АТГ С.Баярцогтын ОФФШОР ДАНСНЫ ХУУЛГЫГ хоёр өдрийн өмнө хүлээн авчээ

2019/03/25
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийх үедээ Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дахь дансны таван хуулгыг авч ирсэн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлсэн билээ. Тэрбээр С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны гүйлгээ, дэлгэрэнгүй тайланг Монгол Улсад авч ирсэн төдийгүй Гадаад харилцааны яамаар дамжуулж, АТГ-т хүргүүлэхээр болсон талаар ярьсан байдаг.

Харин Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийхдээ "Анх шалгагдаж эхлэхдээ л өөрийн оффшор таван дансны хуулгаа АТГ-т өгсөн" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл АТГ Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны дэлгэрэнгүй тайланг хоёр өдрийн өмнө хүлээн авчээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь дансны хуулгыг АТГ хоёр хоногийн өмнө албан ёсоор хүлээж авсан" гэж мэдэгдлээ. 

Эх сурвалжийн хэлснээр бол Сангийн сайд асан С.Баярцогт өөрийн дансны хуулгаа АТГ-т өгсөн ч албан ёсны баримт гэж хэлэхэд учир дутагдалтай байжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүний авч ирсэн С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны дэлгэрэнгүй хуулга нь баталгаажсан, мөрдөн шалгалтын үеэр ашиглаж болох албан ёсны баримт гэдгийг АТГ-аас онцоллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна