ЖДҮХС-тай холбоотой дуулиан анхлан дэгдэж эхлэх үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэр дурдагдаж байв. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад "Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь" гэснээс өөр зүйл хэлж байгаагүй юм.
Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компанийн ЖДҮ сангаас авсан зээлийн баримт тун удалгүй хэвлэлээр ил болсон байдаг. Тодруулбал, А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэл түмэн хишиг" компани 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан болох нь баримтаар илчлэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр зарлагдсан ЖДҮ сангийн зээлтэй нэр холбогдсон 49 гишүүний нэрсийн жагсаалтад УИХ-ын гишүүн А.Сүхбатын нэр ч бас дурайж байна.
“Өдрийн сонин”-д түүнийг “Дархан таван нуур” ХХК-иар дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан хэмээн бичжээ.
“Дархан таван нуур” ХХК нь гурил, тэжээл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг компани бөгөөд Дархан Уул аймагт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Тэгвэл А.Сүхбат нь “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Дархан таван нуур” ХХК зэрэг компаниудаараа дамжуулан авсан ЖДҮ сангийн зээлээрээ архины бизнесээ цэцэглүүлэн хөгжүүлсэн байж магадгүй байна.
Ингэж хардах болсон шалтгаан нь Дархан Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтан хүнс групп” гэх компанитай холбоотой юм. Уг компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг тухайгаа эрхэм гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлжээ.
Тэгвэл А.Сүхбатын эзэмшлийн “Алтан хүнс групп” ХХК нь оны өмнөхөнөөс гүн хөлдөөлтийн аргаар гаргаж авсан Аргаль хэмээх архийг зах зээлд танилцуулсан бөгөөд эл архийг үйлдвэрлэхэд зориулж түүнийг ЖДҮХС-аас нэр дурдагдсан хоёр компаниар дамжуулан их хэмжээний хөнгөлөлтэй зээл авсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжийн зүгээс өгч байна.
А.Сүхбатын тухайд өмнө нь солонгосчуудтай хамтран сөжү архины үйлдвэр байгуулахаар нэг хэсэг явсан, эл бизнесээ хийхийн тулд "Ноёд" объектыг худалдаж авсан ч төлөвлөгөө нь амжилттай хэрэгжээгүй гэх мэдээлэл хэвлэлд бичигдэж байжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна