Ц.Нямдорж: "Бүгд нийлж байгаад балмад ажлаа хийсэн. Захиалагч, зуучлагч, хамжигч байгаа"

2019/03/29
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр үзүүлэв.

Хүний эрхийг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүсэн энэхүү бичлэгийг нийгмийн айдаст автуулж болзошгүй энэхүү бичлэгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас төдийгүй үзсэн сэтгүүлчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь тохиромжгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийснийг хүргэе.
Тэрбээр мөрдөн байцаах ажиллагааны нарийн ширийн зүйлийг ярих боломжгүй гэдгээ илэрхийлээд дараах тайлбарыг өглөө.
 
“Тухайн үед ийм аймшигтай  зүйл болж байгааг Ажлын хэсгийнхэн хараад сууж байсан. Энэ хэргийг шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зүгээр л байхгүй болчихсон.

 Цагдан хорих байрны дарга, төлөөлөгч хоёр хоолыг нь оруулж өгнө. Харьцах ямар ч эрх байхгүй. Тэгээд Тагнуулынхан өрөөг нь онгойлгоод байгаа юм.

Т.Чимгээгийн өрөөнд 23:35 цагт цээж нүцгэн ялтан оруулж байгаа нь тэр. Сэтгүүлчид нүдээр үзсэн болохоор ойлгож байгаа байх. Гэтэл хүн итгэхгүй байгаа юм. Үзсэн цагт л итгэнэ.

Ц.Амгаланбаатар 2013 оны дундуур Архангайн Цэнхэрийн голд нас барсан гурван хүний хэрэг хүлээсэн байдаг. Гэхдээ тэр нь худал байсан. Удалгүй Говьсүмбэрийн чангад аваачсан. Ингээд хоёр ахтай болсон. Тэр нь одоо хоригдож байгаа тагнуулын хоёр хүн.

Ингээд 2014 оноос мессежүүд цувж эхэлсэн. Одоо болохоор “Би гар утас ашиглаж мэдэхгүй. Миний хажууд утсаараа юм бичээд байдаг байсан. Хэн рүү юу бичсэнийг мэдэхгүй” гэж хэлдэг. Амгаланбаатар бол сургууль дундаасаа гарчихсан. Борог амьдралтай явж байсан хүн. Тэр мессежүүд үгийн нэг алдаагүй байсан. Би мессежийг хараад болохоо байчихлаа гэж ойлгосон.

Тэр мессежүүдэд одоо шийтгүүлээд байгаа бүх хүн холбогдоно. Монголын шүүх тэр аль эрт 2014 онд бичигдсэн мессежүүдээр шийдчихсэн.

Хамгийн гайхалтай нь хэрэг явдал болоход хоёр хүн ороод гарсан нь гарцаагүй болсон. Хаалгаа онгойлгоод доошоо буухад нь хоёр хүүхэд шатан дээр зогсож таараад харсан. Одоо дөрөв болчихсон. Тэр хоёр хүүхэд аравдугаар сарын 2-ны 23:35 цагт  кино үзчихээд коридортоо гараад зогсож байтал дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн буусан. Тэгээд нэг нь талийгаачийн гэр рүү, нөгөө нь гарсан хүмүүсийн хойноос явтал алга болчихсон байсан.

Эрүүдэн шүүлтийн тухайд үргэлж ийм зүйл болдог гэж зарим хүн худлаа хэлдэг. Манай хорих байрууд камерын хяналттай. Нэг стандарттай. Давхар камераар хянадаг. Ингэж хяналтад оруулахгүйн тулд 2000 оноос хойш ашиглахаа больсон подволийг зориуд бэлтгэсэн байсан. Тэгээд тагнадаг төхөөрөмжөө суурилуулсан.

Тэр ажлыг нь ТЕГ-т ахлах дэслэгч байгаад гэнэт ШШГЕГ-т дэд хурандаа цолтойгоор ирсэн хүн зохион байгуулсан. Би энэ хүнийг халсан. Сая тэр хүнийг хорих гэтэл прокурорынхон хамгаалаад суллачихсан.

Ер нь энэ ажиллагааг нууцлах бүх ажлыг 4-5 прокурор хийж байгаа. Тэр этгээдүүдийн тоонд хотын прокурор Баярмагнай гэдэг нөхөр орно 

Энэ бүхнийг улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн гардан удирдсан. Гүйцэтгэх, мөрдөх, хянах, шүүхээр оруулах ажлыг нэг хүн хийсэн. Хуулийн систем чинь давхар хяналттай байдаг.

Гэтэл дөрвөн давхар хяналтын шүүлтүүрийг байхгүй болгосон. Ажлын хэсэг нь улсын прокурорын өргөтгөлийн байранд бүгдээрээ сууж байгаад энэ ажлыг хийсэн. Намайг сайдаар очсоны дараа тэр хууль бус ажлын хэсгийг тараасан” гэлээ.

Ц.Нямдорж сайд хэргийн захиалагчийн тухайд “Бүгд нийлж байгаад балмад ажлаа хийсэн. Зорилготой. Захиалагч, зуучлагч, хамжигч байгаа.

 Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр тусгай хүчний нууц ажилтан байсан хүн даалгавартай орсон. Дагалдан хийж байгаад шүүх хурлын өмнөх өдөр өмгөөлөгчийн эрх өгөөд шүүх хуралд оруулчихсан. 

Давж заалдахдаа “Миний үйлчлүүлэгч энэ хэргийг илчилж гавьяа байгуулсан. Миний үйлчлүүлэгчийн илчилсэн захиалагч, зуучлагч, хамтрагчийг хамтад нь шийтгэж өг” гэж гомдол гаргасан. Ийм өмгөөлөгч гэж байх уу? ШШГЕГ бол юунд ч оролцож болохгүй гээд гаргачихаад ажлын хэсгийнхэн түйвээгээд байсан. 

Айлгадаг арга нь их сонин. Ямар нэг байдлаар энэ чинь буруу гэж эргэлзсэн хүмүүст хэрэг нээдэг. Бүх өмгөөлөгчийг тэгэж айлгасан. Намайг хариуцлага асуухаар хоёр тийшээ хараад юм ярихгүй байгаа юм. Ингэж айдастай болгосон. Ажлын хэсгийнхний орооцолдсон хөрөнгө мөнгө цадигаа алдсан юм билээ.

Одоо энэ асуудлыг АТГ энэ асуудлыг шалгаж байгаа. Прокурор бүрдүүлсэн 70 шахам хуудастай хэргээ шилжүүлж шалгуулах ёстой. Шинжээч томилно. Найман сар хөөцөлдөж байж нууцаас гаргууллаа. 

Гүйцэтгэх ажилд хяналт тавьдаг, энэ асуудалд орооцолдсон нийслэл, улсын прокурорт байгаа 5-6 хүний дунд болж байгаа л асуудал. Гол зохион байгуулсан Г.Эрдэнэбат өчигдөр зайлж байх шиг байна.ажлаа өгч байх шиг байна.

Харин Б.Булганы хувьд анх хохирогч байсан. Дараа нь сэжиглэгдэж 10 сар хоригдсон. Хоригдох хугацаандаа гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ “Эд нар алсан хүмүүс биш” гэж хэлсэн. Тэгэхээр суллаад шүүх хуралд оруулалгүй Б.Булганы дээр үед өгсөн ам зургаар энэ хүмүүсийг шийтгэчихсэн.

Учир нь Б.Булган тэдэнд хэрэггүй мэдүүлэг өгсөн учраас юу ч биш болгоод хаячихсан. Б.Булганаас надад өргөдөл ирсэн. “Тэр үед 13 настай байсан охиныг маань оролдож эхэлж байна” гэсэн зүйл хэлсэн. Тэр өргөдлийг лавшруулж шалгана” гэлээ.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна