Миний мэдэх Хөдөлмөрийн дээд сургууль

Өчигдөр 16 цаг 00 минут
УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн ерөнхийлөгч, ХДС-ийн анхны захирал асан, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, хүмүүнлэгийн ухааны академийн академич Н.СОДНОМДОРЖ
 
МҮЭ-ийн сургалтын төвийн захирал байсан доктор С.Баатар 1993 оны 10 сард намайг МУИС-д ажиллаж байхад уулзан “Хөдөлмөрийн дээд сургууль байгуулмаар байна, МҮЭ-ийн холбоо шийдээд байгуулъя гэхээр эрх зүйн хувьд боломжгүй гээд БШУЯ халгаахгүй байна. Хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, доцент, мэргэшсэн хүн таныг Хөдөлмөрийн дээд сургууль байгуулах албан ёсны зөвшөөрөл авах ажлыг хөөцөлдөж шийдүүлэн захирлаар нь ажиллахгүй юу гэж урьж байна” гэлээ. Би тэгэхэд МУИС-д хөдөлмөрийн эдийн засгийг анх удаа хөөцөлдөн нээлгэж мэргэжлийн болоод ангийн багшаар ажиллаж байсан болохоор өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд 18 жил багш, эдийн засгийн сургуулийн орлогч захирал, МУИС-ийн эрдэм шинжилгээ аспирантурын эрхлэгчээр ажиллаж байсан төрөлх сургуулиасаа явах нь надад амаргүй байсан ч “За” гэж С.Баатар багшид хэлсэн юм. 
 
Ингээд 1993 оны 11 сард МҮЭ-ийн Холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар миний бие орж ХДС байгуулах үүрэг даалгавар авсан билээ. Үүнээс 2 сар орчмын дараа БШУЯ шаардлага хангасан материал бүрдүүлсэн гэж үзээд сайд С.Төмөр-Очир тушаал гарган Хөдөлмөрийн дээд сургууль байгуулах албан ёсны шийдвэрийг өгсөн юм. Сургуулийн анхны захирлаар мэргэжлийн багш намайг томилсон шийдвэрийг мөн гаргасан билээ. Энэ үеэс захирлын ажилдаа орж байлаа. 
 
Эдүгээ 25 жил өнгөрч ойн баяраа тэмдэглэж байгаа нь МҮЭ-ийн холбооны үе үеийн удирдлагын дэмжлэг, ялангуяа захирал дэд профессор  Г.Баярмаагийн хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. 
 
Миний бие 1993-2000 он ХДС-ийн захирал, 2004 оноос 3 жил шахам МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч гээд бүтэн 10 жил МҮЭ-ийн холбоо, түүний харъяа сургуулийн захирлаар ажилласан байна. 
 
ХДС-ийн захирлын ажлыг аваад МҮЭ-ийн холбооний эрдэм шинжилгээ, сургалтын төвийн байрны 3 давхарт нэг өрөөнд сууж, унаган орос, герман хэлтэй МУИС-ийн ҮЭ-ийн хорооны дэд дарга байсан, Германд ҮЭ-ийн хөдөлгөөний дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, шударга А.Оюун багшийг хичээн гуйж өөрөөсөө гадна хоёр дахь ажилтнаар тус сургуульд авч ажиллуулж билээ. Тэрээр хожим сургалт хариуцсан орлогч захирал, дэд профессор болсон юм. 
 
Бид энэ сургуульд хоёргүй сэтгэлээр мөн ч эрч хүчтэй ажиллаж байжээ. Миний бие 2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо захирлын энэ эрхэм ажлаа нэр төртэй хүлээлгэн өгснөөс хойш орж гарах нь тун ховордсон байна.  
 
Хөдөлмөрийн дээд сургуульд ажиллаж байх хугацаандаа “Орчин үеийн хөдөлмөрийн эдийн засаг” нэртэй их дээд сургуулийн багш, оюутнуудад зориулан гаргасан анхны сурах бичгийг бичиж хэвлүүлэн, “Хөдөлмөр, хүн ам зүйн асуудал” бүтээлийг англи, монгол хэл дээр гаргаж, ХДС-ийн “Хөдөлмөрийн зах зээлийн асуудал” эрдэм шинжилгээний бүтээл №1-ийг анх удаа редакторлан хэвлүүлж, сургуулийг эрдэмжүүлэх их ажлын эхлэлийг тавьж байв.  Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны асуудлаар улсын хэмжээний онолын бага хурлыг анх удаа зохион байгуулан, нэрт эрдэмтэн доктор П.Нэргүй, доктор Ц.Даваадорж, доктор Т.Дорж, Ши.Батбаяр нар орж илтгэл тавьж хэлэцүүлэн, төвийн хэвлэлүүдээр мэдээлэл гарч, хурлын зөвлөмжийг тэр үеийн гол хэвлэлүүдэд нийтлэж байв. Мөн тэр үед Норвегийн хүүхдийг ивээх сангийн “Хүүхдийн хөдөлмөр”, ОУХБ-ын “Хүүхдийн хөдөлмөрийг арилгая”, НҮБ-ын төслөөр “Хүний хөгжил-1999” зэрэг олон улсын төслүүдийг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгч байсан. 
 
1995 онд Монголын их, дээд суруулиудын консерциумын гишүүнээр төрийн өмчийн бус сургуулиудаас анх удаа Хөдөлмөрийн дээд сургуулийг элсүүлсэн нь тэр үедээ ихээхэн анхааарал татсан үйл явдал болж байв. 
 
Манай сургуулийн волейболын эрэгтэйчүүдийн баг Эрдэнэт хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч, эмэгтэйчүүдийн баг 2 удаа улсын лигийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, манай сургуулийн оюутнуудын төлөөлөл 8 оюутан Японы волейболын шүүгчдийн сургалтанд хамрагдан Х.Мөнхбаяр улсын шилэгдмэл шүүгчээр 3 удаа шалгарч байв. 
 
ХДС-ийн эрдэмтэд, урлагийн тоглолтын бүрэн бүрэлдэхүүн, сургуулийн волейболын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг нийлсэн 70 гаруй хүнтэй баг Дархан, Эрдэнэт, Булган аймагт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 2 цагийн урлагийн тоглолт хийж, волейболын аймаг хотуудын шигшээ багуудтай уулзалт тоглолтыг хийсэн нь сургуулийг алдаршуулж байв.  
 
1995 онд их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг байсан “Дэвжээ” тэмцээнд Хөдөлмөрийн дээд сургууль МУИС болон ТИС-ийг ялж тэргүүлсэн нь улс орон даяар анхаарал татсан үйл явдал болсон юм. 
 
1998 онд Увс аймгийн анхны дээд сургууль болох ХДС-ийн Увс аймаг дахь салбар сургуулийг байгуулж, өдгөө 800 гаруй төгсөгчидтэй болж, 2013 онд баруун бүсийн их дээд сургуулиудын “наадам”-д тэргүүн байр эзэлж байсан нь тус сургуулийн захирал Ц.Лумжавын хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. 
 
ХДС-д Эрхүүгийн улс ардын аж ахуйн академийн ректор, Хөх хотын их сургуулийн захирал, АНУ-ын Юта мужийн “Олон улсын харилцааны сургууль”-ийн захирал, Сингапурын хөдөлмөрийн институтын төлөөлөгчид сургууль хоорондын гадаад харилцааг хөгжүүлсэн юм. Хөх хотын их сургууль, Москвагийн хөдөлмөрийн харилцааны сургууль, Улан-Үдийн Технологийн их сургуульд тус сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлсэн болно. Бүр 1997, 1998 онд Улан-Үдэд болсон олон улсын их дээд сургуулиудын эмэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнээс ХДС-ийн баг тэргүүн байр эзэлж алтан медаль, шилжин явах цомыг 2 удаа хүртэж байсан юм. Энэ бүхэн нь тус сургуулийн алдар хүндийн оргилуудын нэгээхэн хэсэг нь байлаа. 
 
Миний үед ХДС-ийн үндсэн багшаар шинжлэх ухааны доктор \ScD\ А.Нямаа, доктор С.Баатар, Б.Бэхтөр, Л.Лханям, дэд профессор А.Оюун, Р.Лхагвасүрэн, Б.Нансалмаа, Д.Ариунтунгалаг, С.Мөнхзул, Ц.Болормаа, Х.Чинзориг, Ч.Нямсүрэн, Ж.Элбэгзаяа, Ө.Ариунтуяа, Ц.Оюунсүрэн, С.Ганзаяа, Ц.Цэрэнлхам болон англи хэлний багш нар болох Пэт Колонна \АНУ\, Зара Мозафири \Канад\, Мери Мастерс \АНУ\, доктор, профессор О.Госет \АНУ\, мөн цагийн багшаар сургалтын төвийн захирал доктор, профессор Д.Цэндээ, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Нармандах, манай ерөнхий нягтлан бодогч Цэрэндулам, номын санч Болормаа, сургалтын албаны Г.Халиун, Л.Одгэрэл, Д.Алтанцэцэг, А.Солонго, дежур Одроов, Лувсандагва, Ойдов нар ажиллаж байсан юм. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ, ХДС-ийн нэр хүндийг бий болгож, хөгжилд хөтлөгч хүч нь болж байсныг онцлон тэмдэглэж баярын мэнд хүргэе. Зарим нэрийг орхисон байж магад тул дараагийн удаа нэмж оруулна.
 
Тус сургуулийн төгсөгчдийн дундаас МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч, ХДС-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, аймаг, салбарын хороодын дарга, сонгуультнууд төрөн гарсан нь энэ сургуулийн нэр төр, бахархал билээ. 
 
Манай төгсөгчдөөс хөдөлмөрийн болон хүн ам зүй, нийгмийн хамгааллын яаманд  газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь ч бас л бидний бахархал юм. Манай сургуулийг төгссөн, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа бүх шавь нартаа чин сэтгэлээс баярын мэнд хүргэж, урт удаан, аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна