Хятадад “"iPhone” гар утсыг худалдаалахыг хориглолоо

2018/12/12
Саяхан Хятадын дээд шүүхээс “iPhone” утасны ихэнх загваруудын импорт, худалдааг улсдаа хориглох шийдвэр гаргасныг “CNN” агентлаг мэдээлсэн байна. Энэ нь өмнөд хөрш болон АНУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны дайны явцад гарсан хамгийн нөлөө бүхий шийдвэрүүдийн нэг болж магадгүй байгаа ажээ.  

Уг хориг гарах болсон нь ухаалаг утасны чипний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч “Qualcomm” компани “Apple”-ийг оюуны өмчийг нь хулгайлсан гэж буруутгаж, шүүх дээр ялалт байгуулснаас шалтгаалжээ. Тодруулбал тус компаний эзэмшдэг оюуны хоёр өмчийг “Apple” компани “iPhone 6S”-ээс “iPhone X” хүртэлх бүх загварууддаа зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж үзэн тэдгээрийн худалдаанд хориг тавих хүсэлтийг Хятадын шүүхэд гаргасан аж. 

Харин “Apple”-ийн саяхан гаргасан “iPhone XS” , “iPhone XS Plus” “iPhone XR” загварууд дээр “Qualcomm” гомдол гаргаагүй тул тэдгээр загваруудын Хятад дахь худалдааг хориглохгүй юм байна. Сонирхолтой нь хоригт багтсан загваруудын худалдаа одоогоор Хятад дахь “iPhone”-ий нийт худалдааны дөнгөж 10-15 хувийг эзэлж байгаа ажээ.

Хятадын дээд шүүх энэхүү шийдвэрээ өнгөрсөн долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд даваа гарагт албан ёсоор олон нийтэд зарласан байна. Харин “Apple”-ийн зүгээс “iPhone”-ий загваруудын худалдаа Хятадын зах зээлд хэвийн явагдана гэсэн мэдэгдэл гаргасан бөгөөд мөн Хятадын шүүхэд дээрх шийдвэрээ эргэн авч үзэх хүсэлтийг тавьсан аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна