“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой дуулианы хажуугаар 51 хувьтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэг болж, асуудал нь чимээгүйхэн прокурорт буцлаа. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан саатуулдаг яг тэр өдөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шүүхийн хэлэлцүүлэг болсон байдаг.
Ингээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Г.Амарбат нар болон “Алтжин”-гийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан. Эх сурвалжийн мэдээллээр хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Уг нь Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт” банктай байгуулсан гэрээний зарим баримтыг хуурамчаар үйлдэн 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзээд байв.
“Стандарт” банк нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Арбитрын шүүхийн шийдвэрээр 215 таван тэрбум 388 сая, 407 мянга, 342 төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан гэж үзсэн байдаг. Энэ бүх асуудлыг нотлоход прокурорын ирүүлсэн баримтыг дутуу байна гэж шүүх үзэж буцаагаад байна.
Дараагийн нэг асуудал нь прокуророос Ш.Батхүүг “Алтжин” группын захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэж үзсэн. Өмнө нь Г.Алтан, Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх тэдний талд шийдвэр гаргаад байсан юм.
Харин энэ хэрэгт шинэ нөхцөл үүсч, Г.Алтан, Ш.Батхүү нарыг Төрийн банкийг залилсан гэж үзээд байна. Прокурорын үндэслэлд тэднийг иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг дурдсан байна. Мөн тэдэнд зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн учраас 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх санал хүргүүлжээ.
Өмнө нь Г.Алтан энэ талаар тайлбар өгөхдөө “Би энэ сүлжээнд ямар ч хамаагүй. Тэр компани хэнээс ямар зээл авч байсан. Ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан. Ш.Батхүүг ч сайн танихгүй. Миний хүү Э.Сүрэн Ш.Батхүүд зээл өгч тэр зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэсэн ч хуулийн байгууллага Ш.Батхүү, Г.Алтан нарыг хамсаатан байх үндэслэлтэй гэж үзжээ.
Ер нь тэдний хамтрал “Олон-Овоот”-ын уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийснээр эхэлдэг. 2012 онд Ш.Батхүү “Г.Алтан Олон Овоотын 50 хувийг эзэмших болсон нь үнэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Мөн Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүй.
Тиймээс 2013 оны долдугаар сард “Жаст” группын дампуурлыг зарлаж, ордын лицензийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Эндээс харахад “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африкийн Стандарт банкинд 51 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх хэргийн зангилаа зөвхөн Ш.Батхүү биш Г.Алтан ч энэ хэрэгт холбоотой байж болохоор нөхцөл байдал үүсээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна