Баянгол дүүрэгт төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг сонслоо

2019/04/30
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа улс, нийслэлийн 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хийхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудтай танилцах уулзалт зохион байгуулав. Уулзалтад Баянгол дүүргийн 23 хорооны Засаг дарга нар болон СӨХ-ны захирал, удирдлага оролцож, өөрсдийн хариуцсан хороо, нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм. Улмаар холбогдох албаныхнаас тайлбар авлаа.

Энэ онд Баянгол дүүрэгт нийтдээ 88.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажил өрнөх төлөвлөгөөтэй. Тодруулбал, барилга байгууламж барихад 50 орчим, авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажилд 10, тохижилт, ногоон байгууламжийн ажилд тав орчим тэрбум төгрөг зарцуулах аж. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх явцад газар чөлөөлөх үйл явц удаашралтай, мөн хяналт, зохицуулалт сул байгааг уулзалтад оролцсон хороодын Засаг дарга нар хэлэв. Жишээлбэл, 2017 онд гүйцэтгэсэн тус дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, Х хорооллын нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажил сүйджээ. Арчилж, хамгаалах байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүйн улмаас ийм нөхцөл байдал үүссэн талаар тус хорооны Засаг дарга Т.Ууганбаяр хэллээ. Мөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-үүдийг буулгах ажлыг өнгөрсөн жилүүдэд эрчимтэй явуулсан ч хяналт, шалгалт муугаас үр дүнгүй болсон гэнэ.  Иймд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хяналт, зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатайг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа холбогдох албаныханд санууллаа.
                                                                    Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна