МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос С.Мөнхчулуун Ц.Сандуй нарын гишүүнчлэлийг түдгэлзүүлжээ

2019/02/19
60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон хотын даргад горилогч асан С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, МАН-ын шинэчилсэн дүрмийн 6.3 заалтыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан байна.

Намын дүрэмд зааснаар “Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт ҮЛ НИЙЦЭХ улстөрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана хэмээн заасан байдаг аж.

С.Мөнхчулуун нь хотын даргыг томилох Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн залнаас нэр дэвшихдээ, гишүүдийн санал будилуулах лоббиг зохион байгуулсан гэнэ. Түүнтэй холбоотой мэдээллийг сөхвөл С.Мөнхчулууны хадам ээж болон хадам дүүгийн нэр дээрхи “Наранбулаг сервис”ХХК нь төрийн өмчийн “Баруунсэлбэ” үйлчилгээний төвд байрлах “Улаанбаатар радио”-н байрыг хууль бусаар хувьдаа эзэмшихээр арваад жил санаархан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байсан тухай баримт байдаг.

Түүнчлэн түүний төрсөн дүүгийн гэмт хэргийн чанартай олон удаагийн үйлдлүүд цагдаагийн газраар шалгагдаж байгаа. Шөнийн цэнгээний газар“сэлэм” барин зодоон цохион хийсэн С.Бямбацогт 2018 оны дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан юм.Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи хууль бусаар хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба илрүүлэн баривчилж байв.

Ц.Сандуйн хувьд тэрбээр нийслэлийн МАН-ын даргаар ажиллах хугацаандаа төрийн албыг худалдаалах 60 тэрбумын схемийг боловсруулан тухайн үеийн намын даргадаа танилцуулж байсан. Тэрбээр энэ схемээ өөрийн баг бүрэлдэхүүнээрээ гардан хийсэн тухай ч телевизэд өгсөн мэдэгдэлдээ нотолж байсан юм. Төрд шударга ёсны салхи сэнгэнэж эхэлсэн энэ цаг үед түүнд тооцох хариуцлага нь намаас түтгэлзүүлэх шийдвэр болж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна