Өдрийн сонины сэтгүүлч Д.Мөнгөндалайгийн Электорат хөдөлгөөнийг санаачлагч нийтлэлч Баабартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Электорат хөдөлгөөнийг яагаад санаачлах болов? Ямар учиртай, яадаг хөдөлгөөн бэ?
-Бид 2000 оноос нийгмийн судалгаа хийж ирсэн. Хамтарч ажилладаг хэд хэдэн судалгааны баг бий. Сонгуулийн өмнө хойно ч судалгаа хийж байсан. Зөвхөн улс төр, сонгууль гэлтгүй компаниудын захиалгаар ч судалгаа хийдэг. Энэ нь манай ажлын нэг хэсэг л дээ. Сонгуулийн судалгаанууд амархан шалгагддаг. Сонгуулиар дүн нь гараад ирнэ. Манай судалгааны дүн сайн таардаг. Сүүлийн хориод жил хийсэн улс төрийн судалгаагаар одоогийнх шиг улс төрийн намуудын нэр хүнд ийм болтлоо уначихсан тохиолдол байгаагүй. Хоёр том намын нийлбэр рейтинг хэзээ ч тавин хувиас доош орж байгаагүй. Одоо улс төрийн гуч гаран нам байна, бүгдийнх нь нийлбэр рейтинг гучин хувь хүрэхгүй байна. Улс төрийн хувьд Монголд шинэ нөхцөл байдал үүсчээ. Бид сонгуулиар өөрсдийгөө төлөөлүүлж сонгогдсон тодорхой тооны хүмүүст төрийн эрхээ даатгадаг хуультай ард түмэн. Хүмүүс хоёр намд дөрөв дөрвөн жилээр ээлжлэн итгэл үзүүлсээрявж ирсэн. Гучин жилийн турш ингэж явсаар сүүлдээ сонгогчдын санаа сэтгэл эргэжээ. Намуудад итгэх итгэл үгүй болж, бие даасан улсыг дэмжих хандлага маш их болжээ.
-Манайх чинь олон намын тогтолцоотой биш билүү? Энэ тогтолцоог эвдэж буй хэрэг үү?
-Сайн ч муу ч ардчилсан тогтолцоот нийгэмд улс төрийн намуудын өрсөлдөөн, чөлөөт сонгуулиар төрийн эрх баригчид тодордог. Учир нь улс төрийн нам бол улс орныг дараагийн хэдэн жил яаж авч явах программ, зорилтоо тодорхойлон нийгмээс дэмжлэг авахаар өрсөлдөнө. Монголын нялх ардчилал энэ шаардлагыг хангаж чадахгүй явсаар 30 жил өнгөрч олон түмний улс төрийн намд итгэх итгэлийг алдагджээ. Энэ нь түр зуурын үзэгдэл байх. Иймээс хүмүүс улс төрийн тогтвортой байдлыг эрэлхийлж энэ удаад намуудад биш, бие даагчдад итгэл үзүүлэх хандлага хавтгайрч буйг судалгаа харуулж байна.
-Сонгогчид намуудыг дэмжихгүй шинжтэй боллоо гээд иймхөдөлгөөн санаачилж байгаа хэрэг үү? Нам гэж нэгэн үзэл бодолд нэгдсэн хүмүүс хоорондоо алалцаад байхад. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг олон хүн гарч ирээд зөв шийдвэр гаргаж чадах уу?
-Үнэхээр дараагийн сонгуульд бие даагчид төрийн эрх барих дээд байгууллагад суудлын дийлэнхийг эзэлбэл нэгдсэн бодлогогүйн хувьд энэ нь Монголын улс төрийн үйл явцад ихээхэн том ухралт болно. Бие даагчдын ээлж ирснийг ихэнх хүмүүс, ялангуяа горилогчид сайн мэдэж байгаа. Ийм горилогчид санасныг бодвол маш олон. Янз бүрийн зорилго сонирхолтой, нэгдсэн үзэл баримтлалгүй бие даагчид янз бүрийн арга саамаар олноороо төрийн эрх барих дээд байгууллагад орж ирэх нь тийм ч сайн зүйл биш. Ирэх сонгуулиар гишүүн болох хүмүүс ядахнаа тун энгийн шалгуурыг урьдчилан давсан байх шаардлагатай гэж үзэж байна.
Олон түмэн өнөөгийн нөхцөл байдалд нам гэхээсээ бие даасан улсуудыг илүү дэмжих хандлагатай байна. Ийм үед нэр дэвшигч тойргийн иргэдийнхээ өмнө ил тодоор, юу хийж болох, юу хийж болохгүй гэдгээ илээр амалсан байх хэрэгтэй гэсэн шалгуур тогтооё гэсэн сэдлээс энэхүү Электорат хөдөлгөөний санаа үүссэн юм. Судалгаанаас харахад шинэ, залуу үеийн, боловсролтой, соёлтой, хулгай зэлгий хийдэггүй хүнээ сонгоно гэсэн хандлага байна. Тэгвэл тэр хандлагыг дагуулан баталгаажуулсан дэмжих хүмүүс хэрэгтэй юм гэдэг үүднээс Электорат хөдөлгөөнийгсанаачилсан хэрэг.
-Анх хэн санаачилсан юм?
-Содном гуай, Чойжамц хамба, Гомбосүрэн гуай, иргэн Ламжав, Жанцанноров, сайд асан Бямбажав гуай гээд есөнхүн цуглаад ярилцсан. Нэгэн чиглэл рүү орохгүй бол одоогийн байдлаасаа ч дордох нөхцөл бүрдээд байна гэдэг санаагаар яридцсан. Тэгээд санаачлагчид Электорат хөдөлгөөн гэж байгуулъя гэж тогтсон. Энэ дэлхий дээр чинь сонгууль өчнөөн болдог ч манайх шиг задгай, замбараа дэс дараалалгүй сонгууль явуулдаг нь ховор юм байна. Америкт Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх ард түмнээсээ санал авдаг ч хамгийн сүүлд нь 540 хүн л эцэслэн шийддэг. Давхар сонгууль явуулчихаж байна гэсэн үг. Олон орон ингэж давхар сонгууль явуулдаг. Европын орнуудад намууд өөрсдийнхөө нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг тойрог тойрог дээр нь өрсөлдүүлээд хамгийн их дэмжлэг авч байгаа улсуудаа сонгуульд илгээнэ. Тэр нь бас давхар сонгууль гэсэн үг. Албан бус болон албан гэх мэтчилэнгийн давхар давхар шалгуураар дамждаг. Манайх бол сонгуулийн сурталчилгааны 45 хоногт палхийтэл дэвшүүлээд баахан мөнгө тарааж байгаад ч юм уу, худлаа ярьж байгаад гараад ирдэг нэг тийм задгай юм болчихоод байна. Сонгогчид ихэнх тохиолдолд сонгож буй хүнээ таньж мэддэггүй, хэд хоногт өөрийнх нь ярьснаар хагас дутуу ойлголт авдаг. Сонгосныхоо дараа бөөн гомдол. Тэгэхээр энэ сонгох гэж байгаа хүмүүсээсээ сонгогчид хоосон амлалт биш, бодит баталгаа авдаг механизм хэрэгтэй гэж тогтож ярилцсан. Ингээд эхний алхам болгож гурван зуу гаруй хүнд захидал бичин энэ санаагаа танилцуулж “Бид ийм нэг юм санаачилчихаад байна. Үүнийг дэмжээч ээ” гэсэн. Ингэж л жар гаруй хүнтэй Электорат хөдөлгөөнөө долоо хоногийн өмнө албан ёсоор байгууллаа.
-Электорат хөдөлгөөн гэж яагаад нэрлэх болсон юм?
-Нэрний хувьд ийм юм. Бид өөрсдийн санаа бодлоо хуваалцаж гурван зуугаад хүнд захидал бичихдээ “Үндэсний сэхээтнүүд үндэстнээ аварна” гэж уриалсан. Бид сэхээтэн гэдгийг сэхээрсэн хүмүүс гэж ойлгож байна. Нийгмийн ухамсартай хүмүүс. Энэ нь шууд утгаараа дээд сургууль төгссөн дипломтой хүн гэсэн үг хараахан биш. Ухамсартайгаар төрийнхөө сонгуульд оролцож, төрөө зөв байгуулж чаднаа гэж үздэг учраас сэхээрсэн гэж байгаа юм. Электорат гэж бол давхар сонголтынхныг л хэлдэг. Анхны санал болгож байгааг, эсвэл зэрэгцүүлэн нэр дэвшүүлж буй бүлгийг Электорат хөдөлгөөн гэдэг л дээ. Энд тэндгүй байдаг үг. Одоо зарим нь гуйвуулж нэрлээд “электрод” гээд байна лээ. Надад бол тэр нэршил сайхан санагдаж байгаа. Электродоор юм гагнадаг биз дээ. Тэгэж гагнахад оч үсэрдэг, очоос дөл үүснэ, дөлөөс гал үүснэ гээд сайхнаар хүлээж авбал гомдох юм үгүй. Электрон хөдөлгөөн гээд л зарим нь хоч зохиох юм. Энэ ертөнц өөрөө электрон шүү дээ. Надад тэр ч бас л таалагдаж байна.
-Танай хөдөлгөөнд ямар шаардлага хангасан хүмүүс багтаж байгаа вэ? Анзаарахнээ, олны танил, буурь суурьтай хүмүүс л харагдана лээ. Гэхдээ бас зарим хүн шүүмжлээд эхэлсэн байна. “Социализмын үед амьдарч байсан “хуучин” хүмүүс яаж шинэ соргог сэтгэж, зөв хүн олж гаргах юм” гэцгээгээд л...
-Электорат хөдөлгөөний гишүүн болох хүмүүсийг нэлээд хэдэн зүйлийн шалгуураар сонгон санал тавихаар бид эхнээсээ тогтсон юм. Нэгдүгээрт: Электорат хөдөлгөөнд орсон хүмүүсийг олон түмний ихэнх нь таньж мэддэг байх ёстой. Энэ хүн биднийг буруу зам руу хөтлөхгүй биз гэсэн итгэл үнэмшил сонгогчдод төрүүлөх болов уу. Хоёрдугаарт: энэ хөдөлгөөнийхөн өөрсдөө сонгуульд нэр дэвшиж болохгүй. Чингэвэл дэндүү зөрчилтэй харагдана. Гуравдугаарт, энэ хөдөлгөөнийхөн ямар нэгэн ашиг сонирхол хөөгөөгүй, зөвхөн улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд санаа зовсон эх оронч сэтгэлээр нэгдсэн учир сонгууль дуусмагц шууд тарж цаашид үйл ажиллагаа явуулахгүй. Дөрөвдүгээрт: энэ хөдөлгөөн өөрийнхөө нэр дэвшүүлж байгаа хүнийг дэмжинэ. Нэг үгээр өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьж буй хэрэг. “Энэхүү нэр дэвшиж байгаа хүн бол ёс суртахууны хувьд гайгүй юм байна” гэж хэлж байгаа хэрэг. Гэхдээ хөдөлгөөний аль ч гишүүн хувь хүнийхээ хувьд өөр бие даагч болон нам эвслээс нэр дэвшигчийг дэмжиж болно. Энэ нь хэт явцуурахаас зайлсхийж буй хэрэг. Ийм тохиолдолд Элэкторат хөдөлгөөний нэрийг ашиглаж болохгүй л гэсэн үг. Тавдугаарт: хэний ч эсрэг сөрөг сурталчилгаа хийхгүй. Зарим сайтаар хэнийг ч сурталчлахгүй гээд буруу бичээд байна лээ. Хэн нэгнийг нийлж хараахгүй, харин зөв хүнийг нийлж ерөөнө гэсэн үг.
-Бие даагчдыг дэмжих хөдөлгөөн гэж гарч ирчихээд одоо зөв хүн гээд яриад эхлэх юм?
-Бид анх үнэхээр “Бие даагчдыг дэмжих хөдөлгөөн” гэж нэрлэж байсан. Хөдөлгөөн байгуулах цугларалт дээр олонхийн саналаар “Зөв хүнээ дэмжих хөдөлгөөн” гэж албан ёсоор нэрлэхээр шийдлээ. Манайх бусад нэр дэвшигч болон бусад намын эсрэг хөдөлгөөн биш. Зөв хүн байвал хэнийг ч дэмжиж болно гэсэн үг. Ер нь бие даагчгэдэг бол Монгол Улсын өнөөдөр үйлчилж байгаа хуулиар намын гишүүн ч байж болно, нам бус ч байж болно. Хамгийн анхны бие дааж сонгогдсон хүн бол 1992 онд Говь-Алтайгаас МАХН-ын гишүүн Зуунай гэж байв. Энэ мэт бие даагч өнгөрсөн сонгуулиудад олон гарсан, хуулиар ч үүнийг зөвшөөрдөг. Бие даана гэдэг бол нам бус байна гэсэн үг биш. Тиймээс өөр нам бүлэглэлээс нэр дэвшигч зөв хүнийг дэмжих нь зүйтэй гэж үзвэл дэмжинэ. Ямар нэг юмыг эсэргүүцэн тодорч буй нэгдэл биш, тэр дундаа улс төрийн намаар дамжин төрийн бодлого тодорхойлдог өнөөгийн тогтсон механизмыг сөрж байгаа хэрэг бүр биш.Өнөөдөртөө бие даагчдыг дэмжих хандлага манай олон түмний дунд хавтгайрчихаад байгаа учраас энэ нь хүсээгүй үр дүн рүү аваачих вий гэсэн болгоомжлол эрхгүй төрж байна. Элэкторат хөдөлгөөн бол төрийн болон олон нийтийн байгууллага биш, сайн дураараа хэдхэн зарчим дээр тодорхой хугацаанд нэгдсэн хүмүүс шүү дээ, бид. Энэ улсууд маань санал болгож байгаа нэр дэвшигчидтэй гэрээ байгуулна. “Чамайг дэмжье. Чи их хурлын гишүүн болвол чамтай гэрээ байгуулна. Хулгай хийхгүй, худлаа ярихгүй, давхар дээл өмссөхгүй” гэдэг юм уу, “элдэв популизмаар хөөсрүүлээд явахгүй, сонгуулийн хугацаанд мөнгө тараахгүй” гэх мэтээр гэрээндээ тусгана. “Ийм тохиолдолд бид нэр төрөөрөө чамайг дэмжиж байнаа” гэсэн утгатай л юм. Электоратад орсон хүмүүс маань янз бүрийн хувийн бодолтой. Иймээс сая цуглахад “Манайхаас нэр дэвшиж байгаа хүн дараагийн парламэнтийг хоёр танхимтай болгохоор Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын төлөө тэмцэх ёстой”, “Халдашгүй эрх гээч ямбыг үгүй болгох хэрэгтэй” гэх мэтийн олон санал гаргацгаасан. Энэ бүхнийг хоорондоо ярилцан зөвшилцөлд хүрэх байх.
-Гэрээ зөрчвөл яах уу?
-“Би их хурлын гишүүн болох юм бол ийм, ийм ийм буруу зүйл хийхгүй” гэх мэт заалттай гэрээг биднээр дамжуулан тойргийн сонгогч түмэнтэй хийх шаардлага тавина. Өнөөгийн жидүү, 60 тэрбум маягийн хэрэгт нэр холбогдохгүй гэсэн санаа. Иймэрхүү муугийн олонжишээ байна л даа. “Хэрвээ холбогдвол шууд нэрээ татна” гэх мэт гэрээ тойргийн сонгогчидтойгоо хийж амлалт авах ёстой.
-Та нарыг хэн санхүүжүүлж байгаа юм? Нэг их сайхан сэтгэлтэй, эх орноо гэсэн хүмүүс үнэхээр цаг заваа гарздаад ингээд явна гэж үү. Бас нөгөө нэр дэвшигчид чинь санхүү тааруухан байвал яах юм. Зөв хүн ч гэсэн мөнгө санхүү муутай юм гээд орхих уу?
-Энэ хөдөлгөөн улс төрийн нам биш учраас нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бололцоогүй. Олонд танигдсан нэр хүндээрээ л дэмжинэ. Олон түмний таньж мэдэх улсууд байгаа учраас нэр дэвшигчиийг гэхээсээ араас нь баталж байгаа улсуудыг хараад итгэнэ гэж найдаж байна. “За даа, Урианхай гуай ч худлаа яриад байх хүн биш дээ” гэх жишээтэй. Түүнээс биш огт танихгүй хүн орж ирээд ямар ч баталгаагүйгээр сонгогддог тохиолдол олон бий. Бид одоо хэдэн зуун хүнээс хэнийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгааг нь тодруулсан санал анкетаар авна.
-Гишүүн болчих санаатай хүн дэндүү олон шүү дээ. Тэд бүгдээрээ танай Электоратад тоогдчих санаатай анкетаа ирүүлвэл яах юм?
-Мянга ч юм уу, найман зуу ч юм уу хүний нэр ирэг л дээ. Энэ нэр ирэхээр нэг тойрог дээр таван хүн янз бүрийн газруудаас санал болгоодороод ирэг л дээ. “За та нар өөрсдийгөө тойрогтоо танилцуул. Бид ар талаас нь судалгаа явуулъя. Яг үнэндээ та тав дотроос хэнийг нь сонгогчид илүү дэмжээд байгаа гэдгийг тодруулъя. Сонгогч сонгогдогч хоёр юун түрүүн биенээ таньсан байх хэрэгтэй. Танай тойрогт хүмүүсийн үзэж буйгаар таван хүнийг зөв хүн гэж байна. Энэ таван нөхөртэй та нар сайн танилцаадах”. Танилцсаных нь дараа бид судалгаа явуулъя. Энэ таваас хоёрыг нь огт дэмжихгүй байна. Үлдсэн гурван нөхрөөс энийг илүү дэмжээд байна. Өнөөх үлдсэн гурван хүн дээр Электоратынхан ярилцъя. Өөрийнх нь түүх ямар юм, элдэв хэрэг төвөгт орж байсан уу гэж дахиж судлаад тэндээсээ нэг хүн шалгаруулна. Энэ маань маш урт хугацаанд буюу долоо найман сар үргэлжлэх процесс. “Тэр тойрог дээр Электоратынхан тэр хүнийг дэмжиж байна” гэж хэлтэлнэлээд хугацаа орно. Яагаад гэвэл энэ хооронд дараалсан шалгаруулалт болох нь ээ дээ. Юун түрүүн тойргийн сонгогчид өөрсдөө шалгаруулна. Хамгийн гол нь Электорат хөдөлгөөн сонгогчийг сонгогдох сонирхолтой хүнтэй нь холбох зуучлагчийн үүрэг гүйцэтгэх гээд байгаа хэрэг шүү дээ.
-Нэр хүндээрээ дэнчин тавин танай хөдөлгөөнд багтсан энэ хүмүүсийг яаж сонгосон бэ? Олны танил, зөв хандлагатай гэвэл өөр олон хүн гадна үлдэж байна шүү дээ...
-Олон нийтэд танигдсан хүмүүс. Дээр шалгуурыг нь хэлчихсэн. Жишээ нь Бадарч гуайг ч юм уу, Гангаамааг ч юм уу хүмүүс таньдаг болчихсон шүү дээ. Гэхдээ бүх хүнд танигдсан гээд эрүүгийн том хэрэгтэнг бол авахгүй нь тодорхой. Бас томоохон бизнесмэн улсаас нэгийг ч аваагүй. Манайхны нэгзөрчил бий. Нэг бизнесмэн авчихаар цаад хүн нь хар биш ч харлуулах гээд зүтгээд байдаг. Тиймээс хэдийгээр олон түмэнд танигдсан ч бизнесмэнүүдийг оруулаагүй. Гэхдээ тэднийг муу хүмүүс гэж байгаа юм биш шүү, элдэв хэл аманд тийм хүмүүсийг амархан холбодог учраас. Одоо төрд сонгогдсон болон өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг хөдөлгөөнд уриагүй. Тэднийг бас л муу хүмүүс гэж байгаа юм биш, нийгмийн дунд тэднийг янз бүрийн өнцгөөс хардаг нийтлэг ойлголт байдаг учраас.
Электоратууд ямар нэг хэмжээгээр нийгэмд сөргөөр үнэлэгдэж байгаагүй, өөрөө дэвшихгүй гэх зэрэг нь чухал шалгуур. Электорат өөрөө сонгууль дуусмагц хар аяндаа тарна гэдэг ч бас нэг сүрхий шалгуур. Энд багтсанаараа ямар нэгэн ашиг завшаан хайгаагүй гэдгийн илэрхийлэл. Бид нар нэр дэвшиж байгаа хүнээсээ ёс суртахууны шаардлага их тавина гэдэг нь төрөө төгс цэвэр байлгаж чадахгүй юмаа гэхэд ядахнаа цэвэрхэндүү болгоход зүтгэе гэдгээ илэрхийлж, үүний төлөө өөрийнхөө нэр хүндийг дэнчин болгон тавьж байна гэсэн үг. Олон талаас бодож ийм бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Би өөрийгөө энэ жагсаалтад багтаагаад бүр санаачлагчдын нэг болчихсон цохиж явааг ч зарим нэг нь өөлөх л байх. Болор хүн гэж байдаггүй, хэнийг ч ухаж төнхөөд байвал ямар нэг дутагдал илрүүлэх л байх. Гэхдээ ерөнхий имиж нь нийгэмд эерэг гэдэг л гол үзүүлэлт. Миний хувьд гэхэд би сүүлийн 20 жил улс төр, нам хөдөлгөөнд огт оролцоогүй, манай нийгмийн байдал тийм ч таатай биш байна гэж үздэг учир хөндлөнгөөс нь шүүмжлэх, засаж залруулах талаас нь санал тавьдаг, зөв гарц хайдаг бие даасан нэгэн. Гарц, санал маань хүн болгонд таалагдаж байх албагүй. Бүгдэд зуун хувь таалагддаг хүн л үнэндээ явдалтай байдаг юм шүү дээ.
-Намууд бас өөрсдийн хүнээ тойрог бүрт дэвшүүлнэ. Тэр дотор зөв хүн байвал Электорат яах вэ?
-Намуудын нэр дэвшигч, бие даагч нар гээд зөндөө хүмүүс дэвшихээр гарч ирнэ. Тэд нартай харьцуулж үзнэ. Ардын намаас нэр дэвшигч чинь дэмжвэл дэмжихээр хүн байна. Ардчилсан намаас, эсвэл ХҮН-аас энэ хүнийг гаргах хэрэгтэй гэх мэт. Үүнийг би дээр хэлсэн. Тиймээс Электорат сая хуралдаад нэрээ “зөв хүнээ дэмжих хөдөлгөөн” гэж тодотголоо. Бид зөв хүн гэдгийг голдуу ёс суртахуунтайхолбож ярьдаг. Судалгаанаас үзэхэд өнөөдөр сонгогчид санал өгөх хүнээ голдуу хувь хүнийх нь ёс суртахуунтай холбон ойлгож байна. Эрдэм номтой хүн ч юм уу, мундаг дуучин, эсвэл тамирчин гэдгийг нь голлохгүй. “Ер нь энэ зөв хүн дээ” гэж ярьдаг шүү дээ. Магадгүй нарийвчилбал хүн хүний “зөв хүн” янз бүрийн шалгууртай л байх. Гэхдээ ерөнхий нэг ойлголт тогтсон байдаг, ноён нуруу ч гэж хэлдэг. Тэр утгаараа Электоратынхан цуглаж хуралдахдаа бие даагчдыг дэмжих гэдэг нь явцуу ойлголт байна, зөв хүнээ дэмжье гэж шийдлээ.
-Та нар зөв нэр дэвшигчиддээ зориулж дундын мөрийн хөтөлбөр ч юм уу гаргах уу?
-Нэр дэвшүүлэх 76 хүнээ тодорхой болгож байж мөрийн хөтөлбөр яримаар байна. Одоо хэтэрхий эрт байна. Ер нь судалгаанаас харахад хүмүүс олон жилийн ороо бусгаа явдлаас болоод ямар нэгэн мөрийн хөтөлбөр гэхээсээ хүндээ илүү ач холбогдол өгөх шинжтэй болжээ.
-Электорат хөдөлгөөн зөв хүнийг гаргаж ирэхийг зорьж байгаа. Гэтэл зөв биш хүн судалгаагаар олонхийн санал аваад байвал яах вэ?
-Маш сайн дэмжлэг авчихсан ч шал буруу аргаар дэмжигдсэн байвал яахав? Жишээ нь өнөөх дэмжлэг аваад байгаа нөхрийг “сонгуулийн дараа бүгдэд нь хөргөгч авч өгнө” гэсэн ойлголтоор хүмүүс дэмжээд судалгаагаар нэгээр гарвал бид тийм хүн дэмжиж болохгүй шүү дээ. Ийм тохиолдол манайд гарсаар байгаа, тодорхой жишээ мундахгүй. Тиймээс бид хэлэлцэнэ. Магадгүй дараагийн боломжит хувилбарыг дэмжинэ. Судалгаагаар нэгдүгээр байраар гарч ирсэн ч та тиймэрхүү нөхөр байнаа. Баахан худлаа амлах нөхөр бололтой. Эсвэл судалгаагаар нэгээр гарч ирсэн ч хүн амины хэргээр арван жил суучихсан эр байж дээ гээд хэлнэ. Гэтэл үл бүтэх нөхрийг дэмжээд гаргаад ирснээ хожимдож ойлговол яах вэ? Надад одоохондоо хариулт алга. Амлалтыг нь дахин ил тавьж ичих булчирхайтай нь л тооцоо хийдэг байх даа. Ер нь нэр хүндээрээ дэнчин тавьсан шүү гэдгээ элэкторатынхан ойлгож сонгон шалгаруулахдаа их л хариуцлагатай хандах хэрэгтэй байхаа.
-Сөрөг сурталчилгаа хийхгүй гэдэг нь юу гэсэн үг юм. Жишээ нь та сонгуулийн үеэр нэг олиггүй хүн нэр дэвшээд гарчих гээд байгааг хараад дуугүй байж тэвчих үү?
-Сөрөг сурталчилгаа хийхгүй гэдэг маань ийм учиртай юм. Хэн нэгнийг нэр дэвших гэж байхад нь Электоратын нэр барьж “Энэ хүн дэмий” гэж сурталчилж болохгүй. Бусад нам, бүлгээс болон гадуур бие дааж байгаа нэр дэвшигчийг Электорат хөдөлгөөний нэр барин муулж гүйхгүй. Харин Электоратын нэрээр биш бол хувь хүнийхээ хувьд хэн нэгнийг “Энэ их дэмий хүн шүү” гэхийг хориглохгүй. Мөн Электоратын дэмжиж буй нэрэнд багтаагүй хүнийг найз нөхөр ах дүүгийн утгаар хувиараа дэмжихийг хорьж болохгүй биз дээ. Гээд “Манай Электорат дүүг минь дэмжиж байгаа” гэж гүжирдэж болохгүй гэсэн санаа. Тэгвэл үндсэн утга алга болно.
-Танайх шиг ийм хөдөлгөөн, эсвэл эсрэг хөдөлгөөн гараад ирвэл яах вэ?
Нэг юм санаачлаад явахаар өрсөлдөх, хорлох, зэрэгцэн санаачлах холбоод зөндөө гарна. Тэртэй тэргүй тэр мэтийг бид ойлгож байна. Аль хэдийнээ Электоратыг гүтгэх доромжлох гутаах үзэгдэл нийгмийн сүлжээгээр зэрэгцээд гараад ирсэн. Тэрийг тоох хэрэггүй байхаа. Эцсийн бүлэгт үр дүн нь чухал. Ашиг сонирхол хөөгөөгүй гэдэг нь хар аяндаа тодрох биз. Аяндаа биднийг дэмжих өөр хөдөлгөөнүүд ч гарч ирнэ гэж итгэж байгаа. Жишээ нь Электорат хөдөлгөөнийг дэмжих сэтгүүлчдийн хөдөлгөөн байгуулагдахыг үгүйсгэх аргагүй.
-Электорат хөдөлгөөний бодож байгаа юм монголчуудын эрх ашигт нийцнэ гэж яагаад бодсон юм. Хэдхэн л хүний бодол биз дээ. Бидний зөв гэж боддог хүн та нарыг зөв гэж боддогтой яагаад нийцнэ гэж...
-Бид зөвхөн сонгуулиар дамжиж л төрөө барьдаг. Гурван сая хүн цуглаж хоорондоо ярилцаад төр барина гэж үгүй. Тодорхой хугацаагаар тодорхой төлөөлөгчөөрөө дамжуулж, төрөө барьдаг, төрийнхөө шийдвэрийг гаргадаг. Үүнийг бид “ард түмний мэдэл” гэж нэрлэдэг. Ард түмэн төрөө төлөөллийн хүнээрээ дамжуулж төрөө мэднэ үү гэхээс өөрсдөө цугларч хуулиа батлаад, өөрсдөө хүн шийтгээд яваггүй биз дээ? Бидний яриад байгаа нь төрийн эрх барихаар сонгогдох төлөөлөгч маань үнэхээр олон түмний төлөөлөл байгаасай л гэсэн санаа.
Үнэндээөнгөрсөн гучин жилийг ч юм уу, тэр байтугай 1924 оноос эхлэн сонгууль явуулж эхэлснээр тооцоход сонгогдогч маань яг ард түмнийг төлөөлж чадаж байна уу, үгүй юу гэдгийг бодоод үзээрэй. Ард түмнийг төгс төлөөлсөн төр гэж хаана ч байдаггүй. Ерөөсөө ч бололцоогүй. Тэгэхээр аль болохоор ард түмэн рүүгээ дөхсөн шийдвэр гаргуулах тухай яриад байгаа юм. Жишээ нь нэр дэвшигч 51 хувийн саналаар гишүүн болчихлоо гэхэд цаана 49 хувийн санал тэр чигээрээ гээгдэж байгаа биз? Австрали, Шинэ Зеландын сонгуулийн хуулинд тэр үлдсэн 49 хувийн саналыг тооцдог механизм оруулсан байдаг, тэднийг нь төлөөлөх хүнийг ч парламэнтэд оруулдаг. Нэлээд төгс сонгуулийн хэлбэр. Бид тэр хэмжээнд хүртэл хол байна. Ихэнх оронд парламентийн гишүүн болохын тулд заавал тойргийн сонгогчдынхоо талаас илүү хувийн дэмжлэг авах ёстой байдаг. Хэн ч тэгэж чадаагүй бол эхний хоёр нэр дэвшигчийг үлдээгээд дахин сонгууль явуулдаг. Энэ бол бас л давхар шалгуурын нэг хэлбэр. Гэтэл одоо манайд хэрэгжиж буй сонгуулийн систем бол дэлхийд анхлан ардчилсан сонгууль явуулж байх үеийн нэлээд болхи хувилбар. Манайдхэдэн хүн нэг тойрогт өрсөлдөөд саналаа хэсэглэн хуваагаад авчихвал дэвших хамгийн доод талын шалгуур нь 25 хувь. 1996 онд Гомбожав гэдэг хүн 26 хувийн саналаар III хорооллоос гарч ирж байв. Цаана нь 75 хувийн санал хаягдаж байгаа биз? Тэр 75 хувийн саналыг бусад өрсөлдөгчид хуваагаад авчиж. Яг энэ тохиолдолд ард түмнийг төлөөлж чадаж байгаа эсэх нь их эргэлзээтэй болчихож байгаа юм. Сонгогчдыг өөрсдийнх нь санал руу аль болох дөхүүлж өгье гээд байгаа нь ийм учиртай. Тэгэхийн тулд сонгогчид тэр хүнээ юун түрүүн харьцангуй сайн мэддэг таньдаг байх шаардлагатай. Түүнээс нэг танихгүйхүн гарч ирж дэвшээд л Монгол Улсыг сансарт нисгэнэ гэдэг юм уу, далайн ёроол эзэмшүүлнэ гэдэг юм уу амлахаар, тэр амлалтад баталгаа гаргах бололцоогүй зүйл шүү дээ.
-Олон хүн бие даагаад гараад ирлээ гэж бодъё. Тус тусдаа бие даагаад яваад байх уу, нийлж байгаад бүлэг холбоо болох юм уу?
-Манайд хийж байгаа анхны туршилт маягийн зүйл учраасбие даагчид нийлээд засгийн эрх авчихаар тийм хэмжээнд хүрнэ гэж бодохгүй байна. Нарийн ярьвал би мэдэхгүй байна. Юутай ч элэторатынхан дараагийн жидүүчин дэвшүүлэхгүй байх нь чухал баталгаа болно. Дажгүй хяналт болж чадна гэж бодож байна. 2012 онд пропорциональ сонгууль явуулахад Энхбаярын нам арван суудал авсан. Энхбаяргүйгээр юу ч шийдэж чадахгүй том хяналт болж байсан, тийм үү? Нэлээд том хяналттай төр болсон гэсэн үг. Элэкторатаар дэмжүүлж гарч ирэгсэд нь хангалттай хяналт тавих бүрэлдэхүүн болох болов уу гэж найдаж байна.
-Электоратын дэмжсэн хүмүүс ядаж бүлэг байгуулах хэмжээнд гарч ирэх болов уу?
-Үндсэн хуулинд хорьсон юм байхгүй. Жишээ нь Гүндалай УИХ-д орж ирээд хоёр гурван нам байгуулаа биз дээ. Тэгээд байхаар нь 2012 онд үүнийг хориглосон хууль гаргачихсан. Энэ бол Үндсэн хуульд тусгаагүй ердийн хууль болохоор хүчингүй болгох эрх нь УИХ-д бий. Яахыг өөрсдөө шийдэх байх. Засгийн газар байгуулахаар хэмжээнд гарч ирлээ гэхэд тэр улсууд яахыгаа өөрсдөө шийдэх болов уу. Би бол тийм хэмжээнд хүрнэ гэж арай ч итгэхгүй байна. Хяналтын их том систем л гарч ирнэ. Хяналтын том систем гарч байж нөгөө эрх барьж байгаа улсаарбуруу юм хийлгүүлдэггүй нөхцөл үүснэ.
Эцэст нь хэлэхэд Электорат хөдөлгөөний дэмжсэн нэр дэвшигч болгон сонгуульд ялна гэж төсөөлбөл хэтэрхий хөөргөн, бололцоогүй зүйл гэж бодож байна. Тойргоо байнга “усалсаар” байгаад тэндээ гарцаагүй сонгогдохоор болчихсон олон хүн бий. Тухайн тойрогтоо үнэхээр нэр хүндтэй, эсвэл сонгогчдоо бараг бүхлээр нь худалдаад авчихсан нэр дэвшигчдийг бид яагаад ч дийлэхгүй. Олон жил үргэлжилж тогтсон хэвшлийг хэн ч нэг далайлтаар өөрчилж чадахгүй. Одоо УИХ-д суугаа төрийн түшээдийн гуравны хоёр нь ямар нэг шударга бус үйлдэлд нэр холбогдчихсон явна. Энэ маягаараа явбал цаашид тэдний эзлэх талбай улам нэмэгдэх аюултай. Иймээс та бидний амь амьдрал хувь заяаны талаар шийдвэр гаргаж буй эрх баригч нарын дотрох зөв бус хүмүүсийн тоог цөөлж, зөв хүмүүсийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтыг Электорат хөдөлгөөн юун түрүүн өмнөө тавьж байна.
-Би бас эцэст нь асуухад зөв хүнээ шалгаруулах гэж зөндөө удах юм байна. Тэр ажил чинь сонгуулийн хууль зөрчсөн асуудалд орох вий?
Энэ талаар олон хуульчидтай зөвлөлдсөн. Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй. Сонгуулийн бус цагаар иргэд, олон түмэн төрийн эрх баригч нарынхаа тухай ярилцах, шүүн хэлэлцэх, орны хүний тухай санал бодлоо илэрхийлэхийг хориглосон хууль арай ч гаргахгүй байлгүй дээ, энэ чинь!
Ярилцсан Д.Мөнгөндалай
2019 оны 04 сарын 6
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна