​Г.Алтан мэдээлэлд ойр байдлаа ашиглаж Капитал банкин дахь 80 тэрбум төгрөгөө хувааж татсан уу?

2019/04/10
Дампуурлаа зарлаад буй "Капитал" банкны хадгаламж эзэмшигчид мөнгөө хэрхэн эргүүлж авах вэ гэдэг асуудал өдгөө олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл эхний ээлжид 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн мөнгийг даатгалаас шууд гаргаж Хаан банкаар дамжуулан олгоно гэдгийг Монголбанкны зүгээс мэдэгдээд байгаа юм. 

Үүнийг УИХ-ын гишүүн Дамба-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Хадгаламжийн даатгал гэж байдаг. Үүнд “Капитал” банк 43 орчим тэрбум төгрөгийг хуримтлуулсан юм билээ. Тиймээс 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс санаа зовох зүйлгүй” хэмээн батлан ярьжээ.

Энэ бүхнээс харахад хориос дээш сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс хэрхэн мөнгөө эргүүлж авах вэ гэдэг асуудал бүрхэг байгаа юм.

“Капитал” банкны  томоохон хадгаламж эзэмшигчдийн нэг нь Г.Алтан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үүнийг ч бас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир баталжээ. Тэрээр “Г.Алтан гэдэг хүн энэ банкны  бараг хамгийн том хадгаламж эзэмшигч юм билээ. Ойролцоогоор 80 гаруй тэрбумын  хадгаламжтай. Харин энэ мөнгөө хувааж татсан эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдээллийг хэвлэлд өгчээ.

Г.Алтангийн тухайд Капитал банкийг дампуурлаа зарлана гэдэг мэдээлэлд ойрхон байсан учир тус банкин дахь 80 орчим тэрбумын хадгаламжаа  татаж, хувь хүмүүсийн нэр дээр 20 сая болгож тараасан гэх мэдээлэл цацагдсан.  Тэгвэл энэ нь оргүй мэдээлэл биш бололтой.

Энэ талаар сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа, “Луйвар хийхийн тулд эртнээс зохион байгуулалтад орж бүхнийг нарийн төлөвлөжээ. Бүх юм тэдний зурсан зургаар явна шүү дээ! Банкны дампуурал хүртэл. Дампуурлаа зарласан Б. Ундармаагийн "Капитал" банкинд Алтжин группын эзэн Г. Алтангийн хүү Эдвард Сүрэнгийн 60 тэрбум төгрөг хадгалагдаж байжээ. 

Өгч чадахгүй, дампуурах нь тодорхой болонгуут 1 сая төгрөг өгнө гэж "Алтжин бөмбөгөр"-ийн түрээслэгчдийн иргэний үнэмлэхийг аваад "Капитал " банк дээр хүн тус бүрт хадгаламжийн данс нээлгүүлсэн байна. 

Банк дампуурлаа зарлангуут 20 саяас доош хадгаламжтай иргэд хадгаламжийн даатгалаас мөнгөө Хаан банкаар дамжуулан авах эрхтэй гэжээ. Эдвард Сүрэн ингээд 4200 хүний дансаар дамжуулаад 60 тэрбумаа авчихна. Харин та бид Нийгмийн даатгалын 100 гаруй тэрбум төгрөгөө авч чадахгүй. 

Монгол банк мөнгө хэвлэж өгсөн нэр зүүнэ. Бид цалин,орлогынхоо инфляциар энэ мөнгийг төлнө. Эдний заль мэх, хуйвалдаан бүр төгсөрчихжээ” хэмээн бичжээ.

Тус банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 иргэн байдаг гэх мэдээллийг Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунчимэг өгч байна. Г.Алтангийн тухайд эдгээр 800 иргэний нэг нь. Гэсэн хэдий ч Г.Алтан нь тус банкийг  цаг хугацааны хувьд яг хэдийд дампуурна гэдгийг мэдэж байсан учир ийнхүү 80 тэрбумын хадгаламжаа амжиж татсан бололтой. Харамсалтай нь Г.Алтангаас бусад 800 орчим хүмүүс мэдээлэлд ойр байгаагүйнхээ төлөө өч, төчнөөн эд хөрөнгөөрөө хохирох болчихоод байгаа нь нууц биш юм.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна