог аливаа албан тушаалд нэр дэвшүүлэх, эрхэлж ажиллаж байгаа албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаас тодорхой хугацаагаар татгалзуулж хариуцлагыг тооцохоор болсон бол
А.Ганбаатарын хувьд МАН-ын дүрэмд заасан эдгээр хариуцлага дээр нэмээд түүний гаргасан зөрчлийн асуудлыг нь аймаг, нийслэлийн намын хяналтын хороо хянан шалгаад нотлогдсон тохиолдолд дүгнэлт гарган тухайн шатны намын хорооны тэргүүлэгчдэд танилцуулна. Намын хорооны тэргүүлэгчид дүгнэлтийг үндэслэн тухайн намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргана гэсэн дүрмэнд заажээ. Өөрөөр хэлбэл А.Ганбаатарыг МАН-аас “хөөх асуудлыг” Нийслэлийн МАН-ын хороонд даалгасан гэсэн үг юм. /Намын дүрмийг ЭНД ДАРЖ уншина уу/
Ийнхүү олон жил ёлтойсон хонгилын үзүүр дэх гэрэл тодорч Монголын төрд, эрх баригч МАН-д шударга ёсны салхи сэвэлзэж эхэллээ. Энэ салхийг эхлүүлсэн УИХ-ын залуу гишүүн Л.Оюун-Эрдэнэд бид талархах учиртай. Түүний эхлүүлсэн шударга ёсны сэвшээ салхийг УИХ-ын эрхэм гишүүд, төрд ажилладаг зарчимч албан хаагчид, ард нийтээрээ даган сэвцгээх шаардлагатай байна.
Ц.Мөнх Өглөө.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна