60 тэрбумын гэх тодотголтой Ц.Сандуй болон хотын даргад нэр дэвшиж өрсөлдсөн С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос шийдвэрлэсэн нь “халуухан” байгаа улс төрийн тогоонд тос нэмсэн хэрэг болов.
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооноос энэ талаар өчигдөр хийсэн тайлбартаа “Намын дүрэмд намын эв нэгдлийг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй гишүүнд улс дэмжлэг үзүүлэхээс татгалзана гэж заасны дагуу Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарт арга хэмжээ авсан гэв.
С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын хуралдаанд заалнаас Хотын даргад нэр дэвшиж олонхын санал авсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг томилохоос татгалзсан юм. Мөн С.Мөнхчулууныг дахин Хотын даргад намын дүрмийн дагуу өрсөлдөх боломжгүйг мэдээллийн үеэр хэлж байлаа.
Харин С.Мөнхчулуун гишүүдээ ялгаварласан шударга бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хотын даргад нэрээ дэвшүүлсэн учраас дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.
Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжилахаас татгалзаад зогсохгүй намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх хэмжээнд хүрсэн шалтгаан олны анхаарлыг эрхгүй татаж байна.
Шалтгаан нь түүнийг хотын даргыг томилох Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн залнаас нэр дэвшихдээ, гишүүдийн санал будилуулах лоббиг зохион байгуулсан хэмээн үзсэн аж.
Өөрөөр хэлбэл, нийгэмд бухимдал дагуулсан 60 тэрбумын автор Ц.Сандуй болон түүний тойрон хүрээлэгчдийн дэмжлэгийн сацуу сөрөг хүчнийхэнтэй тохироо хийж, санал цуглуулсан нь шударга ёс тогтоохоор ам тангараг өгсөн Ерөнхий сайдын зарчимд нийцсэнгүй гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй болов уу.
Товчхондоо нийслэлд МАНАН бүлэглэл дахин хүчээ авч, 60 тэрбумынханаас хэт хамааралтай С.Мөнхчулууныг цаашид бие дааж шийдвэр гаргаж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэсэн бололтой.
Тиймээс одоо дараагийн Хотын дарга хэн болох вэ гэдэг марафон МАН дотор өрнөж байна.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна