УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллаа

2019/04/04

ИХ-ын гишүүн М.Энхболд 3 сарын 29-өөс 4 сарын 2-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудыг танилцуулан сум орон нутгийн амьдрал, хаваржилтын байдал, иргэдэд тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцон өргөдөл, хүсэлтүүдийг хүлээн авлаа. Санал хүсэлтүүдийг холбогдох яам, харьяалагдах газруудад уламжлан бүх санал, өргөдөл шийдэгдэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн Эрдэнэ суманд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн байр, Баян суманд 75 ортой сурагчдын дотуур байр, Батсүмбэр суманд 920 суудалтай сургуулийн байр, Зуунмод суманд 640 суудалтай Спортын төрөлжсөн сургуулийн байрны шавыг тавилаа.

Мөнгөнморьт, Батсүмбэр, Баян суман дахь Аврах гал унтраах ангид ой хээрийн түймэр унтраагч үлээгч аппарат тус бүр 3 ширхэгийг олголоо.

УИХ-ын гишүүн М.Энхболдын тэргүүлдэг “Эх нутгийн иргэд” ТББ-аас “Гэр” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон байрны гачигдалтай 17 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэрийг олгожээ. Өнгөрсөн онд мөн 30 өрхөд олгож байжээ. “Гэр дулаан бол сэтгэл дулаан” төслийг хэрэгжүүлж 1800 тонн нүүрсийг 2000 гаруй өрхөд үнэ төлбөргүй хүргэсэн байна.

Эрдэнэ суманд болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжлэгээр БНСУ-д 170 гаруй сая төгрөгийн өртөгтэй зүрхний хагалгаанд орж, эрүүл саруул болсон А.Сүлд хүү УИХ-ын гишүүнтэй уулзан талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

2017-2019 онд Төв аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 89,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс УИХ-ын гишүүн М.Энхболдын сонгогдсон тойрог болох Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Батсүмбэр, Мөнгөнморьт, Зуунмод, Сэргэлэн, Эрдэнэ суманд 53 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна