М.ЭНХ-АМГАЛАН ПРОКУРОР ОДОО АСЕМ, БОНДУУДЫН ТАЛААР ДУУГАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

2018/11/13
 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сантай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-д тавьсан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг прокурорын саналыг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргаж чуулганаар УИХ-ын гишүүд “ангийнхаа нөхөр”-ийг авч үлдлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлсэн үг олны талархлыг хүртээд байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүдэд хандаж “Яригдаж байгаа асуудал бүр дээр хэрэг бүртгэл нээгээд заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад шалгаж байгаа. Хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд бий.
Харин Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Хүнийг аваачиж цагдан хорих боломжгүй ийм хууль батлаад өгчихсөн байгаа шүү. Ийм хууль баталж өгчихөөд хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсийг “Чи энийгээ аваачиж хорихгүй байна. Ард түмэн хараад байхад чи зүгээр гадуур явуулаад байна” гэж ярих боломж муутай шүү” гэсэн юм. Мөн тэрбээр “Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би сүүлийн үед гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдгийг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр шударга ёсыг тогтоож өгч байгаа чинь. Хууль дээдлэх ёстой гэсэн үндсэн зарчимтай УИХ яагаад энэ хүмүүсийг зүгээр журмынх дагуу шалгуулж болдоггүй юм. Өнөөдөр түдгэлзүүлэхгүйгээр шалгачих гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж байгаа хүн, жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Зүгээр жирийн иргэн тэр сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан хүн нь ингээд сууж л байна. Энэ чинь шударга ёс мөн юм уу. Шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байгаа юм” гэв.
Улсын ерөнхий прокурорын шударга, шулуухан хэлсэн үг олон түмний анхаарлыг татлаа. Хуулийн байгууллага шударга ажиллаж байгаа юм байна гэдэг мэссэж ч түглээ. Тиймээс одоо Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танаас хүсэх зүйл байна.  Өөрөө ч чуулганы танхимд бүх асуудалд хэрэг үүсгэснээ хэлээд Хөгжлийн банк, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дурдлаа. Тэгэхээр энэ бүх хэргүүд хаана очиж гацаад байгааг олон нийтэд ил тод хэлэх хэрэгтэй байна. Ингэж мэдээлэл өгдөггүйгээс л нийтийн дунд шударга ёс алдагдсан юм байна гэдэг эмзэглэл, хардлага төрөөд байгаа юм. Ялангуяа АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажилд зарцуулсан мөнгө, Чингис бондоос эхлээд Хөгжлийн банкны хөрөнгийг дураараа тооцоо судалгаагүй зарцуулсан хүмүүст ямар шийтгэл оногдуулах, хэрэг нь хаана, юунд гацаад байгааг хэлэх хэрэгтэй. Хөгжлийн банкны албан тушаалтнуудын мөнгө төгрөг зарцуулсан, нэг нэгнээ урамшуулсан, дураараа дургисан талаар харахад л харамсмаар мэдээлэл цацагдаж байлаа. Нэгэндээ дээл хувцас бэлэглэхдээ л хэдэн арван саяар нь мөнгө үрсэн байдаг. Чингис бондын хөрөнгийг Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр 888 төсөл гээд бэлгэдэл бодож зарцуулсан тухай инээдэмтэй ч, эмгэнэлтэй ч гэмээр баримтууд бий. 
Ялангуяа АСЕМ зохион бай­гуу­лагчдын аварга том но-той асуудлууд эхнээсээ дэлгэгдээд эхэллээ. Үндэсний аудитын газраас “АСЕМ-тай холбоотой 290.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчилтэй холбоотой нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулна” гэж мэдэгдсэнээс хойш хагас жил орчмын хугацаа өнгөрөөд байгаа. Тэр асуудал хаана гацав, уг зөрчлийн ард хэн, хэн байна вэ гэдгийг иргэд одоо мэдмээр байгаа юм. Үнэхээр олон нийтийн дунд яригдаад байгаа шиг, барим тавим баримт дэлгэгдээд байгаа шиг АН-ын үед эрх барьж байсан Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, А.Ганбаатар, Д.Ганхуяг, П.Цагаан, Г.Баярсайхан, Э.Бат-Үүл, Б.Бадрал, Ё.Гэрэлчулуун, Ж.Ганхуяг нар тэр хэргийн ард байна уу. Шууд гэрээ байгуулсан, арга хэмжээнд зориулж авсан эд хогшил буруу гараар орсон өчнөөн жишээг Үндэсний аудитын газраас гаргасан. “АСЕМ”-ийн төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээнд гэхэд 738.6 сая төгрөгийн зардал гаргахдаа шууд гэрээ байгуулсан. Уг хэмжээний зочин нэг бүрт 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцсон байгаа юм. Нэг орой нэг хүн зөвхөн төлөвлөсөн архийг нь уухад ходоод нь дүүрнэ биз дээ. Тус бүр нь 11 сая төгрөгийн үнэтэй 15 сүүдрэвч барьчихсан жишээ ч байна. Орон сууцны хороолол дунд байдаг модон сүүдрэвчтэй адил сүүдрэвч шүү дээ. Гэтэл 11 сая төгрөг гэдэг зусландаа боломжийн байшин барьчих мөнгө. Түүнчлэн зочид буудлуудад тараасан одоо яригдаад байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийнхтай адилтгаж ойлгож болмоор хүүтэй хөнгөлөлттэй зээлүүд гээд үргэлжилнэ.
Зөвхөн АСЕМ Вилла хотхон барихад Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Зөвхөн тус хотхон ч бус зочид буудлын зориулалтаар 17 компанид 233.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байх бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагын ердөө найм нь л Үндэсний аудитын газрын аудитын шалгалтад хамрагдсан байдаг. Нэг үгээр бусдынх нь зээлийн зарцуулалт хаашаа орсон нь тодорхой бус байна. Мөн АСЕМ Вилла хотхоны эргэн тойронд 150 сая төгрөгөөр 580 ширхэг мод суулгасан гэсэн нь бүртгэлд ороогүй байх жишээтэй. Ямар мод гэхээр ийм үнэтэй байдаг хэрэг вэ. Манай сонин энэ талаар цувралаар мэдээлж байгаа болохоор ингээд орхиё.
Хөгжлийн банкин дээр л гэхэд Чингис бондын талтай дүйхүйц 1.3 их наяд төгрөгийн зөрчил, дутагдал илэрснийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг илрүүлсэнээ зарлаж байлаа. Тухайн үед дэд сайд Б.Энхбаяр “Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Удирдлагын багийн хувьд Хөгжлийн банк “хөгжлийн бэрхшээлтэй банк” болчихсон байсан нь тогтоогдсон. 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа” гэж байв. Зөвхөн “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд гурав, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, “Хаан” банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан байдаг юм. Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байв. Бүр иргэдэд ойртуулсан жишээ авахад Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өсч байсан талаар тухайн үед мэдээлж байлаа. Ерөнхийдөө Чингис бонд, Самурай бонд, Хятадын Хөгжлийн банкны зээл гээд эхлэхээр олон тэрбумаар хэмжигдэх хэрэг төвөгийн мэдээлэл урсдаг.
Чингис бондоос АСЕМ-ийн чуулга уулзалт хүртэл. АСЕМ-ийн чуулга уулзалтаас өдгөө яригдаад байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл хүртэл олон тэрбумын хэрэг ард түмний дунд мэдээлэгдэж мөн замхарсаар ирлээ. Тэр болгон иргэдийн дунд уур бухимдал нэмэгдэж, үүнийг ашиглаад бүр төрийн тогтолцоогоо өөрчилье гэдэг дуулиан руу оруулах хүч ч хуримтлагдаад, ажиллаад эхэлчихлээ. Өнөөхөндөө шинээрээ байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж, Улсын прокурорын газраас дэмжин ажиллаж байгаа юм байна. УИХ-ын гишүүний нэрийг татуулж шалгах гээд чуулганаар ч орууллаа. Ерөнхий прокурор энэ талаар жинтэй үг хэлж, УИХ-ын индэр дээрээс шударга ёс шаардлаа. Харин одоо иргэд өнгөрсөн хэргүүдтэй холбоотой мэдээллийг хүсч байна. Хэрэг нь хаана яваа, ямар шалтгаанаар гацсаныг мэдэхийг хүсч байна. Үндэсний аудитын газар мэдээллээ гаргаад өгчихсөн, зарим нь Засгийн газар, УИХ-ын түвшинд Ажлын хэсгийн дүгнэлтээр баталгаажсан хэргүүдийн талаар одоо Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та үгээ хэлэх хэрэгтэй байна.

                                                                                                                                              Эх сурвалж: Үндэсний шуудан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна