Япон улсын шинэ эзэн хаан Нарухито гэж хэн бэ?

2019/04/30

Өнөөдөр Япон улсад түүхэнд тэмдэглэх чухал өдөр эхэлж байна. 1989 оноос хойш эзэн хаанаар заларсан 85 настай Акихито өөрийн хүү угсаа залгамжлах хунтайж Нарухитод эрх мэдлээ шилжүүлэн өгнө. Сүр жавхлант эзэн хаан Акихито эзэн хааны ордны Мацу-но-Ма өргөөнд хаалттай хаалганы цаана хаан суудлаа шилжүүлэх юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар орон нутгийн цагаар 17 цагт эзэн хаан Акихито, хатан Мичико нар өргөөнд заларснаар ёслол эхэлнэ. Өргөөнд 330 орчим зочин байлцана гэж NHK телевиз мэдээлжээ. 10 минут орчим үргэлжлэх ёслолын үеэр Акихито Япон улсын эзэн хааны нэрийн өмнөөс сүүлчийн мэдэгдлээ хийх ба өнөөдөр шөнө дунд өнгөрөхөд сүр жавхлант эзэн хааны үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах ажээ.

Лхагва гарагийн өглөө хунтайж Нарухито хаан суудлыг залгамжилна. Акихито 1817 оноос хойш 200 жилийн түүхэнд анх удаа амьд сэрүүн ахуйд хаан ширээгээ залгамжлуулж буй юм. Түүний нас өндөрт гарсан, эрүүл мэндийн байдал доройтсоноос зохих ёсны үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон хэмээн мэдэгдсэн. Уламжлал ёсоор хаан ширээг угсаа залгамжлах хунтайж үргэлжлүүлэн эзэмшинэ.

Нарухито, Масако нар нэг охинтой

Хаан Акихито, хатан Мичико нарын том хүү болон 1960 онд мэндэлсэн 59 настай угсаа залгамжлах хунтайж Нарухито маргаашнаас буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс Япон улсын 126 дахь сүр жавхлант эзэн хаан болох юм. Хэйсэйн эрин Акихитогийн хаан ширээтэй хамт дуусч Рэйва эрин Нарухитогийн хамт залгамжлан эхлэх гэж байна.

Угсаа залгамжлах хунтайж Нарухито, гүнж МасакоУгсаа залгамжлах хунтайж Нарухито, гүнж Масако

Нарухито 28 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэгдэж байсан юм. Дэлхийн шилдгүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Оксфордын их сургуульд боловсрол эзэмшжээ. Тэрээр 1986 онд цайны үдэшлэг дээр гэргий Масако Овадатай анх танилцсан байна. Тэд 1993 онд гэрлэжээ. 2001 онд бүл нэмж гүнж Аико мэндэлсэн боловч дахин хүүхэдтэй болоогүй юм.

Гүнж АикоГүнж Аико

Японы хуулиар эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй байдаг тул Аико угсаа залгамжлахгүй. Харин Акихито, Мичико нарын хоёр дахь хүү хунтайж Фумихитогийн бага хүү Хисахито угсаа залгамжлах хунтайж болох нь гарцаагүй болоод байна. Хисахито авга ах, аав нарынхаа дараа гурав дахь үеийн угсаа залгамжлагч байсан бол маргаашаас эхлэн хоёр дахь үеийн угсаа залгамжлагч болох юм.

 

Хунтайж Фумихито хүү Хисахитогийн хамтХунтайж Фумихито хүү Хисахитогийн хамт

Японы хаан ширээ яагаад чухал гэж?

Энэ долоо хоногт япончууд Алтан Долоо хоног гэгддэг хаврын амралтаа эхлүүлжээ. Хунтайж Нарухито шинээр хаан ширээнд заларч байгааг тохиолдуулан амралтын хоногийг 10 болгон сунгажээ. Японы эзэн хаан улс төрийн тавцанд үүрэг гүйцэтгэдэггүй ч улс үндэстний хамгийн чухал бэлгэ тэмдэг юм.

МЭӨ 600 онос хойш хаан ширээгээ хадгалан орчин цагт уламжилж ирсэн агуу түүхтэй. Акихитогийн эцэг Хирохитогийн үе хүртэл эзэн хаад бурхан мэт шүтэгдэж ирсэн бол Дэлхийн хоёрдугаар дайнд япончууд ялагдал хүлээсний дараа бурхан мэт шүтэгдэх байдалд цэг тавьжээ.

Эзэн хаан Акихито, хатан МичикоЭзэн хаан Акихито, хатан Мичико

Эзэн хааны ёсоор өнөөдөр сүүлчийн үгээ хэлэх Акихито энгийн ард иргэд болон хааны удмынхны хоорондох зааг ялгааг арилгасан нь түүхэнд тэмдэглэгдсэн. Орчин цагт Японы эзэн хаан албан бусаар элчин сайдын дипломат үүрэг гүйцэтгэх болсонтой адил Нарухито ч мөн уламжлалыг үргэлжлүүлнэ гэж ажиглагчид харж байна.

Эх сурвалж: livetv.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна