"Зээлээс бүү ай” хэмээн уриалдаг Ж.Энхбаяр 2.5 тэрбумын зээлтэй хэмээн мэдүүлжээ

2019/04/08
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын 100 хувь эзэмшдэг "Газар Буудай" ХХК ЖДҮХС -гаас 2018 онд 950 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ. 

Тэрбээр уг асуудлаар хэвлэлд, “Би бол хариуцлагатай зээл авсан. Зээлийг хариуцлагатай төлдөг. Ажлын байр бий болгох гэж, улс орондоо татвар төлөх гэж, баялаг бүтээх гэж зээл авдаг. Энэ бүхэн нь Ж.Энхбаярын төлсөн татвараар илэрнэ. Ж.Энхбаярын Хувь хүний орлогын албан татварын сүүлийн таван жилийн дүнг нь та нар аваад үзээрэй. Ж.Энхбаяр гэдэг хүн жилд 300-400 сая төгрөг  Хувь хүний орлогын албан татвар гэж хувиараа улсдаа төлж байгаа. Монгол Улсын хамгийн шилдэг татвар төлөгч иргэн. Ж.Энхбаярын хувьцаат аж ахуйн нэгжүүд сүүлийн 20 жил тасралтгүй тэрбум төгрөгийн татвар төлж ирлээ. Үүнд хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Би олон олон ажлын байр бий болгож, орон нутагт шинэ үйл ажиллагаа нэвтрүүлж байна. Залуучуудаа зээл гэдгээс битгий ай. Зээл зорилготой байх ёстой. Зөв зүйл хийх ёстой, энэ бол муу зүйл биш шүү дээ. Зах зээлд хүн бүхэн зээлээр амьдарч байна. Харин зээл аваад түүгээрээ машин авч унавал буруу. Зээлийг ажлын байр бий болгоход, тоног төхөөрөмж авах, улс орондоо хэрэгтэй зүйл бүтээхэд зориулах ёстой” хэмээн тайлбар өгсөн байдаг.

Тэгвэл “Зээлээс бүү ай” хэмээн уриалдаг Ж.Энхбаяр гишүүн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2.5 тэрбум төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн гишүүд дотор Ж.Энхбаяр шиг ийм хэмжээний зээлтэй гишүүн байхгүй байгаа бөгөөд тэрээр энэ төрөлдөөд 76 гишүүнийг манлайлж байна. 

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна