Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой

2018/11/07

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны санал дүгнэлтийг танилцуулав. Дэд хороо болон байнгын хороод УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Үүний дараа гишүүд асуулт асууж хариулт авав.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэг намынхан байж яагаад байнгын хороог хаалттай хуралдуулсан юм бэ. Бүлэг дээрээ шийдсэн юмаа байнгын хороогоор оруулж жүжиглэх хэрэг байсан юм уу. Ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүн холбогдсон гэсэн. Тэдний нэрийг зарлаач. Тэднийг мөнгө угаасан гээд байгаа.

Намын даалгавар өгсөн гол хүмүүсийг шалгахгүй гүйцэтгэгчийг нь шалгаад байх юм. Чиглэл өгсөн хүмүүсийг нь шалгах уу?

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Дэгийн хуулийн дагуу хаалттай горимоор хэлэлцэнэ гэсэн санал гаргасан бол санал хураалт явуулаад хэлэлцэнэ. Өчигдөр байнгын хорооны гишүүнээс тийм санал гарсан”

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Гишүүний саналаар санал хураалт явуулж хаалттай явуулсан”

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Дэд хорооны бүрэлдэхүүнд Их хуралд олон удаа сонгогдсон таван гишүүн байдаг. Бид намын бүлгийн шийдвэр энэ тэр гэж огт яриагүй. Яг одоо түдгэлзүүлэх гэхээр танилцуулга энээ тэрээ нь болохгүй байсан болохоор ийм шийдвэр гаргасан. Тодорхой хэрэг, хүнтэй холбоотой асуудлыг нээлттэй ярилцах гэхээр мөрдөн байцаалтын ажиллагаанд харшлах гээд байсан учраас хаалттай хуралдсан”  

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг би мэдэхгүй байна. Гишүүнд чиглэгдээд шалгагдсан зүйл бол байхгүй. Намын даалгавар өгсөн захиалагчийг шалга гэж байна одоогоор тийм зүйл алга.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хөгжлийн банкийг шалгасан дүнг хууль хяналтын байгууллагуудад өгч байсан. Энэ шалгалтын дүн хаана явдаг юм бэ. Бондуудын асуудлыг яах вэ?

УЕП М.Энх-Амгалан “2015-2016 оны үед үйлдэгдсэн хэрэг шалгагдаад шүүх рүү шилжээд буцаад мөрдөн байцаалтад шилжээд эргэж буцаад одоо дахин шүүх рүү шилжих гэж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрдэнэт, АСЕМ, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд нэртэй устайгаа тодорхой хэргүүд яагаад ингэж 3-4 жил сунжирч байна вэ. Энэ асуудлуудыг сууриар нь шалгаж, цэвэрлэмээр байна. Зарим хэргийг маш шуурхай шийддэг хэр нь ийм хэргүүдийг яагаад ингэж удаан шалгадаг юм бэ гэдгийг Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайдаас асуумаар байна. Нийгэм нэг хоёр хүн солихыг биш үүнийг сууриар нь өөрчлөхгүй бол явахгүй гэдгийг хэлээд байна шүү дээ" 

УЕП М.Энх-Амгалан “Цаад суурийг өөрчлөх нь миний асуудал биш. Та нарын асуудал. Өөрсдийн чинь баталж өгсөн хуулиар бүгдийг нь цагдаж хориод байх боломжгүй. Хуулиа өөрсдөө баталж өгчихөөд "Чи энийг аваачиж хорихгүй байна. Ард түмэн харж байхад зүгээр гадуур явуулаад байна" гэж хууль хэрэгжүүлдэг хүн рүү яриад байх юм. Тийм учраас хуулиа нарийн болгох хэрэгтэй. 

Дээр нь та нар дандаа "Хууль зүйн сайдаас асууж байна. Энэ хэрэг яагаад явахгүй байна" гэх юм. Үүнийг Хууль зүйн сайд мэдэхгүй, оролцох эрхгүй. Хууль зүйн сайд хэрэв гараа хөдөлгөөд эхэлбэл өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх асуудал байдаг юм. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад ямар ч хамаагүй хүн шүү дээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авч Б.Батзориг гишүүний асуудлыг оруулж ирсэн гээд байгаа. Үгүй. Тийм үүрэг даалгавараар хөдөлдөг хүн би биш. Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. 

Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. 

Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод явж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна.  

Хууль зүйн сайд Ц.Нямдорж

 “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцдэг ажлаа хийж байгаа. Наад асуугаад байгаа хэргүүд чинь бүгд АТГ дээр албан тушаалын хэргүүд гээд шалгагдаж байгаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна