Ээлжит бус чуулганаар юу хэлэлцэх вэ

2019/02/11
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ Цагаан сарын дараа ээлжит бус чуулган хуралдуулна гэдгээ онцолсон. УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлд ээлжит бус чуулганыг хэрхэн хуралдуулдаг, ямар асуудал хэлэлцдэг талаар тодорхой заасан байдаг юм. 

16 дугаар зүйл. Ээлжит бус чуулган:

16.1. Ээлжит чуулганы чөлөөт цагт ээлжит бус чуулган зарлан хуралдуулж болно.

16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.

16.3. Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

16.4. Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана.

16.5. Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл битүүний өдөр хуралдсан. Хурлын эхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг товлохоор хуралдаж байгаагаа хэлсэн. Гэвч товлосонгүй. Харин ээлжит бус чуулган хуралдуулсан тохиолдолд ямар төслүүдийг хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэллээ. Ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжид заасан асуудлыг л хэлэлцдэг. УИХ-ын дарга лав л дөрвөн асуудлыг захирамжиндаа тусгах бололтой. Тэрээр "Төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байгаа. Үүнийг бизнес эрхлэгчид их анхааруулдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулбал бүтээн байгуулалтын ажил шуурхай болно. Мөн Төсвийн байнгын хороон дээр байгаа Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай хуулийн төсөл нэлээд удчихлаа. Энэ бол олон нийтийн анхаарлыг татаж байгаа асуудал. Энэ гурван төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс гадна Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилохгүй бол болохгүй. Сүүлийн үед цэрэг арми дээр болж байгаа асуудал олны анхаарлыг татаж байна" гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна