Ц.Элбэгдорж: Х.Баттулга улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа

12 цаг 0 минутын өмнө
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан.

Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Үүнийхээ төлөө одоогийн ХЗДХ-ийн сайд уучлал гуйж огцор хэрэгтэй.

 Х.Баттулга хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг нь унагах байдал руу оруулж байна. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр. Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан. 

1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Одоогийн нөхцөл байдал бол УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга” гэсэн юм.
 
Дээрх асуулт, хариултыг хүргэе.
 
-Таны  “оймсыг гозолзуулах цаг ирж байгаа” гэж  Н.Энхбаяр хэлсэн. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
 
-Би Н.Энхбаярт уучлал үзүүлж байснаа сайн санадаг. 2013 оны наймдугаар сарын 1 байсан. Миний ээж 2013 оны наймдугаар сарын 3-нд өөд болсон. Харин прокурорын байгууллагын ой дээр ярьсан зүйл бол 2015 оны наймдугаар сарын 14. Н.Энхбаярыг уучилснаас хойш хоёр жилийн дараа хэлсэн зүйл. 

Би тэр үед яг өнөөдөр болох гэж байгаа зүйлийг ярьсан. Монголын төр рүү хууль, шүүхээс зугтдаг хүмүүс мярааж байна. Тийм хүмүүс шулмын арми бий болгоод тархи угааж байна. Ийм аюул болох нь байна шүү. Хууль шүүх дээр шударга ёс тогтоохоор явж байгаа хуульчдаа төр нь хамгаалах ёстой шүү гэж хэлж байсан.

Одоо яг хэлснээр болж байна. Миний хувьд хэн ч, ямар ч албан тушаалтан хууль, шүүхээс дуудвал яваад оч гэдэг. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг нь хууль, шүүхийн байгууллагад үзүүлдэг хүндэтгэл. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан. Ирэхгүй болохоор нь баривчилгаа болсон байдаг. Бид нар өөрсдөөсөө соёл нэвтрүүлж хууль, шүүхийн байгууллагаа хүндлэхгүй бол хэн ч хүндлэхгүй.
 
–С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж, шинэ нөхцөл байдал үүслээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
 
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан. 1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа. 
 
Чуулган өнөөдөр хуралдахгүй байна. Юу хүлээгээд байгаа юм. Нэг аюултай аймшгийн бичлэг байгаа л гээд байгаа. Тэр хүмүүс нь эрүүдэн шүүгдсэн, хилсээр ял авсан гээд л… 

Өнөөгийн хууль зүйн сайд бол Зоригийн алуурчдаар бахархдаг. Зоригийн аллагыг зохион байгуулсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ажилладаг байсан. Та нарын өмнө сууж байгаа намайг алчихаж гэж бодъё. Зохион байгуулагчийг олохын төлөө Ц.Нямдорж явах уу? Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг хараадаг байсан, тэр үед. 

Энэ аллагаас хэн хожиж, хэн нь мөнхийн зүрхэндээ шархтай явж байсныг мэдэх хүн нь мэднэ. Ц.Нямдорж Эрдэнэтийн 49%, Зоригийн аллага дээр сэдэв хараад олж авсан. Өөрийнх нь зан араншин нь тэр. Энэ байдлаас гарах арга бол Хууль зүйн сайдаа чөлөөлөх. Яахаараа энэ хүн ингэж ажилладаг юм. Тэгээд УИХ-ын гишүүнээс нь чөлөөл.
 
-МАНАН бүлэглэлийг нураахын тулд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлага, бүх шатны шүүгчийг чөлөөлдөг болох тухай төслийг Ерөнхийлөгч санаачилж,  УИХ-аар ид хэлэлцэгдэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
-ҮАБЗ-ийн оруулсан хууль УИХ-аар батлагдах уу, үгүй юу гэдэг асуудал биш боллоо. Батлагдахгүй бол дахиад л орж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг зүрхэнд суулгаад өгч. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч энийг уншиж байгаа. 

УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга. ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хуулиас, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм. 280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурсахдаа тэр тухай дурдаагүй. ЖДҮ-ийн тухай ярихгүй байгаа.
 
-Шүүгчийг, прокурорыг хэн шүүх вэ. Бүтцээ өөрчлөхгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Хууль хяналтын байгууллага өөрсдөө сайн дураараа огцрохгүй байгаа?
 
-Дэвшлээ хадгалаад явчих ёстой байсан. Би 11 хууль санаачлаад оруулсан, 7 хууль батлагдсан, 4 хуулийг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой байсан. Гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч улстөрч шүүхгүй. 

Засах шаардлагатай зүйл байгаа бол шүүх нь засдаг. С.Зоригийн хэрэг дээр шинэ нөхцөл үүслээ. Үүн дээр прокурор нь хянаад явах ёстой. Дахин, дахин шалгаад хянаад явдаг.

Хэргийн мөрдсөн, шалгасан, хянасан хуулийнхан хэдэн зуун хүн, Ц.Элбэгдорж дээр нь сууж байгаа болоод түүний дур зоргыг хэрэгжүүлэх гэж ажиллана гэж байхгүй. Алдаа гарсан бол засаад явах ёстой.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудалд таныг оролцоо байсан гэдэг. Та үүнд тайлбар өгнө үү?
 
-2015 онд соёрхон баталсан гэрээг ярьдаггүй. З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. Ростех компанид эрхээ шилжүүлчих. Монголын 51 хувь яригдсан бол ҮАБЗ хуралдах байсан. Хүнд байгаа 49 хувийг авчрах гэж байгаа ҮАБЗ хуралдахгүй.
 
 -ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай та  ямар холбоотой вэ?
 
-Б.Хурцтай Ерөнхий сайд байхдаа ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан.
 
-Таныг шударга бусын хонгилыг бий болгосон гэж шүүмжилдэг?
 
-Таван жил үргэлжилж байгаа кино. Манай улстөрчид ардчиллын төлөө дуугарахаа больсон. Намайг хэн хараадгийг би сайн мэднэ. Хэдэн зуун тролл шулмын армитайг ч мэднэ. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү муу хүн байх ёстой. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч байх ёстой. Шударга бус хүн байх ёстой гэж тэд боддог.  Гэхдээ “Та хэзээ ч нугарч болохгүй шүү” гэж хэлдэг хүмүүс ч байдаг юм.
 
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг таныг шүүхэд өгсөн гэсэн?
 
-Ерөнхий сайдыг огцруулах саналыг Ерөнхийлөгч гаргаж болно гэсэн заалт хуульд байдаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тийм нэг сарайсан өргөдөл барьж орж ирснийг нь би буцаагаад өгч байсан. Та нар санаж байгаа даа, Ардын намынхны Н.Алтанхуягтай холбоотой олж авсан юм гэдэг хэдэн мянга. 

Хүргэнийх нь асуудал, нүүрсний асуудал, Тавантолгойд хашаа, авгайнхаа нэр дээр байшин бариуллаа гээд үнэхээр хүнд байдалд орсон байсан байх. Тэр галыг надаар бариулж УИХ руу гаргах гэсэн болов уу. Болсон юмыг би болсноор нь хэлнэ. Тэрбум төгрөг нэхсэн сураг сонссон. Би тайлбараа өгнө.
 
-Төмөр замын хэргийн талаар та ямар байр суурьтай байна?
 
-Намайг Ерөнхийлөгчийн албанаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жил дайрлаа, би дуугүй явсан. Найман тэрбум ам.долларын ашигтай ажиллах боломжоо Монгол алдсан. Монголын төмөр зам баригдаж эхлээгүй байхад манай цаад талаар Оросын төмөр зам ашиглалтад орчихсон. 

Нүүрсээ зөөгөөд эхэлчихсэн. Монголоос нүүрс авахгүй. Төмөр зам тавихаар төлөвлөгөө гаргасан улсууд тооцоо хийсэн  байсан. Төмөр замаа тавиад 2013 оны нэгдүгээр сарын 1-ээс нүүрс зөөсөн бол 21 их наядын экспорт Монгол хийх боломж байсан. Үүнээсээ 16 их наядын татварыг төлчих ёстой байсан. 

Монголын эдийн засаг гурав дахин өсөх боломжийг тэр төмөр зам бариагүйгээр хаасан. Хятадын төмөр зам, манай талын барьсан төмөр зам хоёр нийлдэггүй. Дахиад нийлүүлэхийн тулд 60, 70 км-ыг барина. Төмөр зам барих хэрүүлээ хийсээр байтал Хятад нүүрс авахаа болих байх. Ийм боломжийг монголчууд алдсан
 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна