Жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн 126 насны ой тохиож байна

2019/02/06
Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2 дахь дарга Н.Янжмаа гуайн 126 насны ой тохиож байна

Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2 дахь дарга, тэр үеийн “Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч” асан Нэмэндэйн Янжмаа гуай мэндэлжээ. Өнөөдөр түүний 126 насны ой тохиож байгаа бөгөөд Монголын эмэгтэйчүүд төдийгүй Монгол улсын түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг, алдар гавьяаг мартах учиргүй юм.

Тэрээр хувь заяаны нэгэн учралаар Монгол улсын Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатартай дэр нэгтгэн залуу насандаа бэлбэсэрч, амьдралын хатуу бэрхшээл үзсэн боловч ухамсарт амьдралаа төр засаг, түмэн олны үйлст зориулсан манлайлагч эмэгтэй билээ.
Н.Янжмаа агсан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 15 гаруй жил удирдахдаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн төлөө сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөснийг түүх харуулдаг.

Эмэгтэйчүүдийн байгууллагад санаачилж хэрэгжүүлсэн ажлуудаас нь дурдвал:

-1925 оны МАХН-ын Төв хорооны гуравдугаар сарын бүгд хурлаас “Бүсгүйчүүдийг эрчүүдийн нэгэн адил улс төрийн, олны хэрэг, намын явдалд оролцуулах...”-ыг тогтоосон

-1925 оны тавдугаар сарын 15-нд Намын төв хороонд “Бүсгүйчүүдийн хэлтэс”-ээс Улаанбаатар хотын зургаан газарт Эмэгтэйчүүдийн хэлтэс байгуулах тухай хүсэлт гаргаж, өргөн цар хүрээтэйгээр ажиллаж эхэлсэн

-1925 онд эвлэлийн гишүүн 72 эмэгтэйг намын түр сургуульд суралцуулж, 1927 оноос тус сургуулийг төгссөн эмэгтэйчүүдийг орон нутагт ажиллуулах шийдвэр гаргасан

-1930 онд Нийслэл хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн

-1931 оноос Монгол улсад Эмэгтэйчүүдийн түр сургуулийг байгуулсан

-1940 оны МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, соёл боловсрол, улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг тэдний дунд зохион байгуулж, эмэгтэйчүүдийг элдвээр хүчирхэн дарлах, боолчлох зэрэг эмэгтэйчүүдийн иргэний эрхийг элдвээр доромжлох явдлуудтай эрс тэмцэл явуулах”-аар заасан

-Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох, эх нялхсын газар, хүүхэд асрах тасаг, хүүхдийн зуны амралтанд зориулан зуслан байгуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхын дарга Д.Пагмадуламын санаачилсан цэргийн хувцасны гар үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлэн, Орос цэргийн дарга нарын гэргий нартай нөхөрлөн, өөрөө оёдол сурч, бусдад үлгэрлэснээр одоогийн Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн суурийг тавьжээ. Түүний дурсгалыг хүндэтгэн тус үйлдвэрийг хожмоо одоогийн Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн суурийг тавьжээ.

Түүний дурсгалыг хүндэтгэн тус үйлдвэрийг хожмоо Н.Янжмаагийн нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлсэн аж.
Н.Янжмаа гуай 1961 онд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан агаад 1962 оны нэгдүгээр сард насан эцэслэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна