Сайн сургууль хүний бүх насны амьдралыг өөрчилдөг

2018/08/22

Бүх эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд оруулж мэргэжил эзэмшүүлэхийг хүсдэг. Хамгийн шилдэг нь биш юм аа гэхэд хувийн сургуульд ч болтугай оруулахыг боддог. Тэгвэл энэ талаар “Алдартай сургуульд орсны дараа хүмүүсийн хоорондын ялгаа хүн-нохойн ялгаанаас ч их байдгийг ойлголоо” гэх хятад хэл дээрх нийтлэлийг энэ амралтын өдөр та бүхэнд сонирхуулахаар бэлдлээ. Бээжинд төрж өсөн, АНУ-д их сургуулиа дүүргээд одоо "Wall street"-д ажилладаг хятад хүний бичсэн нийтлэлийг хүлээн авна уу. 

“Их сургуульд сураад ч яадаг юм? Бээжингийн их сургууль төгссөн хүн гахайн мах зарж, Цинхуа төгссөн хүн манаач хийгээд л явж байна даг. Хэн ч байсан бүгд доороос эхлэх нь тодорхой. Манай компанид ажилд орсон хүмүүс дунд тэр лаг сургуулиудыг төгссөн гарууд байна л даа. Томыг мөрөөдсөн мөртлөө олигтой ялгагдаад байгаа юм харагдахгүй л байна даг. Харин ч тусгай дээд боловсролтой хүмүүс илүү найдвартай үүрэг даалгавар асуудалгүй гүйцэтгэх юм” хэмээх хүмүүсийн ярихтай олон ч удаа таарч байлаа. Энэ төрлийн яриаг сэтгэл судлалын үүднээс “Исгэлэн үзмийн сэтгэл зүй” (Жинхэнэ калькан орчуулга) гэж мэргэжилтнүүд нэрлэдэг билээ.

Би Бээжинд төрж өсөөд, улсын энгийн нэгэн сургуульд сурч, санаа зовох зүйлгүй хүүхэд насны гэгээн бодлоор бүтэн 6 жилийг зугаацаж өнгөрүүлсэн юм. Харин дунд ангид орохдоо сохор азаар Бээжингийн томоохон нэртэй дунд сургуульд орсон. Ингээд тэр айхтар онц сурдаг, мундаг хүүхдүүдийн хөлд чирэгдээд өөрийгөө үнэхээр "00-н ногоон тэг" юм байна аа гэдгийг мэдэрч эхэлсэн юм.

Сайн сургууль хүүхдэд хэрхэн хичээж хөдөлмөрлөх, тууштай шаргуу байхыг зааж өгдөг.

Анх тэр сургуульд ороод л өөрийгөө бүтэн 6 жилийн хугацааг хий дэмий үрсэн болохоо ухаарсан юм. Миний англи хэл гэж цагаан толгойн 26 үсгээс цаашгүй англи хэлээр уншина гэж 3–4 настай хүүхдээс долоон дор амьтан байлаа. Харин миний ширээний найз англи хэлээр ярих сонсох дээр ямар ч асуудалгүй, бүр орчуулгагүй кино үзэж, англиар хов баздаг охин байсан юм. Тэрээр бага сургуульдаа англи хэл дээрх “Charlotte’s web” “To kill a mockingbird” зэрэг сонгодог зохиолуудыг бүгдийг нь цээжилчихсэн байв.

Математик, хэл шинжлэл, физик, хими гээд аль ч хичээл дээр онц сурлагатнуудад нуга даруулна. Миний хойно суудаг хүү дунд ангидаа ахлах сургуулийн хичээлийг үзээд дуусчихсан учраас бие дааж дээд сургуулийн дээд математик, дифференциаль үздэг нөхөр байв. Уран зохиолын хичээл дээр манай ангийнхны түвшин эртний хятадын сонгодог зохиолуудыг бага ангидаа л уншаад дуусгачихсан. Эртний хэллэгээр яруу төгөлдөр бичиж чаддаг байсан юм.

Ахлах сургуульд байхад ангийн дарга манай сургуульд сурдаг астрономи буюу одон оронд сонирхолтой нэгэн хүүгийн талаар ярьж өгч билээ. Тэрээр өдөр бүр сургуулийн одон орны дурангаар од ширтэж, туршилт хийдэг хүү байсан юм. Хятадад ч төдийгүй, олон улсад одон орны чиглэлээр олон судалгаа нийтэлж, түүний одон орны шинжлэх ухаанд оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан ажээ. Тиймээс олон улсын астрономийн холбоо түүний нэрээр нэгэн одыг нэрийдэхээр болсон гэдэг. Тэрээр 16 настай л байсан юм даг.

Өмнө нь өөрийгөө мундаг сурдаг гэж боддог байсан хүн дунд сургуульд орсныхоо дараа бидний хооронд ямар их ялгаа байгааг ойлгож, тэднийг гүйцэхийн тулд ямар их хөдөлмөрлөх ёстойгоо ч ухаарсан юм. Азаар сургуулийн дотуур байранд амьдардаг байсан тул мундаг сурлагатнууд 24 цагийн турш ямар шургуу хичээллэдэг болохыг ойроос харах завшаан тохиосон.

Орой гэрийн даалгавруудаа хийдэг үү? гэж үү. Тэд гэрийн даалгаврыг хичээлийн завсарлагаанаар л хийчихдэг байсан юм. Тэгсэн ч манай сургуулийн бүх сурагч (олон улсын олимпиадад оролцдог болон бие дааж их сургуулийн хичээл үздэгээс бусад) орой бүр хичээл хийгээд л суудаг байв. Миний сурдаг оройн давтлагын ангид онц сурдаг хэдэн хүүхдүүд байдаг байсан. Өдөр бүр өнөөдөр үзсэн хичээлээ дахин нягталж, маргаашийн үзэх хичээлүүдээ урьдчилж бэлдэнэ. Мөн орой болгон аль нэг хичээл сонгоод тухайн хичээл дээр өнөөдөр орсон хичээлийн агуулгын дагуу хичээлээс гадуур дасгалын 5–6 номын бүх дасгалуудыг хийж дуусгадаг байж билээ. Бүр үлгэрийн юм шиг хурдан хийнэ гээч. Намайг нэг номын дасгалыг арай хийж дуусгаж байхад 5–6 номыг хийгээд дуусгачихсан байдаг байсан. Манай ширээний найз дасгалуудаа хийж дуусгачихаад чөлөөт цагаараа эртний хятад сонгодог зохиолуудыг англи хэл рүү, англи америк зохиолуудыг эртний хятад хэл рүү орчуулдаг байв. Тэр охин ахлах сургуулиа төгсөөд Принстоны их сургуульд орсон юм.

Сайн сургуульд орсныхоо дараа л хичээл зүтгэлгүйгээр амжилтад хүрдэггүй. Хэзээ ч сохор азаар амжилтад хүрнэ гэж байдаггүй. Чиний хийсэн жижиг хичээл зүтгэл бүр чинь хожим үнэлэгддэг юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон юм.

Өөрийн гэсэн ертөнцийг харах үзэлтэй болоход сайн сургуулиуд тусалдаг

Намайг дунд сургуульд байхад интернет одоогийнх шиг ингэж хөгжөөгүй байсан. Тиймээс ч Америкийн их сургуульд сурах ямар байдаг талаар ямар ч мэдээлэл, төсөөлөлгүй байсан юм. Миний хажуу талын орон дээр унтдаг онц сурлагатан охин Дэлхийн хоёрдугаар дайны түүхүүдийг шимтэн уншдаг нэгэн байсан бөгөөд Америкийн цэргийн академид сурах мөрөөдөлтэй байв.

Учир нь “Америкийн цэргийн академи”-аас АНУ-ын хамгийн олон жанжин төрсөн, мөн дэлхийн санхүүгийн 500 шилдэг лидер болон 1000 гаруй группийн ерөнхий захирал 2000 гаруй гүйцэтгэх захирал 5000 гаруй удирдах түвшний ажилтан бүгд энэ сургуулийн төгсөгчид байдаг. Дэлхийн ямар ч сайн бизнес удирдлагын сургуулиас ийм олон захирал, удирдагч төрж байгаагүй" гэж билээ. Би түүний хүсэл мөрөөдөл ийм тодорхой байгаад бүр гайхшралд орж, өөрийн мөрөөдлийг ч мөн удирдлага болох гэж тодорхойлоод түүнтэй адил Америкийн цэргийн академид бэлдэхээр шийдсэн юм. Хүүхэд хоорондын нөлөөлөл ямар их байдгийг эндээс харж болно.

Энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэр охинтой хамт дэлхийн хоёрдугаар дайны түүхийн тухай дэлгэрэнгүй бичсэн 10 гаруй боть ном, хоёрдугаар дайнтай холбоотой бүх киног үзэж дуусгасан. Бид цэргийн сургуульд орохыг зорьсон тул өдөр бүр 1200 метр гүйж, хэдэн зуун шатаар дээш гүйх дасгал хийж, 100 удаа гэдэсний таталт хийдэг байв.

Би ангийнхаа хамгийн муу англи хэлтэй сурагч нь байсан тул өдөр бүр олон янзын нийтлэл гурваас дөрвийг цээжилж, өвөл зуны амралтаа ашиглан сонгодог зохиол бүрийг багадаа 10 удаа уншсан юм. Энэ бүхэн үр дүнгээ өгч ахлах ангид элсэх жилийн англи хэлний шалгалтандаа дүүргийн хэмжээнд эхний байранд орж байсан.

Манай сургууль Цинхуа, Бээжин их сургуулиас холгүй учир сонгодог англи хэлний номын дэлгүүрүүд ойр хавьд олон байв. Тиймээс бид номуудаа хоорондоо солилцон уншдаг байсан. Дэлхий санхүү эдийн засгийн төв болох "Wall street"-ээс эрхлэн гаргадаг өдөр тутмын сонин хэвлэл болон “Экономист” сэтгүүл, “Эдийн засгийн глобалчлал”-тай холбоотой номуудыг уншдаг байсан юм.

Хэдийгээр би эдгээр номыг ойлгодоггүй байсан ч идэж уух, өмсөж зүүх зүйл авснаас хамаагүй чухал санагддаг байсан тул худалдаж авч цуглуулдаг байсан билээ. Хэдэн жилийн дараа "BBC"-гийн “50UP” баримтат киног үзэж байхдаа тухайн үед худалдаж авсан хугацаа нь дууссан сонинуудаа санасан юм. Тухайн кинонд 14 хүний 50 жилийн амьдралыг харуулжээ. Чинээлэг гэр бүлд төрсөн долоон настай Жон Андрю өдөр бүр “Санхүүгийн өдөр тутам” “Ажиглагч” (Observer) гэх мэт сонин уншдаг бол ядуу айлын хүүхэд хэрхэн бага загнуулж, зодуулахгүйгээр цатгалан хонох вэ л гэж боддог.

50 жилийн дараа чинээлэг англи гэр бүлд төрсөн хүүхэд сайн сургуульд орж, сайн ажил хийх бол энгийн гэр бүлд төрсөн 3 хүүхэд тутмын 1 нь амжилтад хүрч, нөгөө 2 нь энгийн ажилчид болдог. Харин ядуу гэр бүлд өссөн хүүхэд болон түүний үр хойч тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй насыг бардаг.

Би 10 настай байхдаа Морган Станлэй (Morgan Stanley)-тэй адил амжилттай явахын тулд өөрийн англи нэрийг Stanley гэж оноосон юм. Энэ шийдвэрт миний сайн найз нөлөөлсөн.

Тэр найз маань их сургуульд байхдаа англи хэлээ сайжруулан, санхүүгийн зах зээлийн ойлголттой болохын тулд өдөр бүр "Wall street"-тэй холбоотой судалгаа нийтлэл уншиж, хуулж бичдэг байлаа. Тэрээр нийтлэлээ эхний удаа уншаад өөрийн үгээр болгож бичээд, дараа нь дахин уншихдаа нийтлэлд орсон мэргэжлийн үгнүүд ашиглан ахин нэг удаа өөрийн үгээр бичдэг байв. Өнгөрсөн жил тэрээр "Goldman Sachs"-аас гараад дэлхийн хамгийн том хувийн хувьцааны компани болон "Private Equity"-д хамгийн залуу, хамгийн анхны ази захирлаар орсон юм. Одоо түүний жилийн цалин хэдэн зуун мянган америк доллараар үнэлэгддэг билээ.

Бас миний ой тооноос гарч чаддаггүй нэг зүйл гэвэл ахлах ангид ороход хоёр найз минь сургуулийн номын санд сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн юм. Тухайн үед би дотроо номын санд сайн дурын ажилтан хийхээр долоо хоног бүр номын сан сахиж суух юм биш үү? Хүсэхээр зүйл хаа байна гэж бодоод өнгөрөв. Харин дараа нь өөрийнхөө ямар тэнэг болохыг ойлгосон юм даа. Тэр үед ахлах ангийн хүүхэд номын сангаас 2 ном л авах эрхтэй байв. Харин номын сангийн сайн дурын ажилтан 5 ном авах эрхтэй. Би ахлах сургуульдаа өөрийн хайран хугацааг дэмий үрсэн учраас тийм ч олон ном уншиж чадаагүй юм. Харин энэ хоёр найз маань баасан гариг бүр цүнхээрээ дүүрэн ном чихэж аваад харьдаг байв. Тэд 8–9-р ангидаа сургуулийн бүх номыг уншаад дуусгачихсан байж билээ. Ахлах сургуулиа төгсөөд нэг нь Бээжингийн их сургуульд нөгөө нь Цинхуад орсон юм. Харин бакалавраа төгсөөд Бээжингийн их сургуульд орсон охин Принстоны их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Хятадын хүрээлэн буй орчны томоохон судлаач мэргэжилтэн болсон бол Цинхуад орсон нь Харвардад доктор хамгаалж, АНУ-д томоохон их сургуулийн багш болсон.

Сайн сургуульд орсноор бид өөрсдийн гэсэн харах өнцөгтэй болж, мундаг хүмүүсийн ялгааг ойлгож, тэнд хүрэхийн төлөө зүтгэж хөдөлмөрлөх ёстой гэдгийг ухаардаг билээ.

Сайн сургууль сурагчдад сурах хамгийн чухал биш гэдгийг ойлгуулдаг.

Конкурсаа олигтой өгч чадаагүйгээс би сайн сургуульд орсон ч хүссэн ангидаа орж чадаагүй юм. Тэгээд "TOEFL", "SAT"-д бэлдээд АНУ руу явж сурахаар болсон. Очоод бүх хичээл дээрээ онц аван, дөрөв голчтой төгсөөд, Оксфордод магистр хамгаалан "Wall street" юм уу Цахиурын хөндийд ажилд орно гэсэн зорилготой явлаа.

АНУ-н их сургуулийн хаалгаар ороод л миний бодол орвонгоороо өөрчлөгдсөн юм. Тэндэхийн их сургуульд оюутнууд дэлхийг өөрчлөөд завгүй байлаа. Нэгэн ядуу тосгоноос гаралтай докторт сурдаг оюутан АНУ-ын номын сангууд хуучин номнуудаа 1 тонныг нь 1 центээр зарж байхыг нь хараад өөрийн тосгондоо бяцхан номын сан барьж, унших ч номгүй багачуудыг ном унших газартай, номтой болгосон юм.

Гадаад оюутнууд гэр лүүгээ ярихад зардал өндөртэй байдаг учир манай дээд ангийн ах хямдхан ярьж болдог утасны карт гаргасан байлаа. Тухайн үедээ 3-р курсын оюутан байсан түүний сарын орлого 1 сая америк доллар байв. Би ч бас түүний картыг ашиглаж гэрийнхэнтэйгээ ярьдаг байсан юм.

Хятадад иддэг ногоо АНУ-ын дэлгүүрүүдэд зардаггүй. Тиймээс оюутнууд хятад ногооны супермаркет нээж байв. Мөн гэртээ байгаа мэт мэдрэмжийг нь төрүүлэхийн тулд олон хятад цайны газрууд ч нээгдэж байв. Түүнчлэн хятадууд АНУ-д аялах гэж их ирдэг тул аяллын компани ч байгуулсан оюутнууд байлаа.

Бизнес эрхэлдэг зарим оюутнууд өөрсдийн сургалтын төлбөрийг олохоос гадна гэрийнхэндээ мөнгө явуулдаг байв. Эндээс л би энгийн нэг ажилтан биш дэлхий ертөнцийг өөрчлөх, бусдад туслахад өөрийн хувь нэмрийг оруулах нөлөө бүхий хүн болох ёстойгоо ойлгосон юм. Их сургуульд байхдаа, би эдгээр найзуудынхаа нөлөөгөөр олон ч цагийн ажил хийж, өвөл зуны амралт бүрээрээ дадлага хийдэг байв.

Сайн сургууль сурагчдад хамгийн сайн найз, ойр тойрны хүрээллийг үүсгэдэг

Ямар ч сургууль хүний дээд хязгаарыг биш, доод хязгаарыг тогтоож өгдөг. Сурагчдад сургуулийн босго алхах эрх өгснөөр найз нөхөд, танилын хүрээг ч мөн өгдөг. Би сургууль найзуудынхаа тусламжтайгаар энэ хүрээллээсээ л эхний ажлаа олж, 10 насныхаа мөрөөдлийг биелүүлж "Wall street"-д ажилд орсон билээ.

Олон хүн Иелийн их сургуулийн “K of C” нийгэмлэгийн талаар сонссон байх. Чухам эндээс л АНУ-ын гурван ерөнхийлөгч, хоёр дээд шүүгч, тоо томшгүй засгийн газрын болон парламентын гишүүд төрсөн юм. 185 жилийн түүхтэй энэ нийгэмлэг л АНУ-ын парламент, засгийн газрыг авч явдаг гээд хэлчихэд хилсдэхгүй. Энэ чинь л ойр хүрээллийн хүч юм шүү дээ.

Тухайн үед Бээжингийн их сургууль төгсчихөөд гахайн мах зарлаа хэмээн олон хүний доог болж байсан нөхөрт ангийн найз нь хамтрах санал тавьж, өдгөө хятадын хамгийн том гахайн махны брэндийг удирдаж байна.

Сургууль чиний ойр хүрээллийг бүрдүүлэхээс гадна, гэрлэлтийг чинь хамгийн ашигтай байхаар шийдэж өгдөг. Конкурс өгөхөөс өмнө ээж минь ямар сургуульд орно тэндээсээ л эхнэр авна шүү дээ. Сайн сургуульд орохын төлөө хичээдэг юм шүү гэдэг байж билээ. Нөгөө эрт дээр үеийн эмэгтэй нь эр хүнээсээ доогуур байх гэдэг үзэл бүр үеэ өнгөрөөснийг 2016 оны гэр бүл хөгжлийн тайлан тод харуулж байна. Тодруулбал, 1980 оноос эхлэн өөртэйгөө адил боловсролтой хүнтэй гэрлэх хандлага тогтмол эрчимтэй өсөж байгаа ажээ. Манай найзууд дунд ч гэсэн нэг нь Бээжингийн их сургууль төгссөн бол нөгөөх нь Цинхуа төгссөн хосууд олон байдаг.

Мэдлэг чиний ертөнцийг өөрчилж, үзэл бодол чинь чиний хандлагад нөлөөлж, хандлага чинь чиний нэг насны амьдралыг тодорхойлдог юм. Энгийн бүхэн үнэтэй гээд өөрийнхөө нэг насныхаа амьдралыг дэмий битгий үрээсэй гэсэндээ энэ бүхнийг бичлээ.

Энэ дэлхийд зарим хүн өдөр шөнөгүй зүтгэж байхад, зарим нь өглөө босоод л дэлхий ертөнц өөрчлөгдсөн байгааг мэддэг. Их сургуулийн оюутан бүр сурагч байсан. Сурагч бүр хүүхэд байсан. Дунд сургууль л бидний ирээдүйд хэн байхыг тодорхойлдог юм шүү.

Алдартай сургуульд ороод л болчихдог юм биш. Орж чадаж байна аа гэдэг чинь чиний өчнөөн жилийн чинь хөдөлмөр. Мөн шинэ замналын чинь эхлэл байдаг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна