Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал амжилтанд хүрэв

2018/12/05
Жагсаал тэмцэл хүчээ авч, нийгэмд эмх замбараагүй байдал газар авсныг харгалзан Францын засгийн газар шатахууны үнийг нэмэх шийдвэрээ цуцалж байгаа тухай мэдээлсэн байна.

Францын эрх баригчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг нэмэгдүүлэх  шийдвэр гаргасны дараа бухимдсан ард иргэд нь өнгөрсөн гурван бямба гаригийн турш орон даяар жагсаал цуглаан хийсэн билээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн амь насаа алдаж, зуу гаруй хүн, тэр дундаа цагдаагийн албан хаагч нар олноороо бэртэж гэмтжээ.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсагчдын тэмцэл улам хурц, ширүүн хэлбэрт шилжиж, гудамж талбай, барилга байгууламжийг сүйтгэн, нийгэмд ихээхэн цочроо өгсөн эмх замбараагүй байдал газар авсны дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан зарлаж, улмаар энэ асуудлыг эерэгээр шийджээ.

Жолооч нарын машиндаа заавал авч явах ёстой шар хантаазыг бэлгэ тэмдгээ болгосон “шар хантаазтны бослого” анх арваннэгдүгээр сарын 17-нд эхэлж байв. Тэд долоо хоног бүрийн Бямба гаригт орон даяар жагсаал цуглаанаа идэвхтэй өрнүүлж, эрх баригчдад дуу хоолойгоо хүчтэйгээр хүргэж чадсаны үр дүнд ийнхүү шатахууны үнэ дахин нэмэгдэхгүй болсон байна. Ингэснээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндрэхгүй байх боломжтой юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна