Ирландын Дублин хотоос гаралтай “Стамфорд” сүлжээний бизнест манай улсын 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөг луйвардаад байгаа талаар мэдээлсэн билээ.
Хоёр жилийн өмнө буюу 2016 онд Ирланд улсад сүлжээний бизнес, луйвар болох нь тогтоогдож байжээ. Тус сүлжээний бизнесийг Монголд хэрэгжүүлж, иргэдийн луйвардсан хүн бол Оросын иргэн Eвгeний Пeрсов юм байна.
Тэрбээр энэ сарын дундуур баригдаж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байна.
Түүнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаад, Туушин зочид буудлаас барьж авчээ. Түүнчлэн хоёрдугаар эмнэлэгт байхад нь Оросын Элчингийн машин очиж аван, байцаалт өгөх өдөр нь цагдаагийн байгууллагын гадаа буулгасан байна.
Тус луйвар нь манай улсад одоогоос жил гаруйн өмнө “Stamford” хөрөнгө оруулалтын компани гэх нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэд Казакстан улсаар дамжин Оросоос манай улсад орж ирсэн байна. Энэ луйвар нь хоёр төрлөөр ялгардаг. “Abba” нь босго өндөртэй учир монголчуудад “Stamford” нь илүү тохиромжтой хэмээн зөвлөөд, иргэдийг элсүүлдэг байжээ.
Хамгийн гол нь сүлжээ гэж хэлэлгүй, хөрөнгө оруулалтын томоохон компани гэж тайлбарлаж ойлгуулжээ. Манай улсын цагдаагийн газарт баригдан байцаагдаж буй Евгений Персов нь Европт төвтэй “Abba” гэх компанийн захирал цолтой юм байна.
Хохирогчдын хэлж буйгаар Монголын талаас Бат-Эрдэнэ, Баттулга гэх хоёр хүн “Stamford”-ийн талаар аккаунтаа хэрхэн яаж нээхээс эхлээд маш олон цуврал хичээл онлайнаар заажээ. Эдгээр хүмүүсийн хичээл болгон иргэдэд итгэл төрүүлэх үндэс суурийн нэг болсон аж.
Мөн Алтансувд гэх ч эмэгтэй байгаа бөгөөд түүнийг барьж цагдан хорихыг олон хохирогч хүсч буй.
Энэ сүлжээний бизнесийн толгойлогчид Монголд хэд хэдэн газар байрлах оффист үйл ажиллагаагаа явуулдаг байсан ажээ. Тухайлбал, “Rokmon building” барилгын 203 тоот, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд, “Бодь” даатгал дотор гэх мэт нэлээн олон газар оффистой байжээ.
Хохирогчдын дунд 10 мянган доллараар элссэн, цалин зээл авч, машинаа зараад найман төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа юм.
Тэдний хэлж байгаагаар “Маш олон гишүүн хөрөнгө оруулалт хийснээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж элссэн, хүн бүрт ашгаа өгнө” гэх итгэл найдварын үндсэн дээр мөнгөө даатгаж өгчээ.
Мөн доороо хүн элсүүлвэл илүү их ашигтай байдал бий болно гэх нөхцөл тавьсан аж. Хохирсон иргэд Евгений Персовоор дамжуулан Оросод байгаа хамгийн том удирдагч буюу толгойлогчийг нь илрүүлээд өгчихөөсэй хэмээн хүсч байна гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна