Бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчих шаардлагыг тавин ажиллаж байна

2018/08/27
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан иргэдийн зорчих эрэлт байнга нэмэгдэж байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлсэн билээ. 
 
Энэхүү зохицуулалтыг хийснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус ажиллахаар болж байгаа юм. Түүнчлэн шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллаж байна. Ийнхүү автобуснуудын тоог нэмэгдүүлж зохицуулалт хийснээр автобус хоорондын хугацаа богиносож хот доторх автобусны хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-8 минут болжээ.
 
Түүнчлэн зорчих хөдөлгөөн ихэсч буйтай холбоотойгоор картаар үйлчлүүлэх нөхцлийг нэмэгдүүлэхийн тулд  энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ны өдрийг дуустал Нийслэлийн тээврийн газар, “Сити баз консалтинг” ХХК, “Улаанбаатар смарт карт” ХХК зэрэг газрууд хамтарсан байдлаар зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийн ажиллаж байна. 
 
Нийтийн тээврийн салбар смарт картын үйлчилгээнд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд бэлэн мөнгөөр зорчих буюу жолоочид өгөх зөрчлүүд гарсаар байгаа юм. Тиймээс бэлэн мөнгөөр нийтийн тээврээр зорчих бус зөвхөн картаар зорчих шаардлагыг зорчигчдод тавин ажиллаж байгаа юм байна.
 
Дашрамд дуулгахад, нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 10 мянган  төгрөгөөр торгох хуулийн заалттай юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна