МАН өнгөрсөн оны сүүлчээр Бага хурлаа хийж, намынхаа дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайн дүрмийн өөрчлөлтийг улсын Дээд шүүх энэ сарын 7-нд бүртгэж авсан юм. Намын дүрмийн өөрчлөлт болон хэрэгжилтийн талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.БАТБААТАРТАЙ ярилцлаа.
-МАН өнгөрсөн оны төгсгөлд Бага хурлаа хуралдуулж, намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан. Чухам ямар шаардлагын үүднээс дүрмийн өөрчлөлт хийсэн юм бэ?
-МАН-ын гуравдугаар Бага хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд намын дүрэмд зарим өөрчлөлтийг оруулсан. 2017 онд болсон XXVIII Их хурлаас баталсан бодлого шийдвэрийн үр дүнд нам гишүүдийнхээ сахилга хариуцлагыг сайжруулах талаар тодорхой шийдвэрийг гаргаж байлаа. Үүнтэй холбоотойгоор Хяналтын ерөнхий хорооны дэргэд Ёс зүйн хороог байгуулсан. Ингэснээр намын гишүүдийн ёс зүйд анхаарал хандуулах нь зайлшгүй болж эхэлсэн гэсэн үг. Хэдийгээр МАН төрийн эрхийг барьж буй улс төрийн том хүчин боловч нарийндаа дотооддоо асуудал байна. Тухайлбал, намын эв нэгдэл болон дотоод үдахь зарим зөрчил даамжрах хандлагатай байна. Энэ нь зөвхөн гишүүдийн ёс зүйг ярих төдийхнөөр зохицуулж, илааршаад явах боломжгүй асуудал болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим тохиолдолд намын гишүүдэд зайлшгүй хариуцлага тооцохоос аргагүй байдал үүсээд байна л даа. Гэтэл намын дүрмийг бариад шаардлагатай тохиолдолд хэн нэгэнд хариуцлага тооцъё гэхээр яг ямар хариуцлагыг хэрхэн хариуцуулах вэ гэдэг нь тодорхойгүй болчихоод байсан. Намын дүрэмд ийм асуудал гарвал ингэж хариуцлага тооцно гэсэн заалт байхгүй байсан гэсэн үг л дээ.
Ийм үед “Та ийм зөрчил гаргасан байна, тиймээс хариуцлага тооцно шүү” гэх мэтээр хоосон яриа өрнөөд байгаа болохоос ажил хэрэг болгох механизм намын дүрэмд учир дутагдалтай байлаа.
Түүнчлэн өмнө нь баталсан дүрэмд найруулгын буюу редакцын шинжтэй алдаа дутагдал байсан учраас Бага хурлаараа энэ бүхнийг хэлэлцээд нэг мөр болгож авах нь зүйтэй гэж үзсэнээр намын дүрэмд тодорхой өөрчлөлтийг оруулсан. Хамгийн эхнийх нь намын бүх шатны хаалттай хуралдаанд аудио болон видео бичлэг хийж нийтэд цацахгүй байх тухайд онцгойлон анхаарал хандуулсан. Та бидний мэдэж байгаачлан хүн бүр гар утастай, түүгээрээ дамжин олон нийтийн цахим сүлжээнд холбогддог болчихжээ. Ямар нэгэн хурал болж, аливаа асуудлын талаар ярилцаж байх үед нийтэд мэдээлэл тархдаг. Гэтэл эцсийн байдлаар албажаагүй буюу хэлэлцүүлгийн шатанд байх үед олон нийтэд цацсанаас асуудлыг гуйвуулах хандлагатай болчихдог. Энэ байдал нь намын дотоод зөрчпийг ихээхэн дэврээдэг учраас үүнд онцгойлон анхаарал хандуулж байгаа юм.
-Бичлэг хийлгэхгүй гэхээр хүн бүрт хяналт тавих хэрэг гарах болов уу. Энэ тохиолдолд хувь хүний эрхэд халдлаа, нам улам хаалттай болж байна гэх шүүмжлэл гарах байх л даа?
-Дүрмээ мөрдөх хэрэгтэй л гэж байгаа болохоос намын бүх зүйл хаалттай, хориотой байдалд шилжлээ гэсэн үг огт биш. Намын анхан шатны аливаа хуралдааныг хаалттай л гэж зарласан бол тухайн хувь хүнтэй юмуу гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой нарийн ширийн асуудал ярихад ямар нэг бичлэг хийж нийтэд цацахыг хориглож байгаа юм. МАН бол 210 мянган гишүүнтэй нам. Маш том бүтэцтэй учраас дотоодод ямар нэгэн зөрчил гарах, улмаар даамжрах нь эрх баригч намын хувьд таатай бус. Нам бол нийгмийн зохион байгуулалтын хамгийн дээд хэлбэр гэж бид ярьж, ойлгодог шүү дээ. Намын дүрмийн дор нэгдэж, засгийн эрхийн төлөө 200 мянгуулаа ажиллаж амьдарч байна. Гэтэл заримдаа гишүүд маань намын дүрмийг үл ойшоож, зөрчих асуудал хавтгайрах тал руугаа яваад байдаг. Ийм зүйл ажиглагдаад байгаа учраас, нам гэдэг нь зохион байгуулалтын дээд хэлбэр юм бол удирдах, удирдуулах ёсонд захирагдах ёстой гэж үзэж байгаа юм. Намын Удирдах зөвлөл гэж бий. Тэндээс гаргасан бодлого шийдвэр шууд хэрэгжиж байх учиртай. Яагаад гэвэл, бид аливаа шийдвэрийг цөөнхөө хүндэлж олонхын саналаар гаргадаг дотоод ардчилалтай. Гэтэл нэг хэсэг нь цөөнх байсан гээд намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэр, бодлогын эсрэг яваад байдаг. Энэ нь эргээд намын эв нэгдэл, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм. Тийм учраас намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүх шатанд зөрчихгүй байхыг хатуу үүрэг болгож байна. Мэдээж намын дотоод ардчилал гэж бий. Үүний дагуу хэлэлцэж буй асуудалд дээр дурдсанчлан цөөнхөө хүндэтгээд олонхоороо асуудлыг тал бүрээс нь ярилцаж шийдвэрлэнэ. Ингэж гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тухайд ардчилсан зарчмын аргаар буюу дүрэмдээ захирагдаж ажиллана гэдгийг хатуу хэлсэн байгаа юм.
-Хэрвээ Удирдах зөвлөлийн шийдвэрийг хатуу мөрдөхгүй бол хэрхэх вэ?
-Зөрчөөд байгаа учраас л намынхаа дүрмийг хатуу мөрддөг байхыг сануулаад байгаа юм шүү дээ. Бодлого гаргаж байгаа удирдах байгууллагынхаа шийдвэрийг зөрчсөн хүнд дүрмийн дагуу арга хэмжээ авдаг болох гэж байна. Өмнө нь арга хэмжээ авахгүй, авч болохгүй байлаа шүү дээ. Одоо бүх зүйл тодорхой болсон учраас дүрмийнхээ дагуу арга хэмжээгээ аваад явна гэж ойлгох хэрэгтэй.
-Сүүлийн хоёр сарын хугацаанд Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөрчсөн хоёр ч тохиолдол нийслэл дээр гарлаа шүү дээ. Оны өмнө НИТХ-ын даргын санал хураалтад С.Амарсайхан заалнаас нэрээ дэвшүүлж олонхын санал авсан бол хотын даргын өрсөлдөөнд С.Мөнхчулуун мөн л заалнаас нэр дэвшиж олонхын санал аваад байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаагүй учраас хариуцлага тооцох нөхцөл үүсчихэж байгаа юм биш үү?
-Үүнийг л хэлээд байгаа юм. Цаашид ийм зүйл гарахгүй. Шулуухан хэлэхэд, хотын даргын асуудалд хариуцлага ярихаас аргагүй нөхцөл үүслээ. Намын дүрэмд өөрчлөлт оруулаагүй байсан бол ийм тохиолдолд хариуцлага ярьж болохгүй байсан. Гэтэл бид намынхаа Бага хурлыг хуралдуулаад, дүрэмдээ өөрчлөлт оруулаад улсын Дээд шүүхэд бүртгүүлчихлээ. Тэр бүү хэл, бид нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өгөөд Хяналтын ерөнхий хорооноос анхааруулж хэлсээр байтал Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчөөд гараад ирсэн хүнтэй дүрмийн дагуу хариуцлага тооцохоос аргагүй.
-Тэгэхээр ямар хариуцлага тооцно гэсэн үг вэ. Намаас түдгэлзүүлэх асуудал яригдах уу?
-Нийслэлийн намын хяналтын хорооноос тухайн асуудалд нэр холбогдсон гишүүний талаар дүгнэлт гаргасан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл МАН-ын Хяналтын хороо намын дүрмийн дагуу хариуцлага тооцно.
-Намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүнчлэлд насны хязгаар тогтоосон. Ингэхгүй бол тодорхойгүй нөхцөл байдал нэлээд үүссэн байх. Тухайлбал, ямар хийдэл гараад байсан учраас ингэж насны хязгаар тогтоосон юм бэ?
-Намын дүрэмд оруулсан бас нэг өөрчлөлт нь аймаг, нийслэлийн намын хорооны даргыг сонгохдоо тухайн харьяаллынх нь Бага хурлаас сонгож байхаар болсон явдал юм. Түүнчлэн намын дэргэдэх төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчдийн насны хязгаарыг зааж өгсөн. Манай намын дэргэд оюутны болон эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага бий. Эдгээр байгуулага бүгд өөрийн гэсэн дүрэмтэй, хуулийн дагуу ажилладаг, түүгээрээ тодорхой насны хязгаар зэргийг зааж өгсөн байдаг. Гэхдээ нам дотоод зохион байгуулалтынхаа хүрээнд гишүүн дэмжигчдийнхээ насны ангиллыг заагласан. Өөрөөр хэлбэл, хэрвээ МАН-ын дэргэдэх НАМЗХ-нд гишүүнээр элсэх гэж байгаа бол 35 хүртэлх настай байх ёстой шүү гэж зааж өгсөн. Ингэхгүй болохоор намын гишүүд эдгээр төрийн бус байгууллагад орж, улмаар тэндээсээ намын бодлого шийдвэрийн эсрэг, зохион байгуулалтын хэлбэртэйгээр ажиллах, цаашлаад үүнээс нь улбаатайгаар тухайн газарт намын бодлого шийдвэр хэрэгжихгүй байх нөхцөл байдал ажиглагдаад байсан учраас хуулийн хүрээнд намынхаа гишүүдэд дүрмийн дагуу насны хязгаарыг нь тогтоож өгч байгаа юм. Хэрвээ МАН-ын дүрмийг хүлээн зөвшөөрөөд харьяа байгууллагад нь элсчихсэн хүн бол ямар ч байсан дүрмээ л дагах ёстой. Нэг зорилго, дүрэм, мөрийн хөтөлбөртэй гээд яваад байгаа атлаа намынхаа дүрмийг биелүүлдэггүй байсан учраас цаашид намынхаа дүрмээр хайрцаглаж өгч байгаа юм. Харин МАН-ын гишүүн биш болчихвол хэн, хаана юугаа хийх нь хувь хүний эрхийн асуудал болно.
-Намын дүрмийн өөрчлөлтөөс олны анхаарлыг хамгийн их татсан нь “Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр намын гишүүнчлэлээс хасах” тухай заалт. Намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг дүрмийн хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн талаар та тайлбар өгнө үү?
-Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд намын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо эцэслэн шийдвэрлэдэг байхаар болсон. Ер нь Улс төрийн намын тухай хуулиар хүнийг үзэл бодлоор нь хавчин ялгаварлаж, намаас хөөх тухай асуудал байхгүй. Өмнө нь ч хөөх тухай заапт манай намын дүрэмд байгаагүй. Тухайн гишүүнийг намаас гарсанд тооцох шийдвэрийг бүртгэлтэй байгууллагууд нь гаргадаг байсан. Ингэснээр намаас гарсанд тооцсон шийдвэрээ гишүүнд өөрт нь мэдэгдсэнээр тухайн хүн энэ намаас гарсанд тооцууллаа гэсэн өргөдлөө өгснөөр намаас гараад явдаг механизмтай байсан. Гэтэл энэ нь амьдрал дээр төдийлөн хэрэгжиж өгдөггүй байлаа.
Учир нь, бүртгэлтэй анхан шатны байгууллага нь тухайн хүнийг намаас гарсанд тооцоод байхад өнөөх нь “Би намаас гараагүй, намдаа хэвээрээ байгаа” гээд намынхаа дотоод ажилд оролцоод, хутгалдаад явдаг. Энэ байдлаас харахад тухайн хүн МАН-ын гишүүн ч юм шиг, өөр улс төрийн намынх ч юм шиг, тэр бүү хэл зарим тохиолдолд олон нийтийн байгууллагын төлөөлөл юм шиг явж байдаг замбараагүй байдал руу орчихоод байсан.
Ийм байдал хавтгайрах тал руугаа орчихож. Тиймээс намын дүрэмд өмнө нь байсан заалт хэрэгждэгээрээ хэрэгжинэ. Магадгүй зарим хүнийг анхан шатны байгууллага нь намаас гарсанд тооцсон ч гэсэн өөрөө өргөдлөө өгөхгүй яваад байх тохиолдол бий. Гэсэн атлаа “Надад дүрмийн бус арга хэмжээ авчихлаа" гэх зэргээр гомдол санал гаргадаг. Энэ тохиолдолд бид тухайн хүний гомдлыг анхан шат руу нь буцааж явуулдаг байсан бол ингэхгүйгээр Хяналтын ерөнхий хороо эцсийн шийдвэрийг нь гаргана гэсэн үг. “Ийм учир шалтгаан байгаа учраас намын анхан шатны байгууллага чинь таныг намаас гарсанд тооцсон байна. Энэ нь зөв эсвэл буруу байна” гэдэг эцсийн шийдвэрийг цаашид Хяналтын ерөнхий хорооноос гаргана.
-Намын гишүүнчлэлээс хасах эсэх тухай шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос эцэслэдэг болж байгаа юм байна. Ийм тогтолцоонд шилжсэнээр Хяналтын ерөнхий хорооны эрх мэдэл хэт өндөр болчихож байгаа юм биш үү гэх шүүмжлэл гарч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-МАН-ын Их хурлаас Хяналтын ерөнхий хороог харьцангуй бие даасан байдлаар байгуулсан. Манайх бол намын дүрмийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Тэгэхээр намын дүрэм зөрчигдөөд, эв нэгдэлд нөлөөлөөд байна гэж үзээд хариуцлага тооцох гээд анхан шат руу нь буцаахаар тэнд бөөн хэл ам гардаг. Эргээд Хяналтын ерөнхий хороонд шилжүүлдэг. Хяналтын ерөнхий хорооноос эргээд анхан шат руу нь буцаадаг. Энэ мэтээр эцэслэгддэггүй байдал бий болчихсон байлаа. Тэгэхээр энэ дуусдаггүй маргааныг хэн нэгэн хагалах ёстой шүү дээ. Тиймээс нэгэнт Хяналтын ерөнхий хороо намын дүрмийн биелэлтэд хяналт тавьдаг нь үнэн юм бол эцсийн шийдвэрээ гаргаж байх ёстой гэж үзсэн л хэрэг. Үүнд Хяналтын ерөнхий хорооны эрх мэдлийг өндөрсгөсөн, давуу байдал үүсгэсэн зүйл огт байхгүй. Намын дүрэмд байсан хариуцлагын тогтолцоог илүү тодотгож өгсөн гэж ойлгож болно.
-Намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг гишүүд дэмжигчдэдээ танилцуулах тухайд ямар ажил хийж байна вэ?
-Намын дүрмийг баталгаажуулж бүртгэсэн улсын Дээд шүүхийн тогтоолыг бид албан ёсоор гардаж авсан. Ингэснээр шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийг багтаагаад намынхаа дүрмийг шинээр хэвлүүлэхэд бэлтгэж байна. Шинэ хэвлэлтээ намын бүх шатны байгууллагад хүргүүлнэ. Тэр даруйд бүх шатны байгууллагаас гишүүд дэмжигчдэдээ намын дүрмийн өөрчлөлтийг таниулж мэдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах юм. Түүнчлэн намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлээд эхлэхээр намын гишүүдэд аяндаа илүү тодорхой, ойлгомжтой болж эхэлнэ.
М. Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна