Прокурор асан Е.Сагсайн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн бичлэгийг хэд хоногийн өмнө МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян ил болгосон багагүй дуулиан дэгдээгээд байгаа билээ.
Тэрбээр энэхүү бичлэгийн талаар “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний тайлбараас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
1. Бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй. Намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм.
2. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй.
3. Ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны бөгөөд надад оногдсон үүрэг байсан.
4. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас 30 орчим насны хоёр залуу орж ирж, хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекетлэх замаар бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна.
5. Миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор намайг дарамтлах, гэм буруутай мэт харагдуулах гэж ийм үйл ажиллагаа зохион байгуулсан байх гэж бодож байна. Энэ бичлэгийг тухайн үед нь бус, өнөөдөр тарааж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж үзэж байна.
6. Би энэ асуудлыг хуулийн дагуу, хуулийн хүрээнд шалгуулна. Бичлэг хийсэн хүмүүс, хэний даалгавраар, ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн тухайгаа хуулийн байгууллагад тайлбарлах байх.
7. Шударга бусын хонгил байхгүй гэдэгт би итгэдэг. Зарим улстөрчдийн зохиосон зохиомол нэр томьёо байх гэж ойлгодог. Н.Энхбаярыг миний бие хэргийг нь хянаж, яллахын хувьд надад Н.Энхбаярыг ялла, шийтгэ, гэм буруутайд тооц гэж хэн нэг хүн, ямар нэг этгээд даалгаж, захиалга өгч байсан тохиолдол огт байхгүй.
8.Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлгээр болон дараачийн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Ц.Элбэгдорж Сагсайгийн но-г мэддэг байсан учраас Сагсайд үүрэг өгч, энэ ажиллагааг хийлгэсэн байна” гэх мэтээр ярьсан. Тийм зүйл огт байхгүй.
9. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй нэг ч уулзаж, ярилцаж үзээгүй. Энэ утгаараа би тэр хүнийг танихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид, хууль хүчний байгууллагуудад хэрэг хянах, хэрэг яллах, гэмгүй хүнийг гэм буруутан болгох талаар үүрэг даалгавар өгдөг эрх хэмжээ хуулиар ч байхгүй.
10. Хуульд нийцсэн, шударга ёсны үйлдлийг мушгин гуйвуулж, хууль бус ажиллагаа явуулахыг “Сагсайдах” гэж нэртэй байх мэтээр нэрлэж, хүний нэр усыг элдвээр хэлэх чинь илэрхий доромжилж, мушгин гуйвуулж байгаа үйлдэл.
11. Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн надтай уулзаад "Манай Н.Энхбаяр даргын гарт чиний тухай, чиний хувийн амьдралын тухай ноцтой мэдээлэл бүхий бичлэг байна.
Тийм учраас Н.Энхбаяр дарга чамайг “Давж заалдах шатны шүүх хурал дээр миний хэргийг гэм буруугүй гэж хэлж, хэргийг маань цагаатгуулж өг" гэдэг асуудал тавьж байна. Хэрэв энэ хүсэлтийг биелүүлэхгүй бол бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж байна шүү” гэсэн.
12. Яг ямар үйл явдал болсныг би өнөөдөр тод санаж чадахгүй байна. Тэгэхээр энэ бичлэгийг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан бодит байдлыг тогтоолгох саналыг би хуулийн байгууллагад гаргана.
13. Монголын төрд ажиллаж байгаа мянга мянган шударга хуульчдыг, шударга шүүгч, прокурорыг бүхэлд нь харлуулах хар пиар хийж болохгүй гэж бодож байна. Хуульчид бүгд ийм байсан мэтээр ярьж, хэлж байгаад нь би туйлаас харамсаж байна.
14. Өнөөдөр Монголын төрд байгаа бүх хуульч хууль хэрэгжүүлэхийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө, асуудлыг шударгаар шийдүүлэхийн төлөө явж байгаа гэдэгт би итгэдэг. Энэхүү бичлэг хийсэн болон нийтэд түгээсэн этгээдүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзэж байна.
15. Өнөөдөр нийгэмд хувь хүний нууцтай холбоотой, хувь хүний амьдралтай холбоотой ийм мэдээлэл тарааснаас болоод миний гэр бүлийн амьдрал, хувь хүний амьдралд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ноцтой хор хохирол учрахыг үгүйсгэхгүй.
Гуч, дөчин жил ханилсан гэр бүл салж сарниж магадгүй, гэр бүлд хэрүүл маргаан зохисгүй харьцаа үүсэж болзошгүй. Түүнчлэн гэр бүл, үр хүүхдүүдийн хооронд үл ойлголцол бий болохыг ч үгүйсгэхгүй.
16.С.Зоригийн шалгагдаж байх бүх хугацаандаа нууцын зэрэглэлтэй явсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг хянадаг прокурор тусдаа, мөрдөгчид нь тусдаа байдаг учраас прокурор болгон энэ хэрэг рүү ороод мэдээлэл аваад байх бололцоо байхгүй. Би энэ хэргийн талаар нэг удаа материал үзэж, нэг удаа оролцож байгаагүй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна