Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Дэвид Мэтью Восэнийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол, Австрали хэдий хол оршдог ч бүх түвшний хамтын харилцаа идэвхтэй байдгийг цохон тэмдэглэсэн юм. Үүний учир цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, бүх түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдыг хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Дэвид Мэтью Восэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд улс орныхоо ашиг сонирхлыг эрхэмлэхийн зэрэгцээ Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Элчин сайд Дэвид Мэтью Восэн нар хоёр орны худалдаа, бизнес, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар цаашид Элчин сайд Дэвид Мэтью Восэнд цаг зав гарган, хүлээн авч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна