Д.Гантулгын бүрэн эрхийг ахин сэргээснээр Хэнтийн нөхөн сонгуулийн товыг цуцалж магадгүй

Өчигдөр 14 цаг 16 минут
Ирэх зургаадугаар сард товлогдоод буй Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль нь 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлох томоохон сорилт гэдгийг улс төр судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил төрийн жолоог атгасан МАН энэ тойрогтоо ялагдвал ПР-ийн хувьд том уналт болно гэсэн үг.  

Эрх баригч хүчний тухайд У.Хүрэлсүхийг л сойхгүй бол бусад нэр дэвшигчид ямар ч боломж байхгүй болчхоод байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүн биш ч МАН-ын дарга цаашлаад Ерөнхий сайд, рейтингээрээ нэгдүгээрт бичигдэж яваа улс төрч учраас Хэнтийн сонгуульд бүдэрчихвэл бүхий л талаараа МАН ялагдана.

Тиймээс МАН-ынхан Хэнтийн нөхөн сонгуулийг зохион байгуулахгүй байх аргыг олж, энэхүү аргаа хэрэгжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн тухай “бор шувуу” нисэх боллоо. Тодруулбал энэ нь Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэцийн тусламжтайгаар сэргээж,  “бандааш” гишүүнээ дахин улс төрийн тоглоомд оруулах тухай асуудал юм байна.

Ингэхдээ, “Гэмт хэрэг үйлдсэн нь үйлдэл дээрээ нотлох баримтаар батлагдаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх нь хууль бус” гэх  хуулийн заалтыг ашиглан У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулан Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь ахин сэргээх бололтой.

Бүр энэхүү тохироог хийхээр төрийн гурван өндөрлөг санал нэгдсэн гэх яриа ч байна.

Х.Онон
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна