Жидүү... Жидүү л гэнэ... Бид зөвхөн зээл авсан нөхдийг зүхэж хариуцлага нэхэх нь могойн сүүлийг л таслахтай адил юм. Ингэхэд ЖДҮ-ийн сангаар угаагдсан мөнгөнүүд улаан ногоон болж хувираад цаанаа давхар хэнд очдог байв гэдгийг хэн ч нэхэхгүй нь харамсалтай... Толгойг нь тасалж олгойг нь гаргахгүйгээр хэрхэвч асуудлыг бүрэн шийдэхгүй ээ. ЖДҮ-гийн урсгалын ард хэн байв?
Гурван толгойт мангас...
Юун түрүүнд МАН-ын мөнгө угаах тогтолцоог задалж харах нь зөв. МАН-ын төв штаб М.Энхболдын үед 4 эх үүсвэрээс санхүүждэг байв. ХАНДИВ, ГУВЧУУР, ЗОЛГОЛТ, САН. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдэлд очсон хүмүүс М.Энхболдын зохиосон 4 схемийн дагуу хуваагдана гэсэн үг.
1. Хандив: Хандив нь ихэнхдээ 1 тэрбум төгрөгөөс эхэлдэг ба хандив өргөсөн нөхөд нүүрс, алт, концесс, газар гэх мэт олон салбарт гэрээгээ бүтээлгэдэг байна. Бүр сайд болсон ч түүх бий.
2. Гувчуур: Гувчуур нь гишүүдийн сонгуульд нэр дэвших мандатын 100 сая төгрөг болон намын урсгал зардлын татвар.
3. Золголт: Золголт гэдэг нь албан тушаалын мөнгө. Нөгөө 60 тэрбумын асуудал юм шүүдээ. Мөнгөө өглөө, ажилдаа орлоо.
4. Сан: Сан гэдэг нь ЖДҮ, Тариалан гэх мэт олон төрлийн зээлийн сан юм. Санд ихэвчлэн ядуу эсвэл яалтчгүй дэвших ёстой гишүүд ангилагдана. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг байхаа. Өөрөөр хэлбэл татваргүй гишүүн болгосны хариуд зээл нэрээр мөнгө угаагаад 10 хувийг нь ахдаа тушааж ач хариулж бай гэсэн үг. Хэдэн төрлийн сан, хэчнээн олон компани байдаг билээ дээ. Бас тэд Улаанбаатар сан гэж юу хийж байсныг санах бизээ.
Ах нарын оймс угаалт...
1-р ах М.Энхболд: ЖДҮ хариуцдаг яаманд өөрийн уяачдын холбооны Сэргэлэнг сайдаар тавин сугсарч эхэлсэн байгаам. Гэтэл тэдний тавьсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат У.Хүрэлсүхэд балбуулан засгийн газраа алдах нь тэр. Энэ үед мань нөхөд У.Хүрэлсүхийг 32 гишүүнээр шантаажлан хэдэн сайд томилохоор болж дахин ЖДҮ-гээ аваадхав. Гэтэл Энколдод хүн дутсан тул Бадамжунайн хүнийг оруулж ирэв.
2-р ах Бадамжунай: Жунай өөрөө ХААЯаманд өмнө нь ажиллаж байсан арвин туршлагатай тул банхар Б.Батзоригт хийморийн сан тавьж сайдын сандал өгөв. Тэр Батзоригт нохой санаа зааж өгч ХҮК-ийн талын гишүүдээс гуравт нь чихэр долоолгоод барьцаанд хийчихсэн юм. Эцсийн эцэст Энколд 65-ыг өөрөө гишүүн болгосон юм чинь наанаа талцав ч цаанаа цаасны авлага хэвээрээ шүү дээ. ХҮК намын дарга боллоо гээд ямар тэднийг гишүүн болгосон биш.
3-р ах Хаянхярваа: Энколдын энэ мэт мөнгө угаалтыг өмнөх засагт Ж.Мөнхбат зохицуулдаг байсныг нохой ч андахгүй биз. Гэтэл туучий чинь ХҮК-тэй алалцаад зодуулчих нь тэр. ЗГ-ын бүх юмыг зохицуулдаг Хэрэг эрхлэхийн албаас Ж.Мөнхбат огцорсон тул тэдэнд бүлгийн дарга Хаянхярваагаас өөр базах хүн үлдээгүй хэрэг л дээ. Юу гэх гээд байна вэ гэвэл мөнгө угаалтын хоккейчны албыг Хаянхярваа одоо зохицуулж байнаа гэсэн үг.
Цуйван...
Одоо тэгээд яах вэ? Зээл авсан хулгайчуудыг цаазал гээд зөвхөн могойн сүүлийг нь цавчиж цуйван хийж идэх үү... Яах ёстойг хэлээд өг... Эсвэл сайхан толгой чанах юм уу?
Сэтгүүлч Баасанжавын Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна