Өрнөж байгаа үйл явдал нийгэмд ил, “нээлттэйгээс нээлттэй” байгаа тул шуудхан өөрийн санааг бичлээ.
- Доктор О.Мөнхсайханы онож бичсэнчлэн “Үндсэн хуулийн 20-р зүйлд "хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" гэж заасан. ҮАБЗ бол УИХ-д даалгавар өгдөг газар биш”. Хэлэлцэж байгаа хуулийг баталсан тохиолдолд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Үндсэн хууль зөрчсөн үйлдэл буюу зөвлөлийн гишүүд болон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зүгээс Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийг зөрчиж УИХ-д “даалгасан” үйлдэл нь Үндсэн хуулийн цэцэд шийдвэрлэгдэж улстөрийн дараагийн маргааны гол сэдэв, “гуравдугаар ээлжийнхний хөзөр” болох вий.
- Энэ хуулийг баталж УИХ-ын даргыг олонхийн барьцаанд (хэрэг дээрээ улс төрийн намын шууд барьцаанд) оруулах нь, парламентын нэр хүндийг унагаж, төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох үндсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг нийгэмд удаан хугацаагаар харуулж, парламентын бүгд найрамдах төрийн хэлбэрийг солих сонирхол бүхий, бодитой төлөвлөж хэрэгжүүлж байгаа стратегид чухал хэрэгцээтэй байгаа.
- УИХ-ын дарга олонхийн буюу ялсан намын дарга (ихэвчлэн Ерөнхий сайд байдаг асан)-аар удирдуулсан парламентын олонхийн барьцаанд орох магадлалтай тул намын дарга нь Ерөнхий сайд бус олонхио намын шугамаар хяналтдаа байлгаж, өөртөө эрсдэл хүлээхгүй байх үүднээс УИХ-ын дарга болдог, Ерөнхий сайдаар өөрийн сонгож авсан хүнийг томилдог хэлбэр хуульчлагдана. Намын мөрийн хөтөлбөр-Засгийн газрын мөрийн хөтөлбөр-хууль тогтоох-гүйцэтгэх буюу хуулийн хэрэгжилтийг парламентын өмнө хариуцах-хяналт тэнцвэртэй байх-ерөнхий сайд өөрийн нь мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг өгөхгүй бол парламентыг тараах хүртэл эрхтэй байдаг гэх мэт бидний сайжруулахыг хүсч тэмжүүлж байгаа тогтолцоонд сөрөг нөлөө ихтэй ийм хууль гарах вий.
- Харин эсрэгээр сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болсон тохиолдолд УИХ-аар хүссэн шийдвэрээ гаргуулахад УИХ-ын даргыг олонхийн дарангуйллаар “ашиглах” өөрийгөө хянуулахгүй байхад үүний нөлөөллийг хэрэглэх хандлага бий болох нь магадтай.
- УИХ-ын нийт гишүүд, УИХ-ын дарга энэ хуулийг батлахад хүрвэл, УИХ-ын даргыг чөлөөлөх болон огцруулах үндэслэлийг нэг бүрчлэн зааж батлах ёстой. Гэтэл өнөөдөр УИХ-ын даргыг “авч хаях” үндэслэл байхгүй байгаа тул үндэслэлгүй огцруулдаг жишиг л тогтоох гээд байгааг анхаарч тодорхой үндэслэл заахаас өөрөөр батлах аргагүйг тунгаана биз ээ. Энэ хуулийг батлах нь аль ч агуулгаараа парламентын тогтолцоог сулруулахад л үйлчилж ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХАД Л ҮЙЛЧЛЭХ нь даанч тодорхой байна даа.
Хуульч Д.Миеэгомбо
Сэтгэгдэл бичигдээгүй байна