Хуульзүйн дэд сайд асан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өчигдөр амалсан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг хэсгийг олон нийтэд үзүүлэв.
Э.Эрдэнэжамьян бичлэг өгсөн эх сурвалжаа хэлэх боломжгүйгээ тодотгоод "Бидэнд нэгэн иргэнээс 4-5 минутын бичлэг ирсэн. Өөрийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг шүүх цагдаагийнхан бэлгийн дарамтанд оруулдаг гэх мэдээлэл бий. Тэдний нэгээс нь ирүүлсэн бичлэгийг өнөөдөр ил болгож байна.
Ерөнхий агуулга нь нэг газар байгаа Е.Сагсай прокурорыг эмэгтэй хүнтэй хамт байж байхад нь хэсэг залуучууд дайрч ороод бичлэг хийсэн юм байна. Улмаар "та яаж байгаа юм бэ, яагаад энэ хүнийг хүчирхийлж байгаа юм бэ" гэж асуусан.
Хариуд нь амлалт авч байна. "Таны яриад байгаа хүнийг хорихоос суллаж өгнө. Өнөөдөр биш биз дээ. Би өөрийнхөө чадах чинээгээр суллаж өгнө" гэх мэтээр барьцаанд орж, суллахаар амлаж байгаа бичлэг юм.
Эмэгтэй хүний дүрсийг хасч товчлон хүргэж байна. Уг нь хүмүүст үзүүлээд байх бичлэг биш л дээ. Гэхдээ ийм бузар булай явдлыг таслан зогсоох ёстой. Хэн ч хэнийг бэлгийн дарамтанд оруулж асуудал шийдэх ёсгүй. Иймэрхүү байдлаар барьцаанд ормогцоо бусдын даалгавараар хэнийг ч хамаагүй сулладаг, ялладаг байдал энэ нийгэмд байна. Ийм хүмүүс хууль системийн байгууллагад ажиллаж байна" гэлээ.
Нийт 4-5 минутын уг бичлэгээс олон нийтэд үзүүлэх боломжтой цөөн хэдэн секундын бичлэгийг үзүүлсэн бөгөөд уг бичлэгт прокурор асан Е.Сагсай нь бичлэгт хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бичлэг хийсэн этгээдүүдийн тулган шаардсанаар ямар нэгэн хэргийг маргаашийн дотор шийдэж өгнө гэдгээ нүцгэн сууж байгаад амалж буй талаар байв.
Эрхзүйч н.Буяннэмэх "Сүүлийн үед Монгол улсад хууль хяналтын байгууллага ард иргэдийнхээ эсрэг ажилладаг боллоо. Өчигдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн этгээдийг өмөөрч, ялласан прокурор шүүгч нарыг илтэд шүүмжилж, шүүхээр ял авсан улсууд нь хэлмэгдсэн байна гээд ар гэрийнхнээс нь уучлалт гуйлаа.
Хяналт тавьж байгаа прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу үгүй юу. Мөн Улсын ерөнхий прокурорын туслах Е.Сагсай хууль цаазын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж байх үедээ ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасныг бид өнөөдөр дэлгэн тавьж байна" гэлээ.
Мөн тэд хэрэв Е.Сагсай бичлэгийн талаар гомдол гаргаж, гүтгэсэн гэвэл шүүхийн өмнө уулзахад бэлэн гэдгээ хэллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна