Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Тулга нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг танилцуулав. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршилд өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газар хууль, тогтоомжоор тогтоогдсон хамгаалалттай бүс, тусгай хэрэгцээний болон хөдөө аж ахуйн газарт хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулахгүй гэв. Журамд хашаа, түр хашаа, хайс, амьд хайс байгууламж бариулахаар тусгагджээ. Тодруулбал, хашаа нь хөдөлгөөн хязгаарлаж, эдэлбэр газрын орон зайг тусгаарласан байгууламж, түр хашаа нь тодорхой хугацаанд ашиглагдах байгууламж, хайс нь зам, талбайг хамгаалах, чимэглэх зориулалтын байгууламж, амьд хайс нь нэг буюу түүнээс дээш эгнээ бүхий эмжээрлэн тарьсан бут сөөгөөр хийсэн байгууламж байна. Энэ журам хэрэгжсэнээр нийслэлийн ногоон байгууламж 20-30 хувиар нэмэгдэнэ гэдгийг онцгойлон дурдав.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Нийслэлийн харъяа бүхий бусад газруудтай хамтарч ажиллах, харилцан үүрэг хүлээх асуудлыг тусгаж бий болговол зүгээр. Хүмүүсийн амьд хайсд хандах хандлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Тэргүүлэгчдийн хэлсэн саналыг нэмэлтээр хавсарган хэлэлцүүлэг болгож оруулбал" хэмээн санал хүргэв. Журмыг батлах тухай асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 24-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Хуралдааны дараагийн асуудал болох хөрөнгө бүртгэн авах тухай асуудлаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах VI дугаар хорооны 259-р цэцэрлэгийн барилга, XII дугаар хорооны 105-р цэцэрлэгийн өргөтгөл барилга, XIII дугаар хорооны Цагдаагийн 3-р хэлтэсийн өргөтгөл барилга, XXI дүгээр хорооны 121-р сургуулийн дотуур байр, XXII дугаар хорооны 244-р цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчит бүртгэж авлаа.
Түүнчлэн хуралдаанаар үйл ажиллагаа явуулж буй байрны хувьд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, статистикийн болон аж ахуйн нэгжийн улсын тооллогод хамрагдсан, газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, санхүү татварын зөрчилгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа 42 шашны байгууллагын зөвшөөрлийг нэг жилээр сунгаж, үйл ажиллагаа нь зөрчилтэй 18 шашны байгууллагын зөвшөөрлийг түр сунгахгүй байлгаж зөрчлийг арилгуулах, нэр бүхий гурван шашны байгууллагын зөвшөөрлийг сунгахгүй болсон зэрэг бусад асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна