“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгасан юм. Энэ дагуу улстөрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 2019 оны 5-р сарын 1-нээс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай.
Монгол Ардын Нам /2019.04.29/ IV Бага хурлаа хуралдуулж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. Өнөөдөр буюу 4-р сарын 30-ны өдөр Монгол Ардын Намаас УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Т.Тогтохсүрэн, МАН-ын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Орон нутаг,намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул нар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгүүдээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөв.
Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн Ерөнхий Хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болно.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагадаа “МАН-ын Бага хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж, Сонгуулийн хуульд заасан 10 гаруй баримт бичгийг бүрдүүлсэн, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд шийдвэрлэнэ. Ер нь бол хэн гэдэг нэр дэвшигчийг бүртгүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа, дахин Бага хурлаараа шийдвэрлэнэ. Хэнтий аймгийн 42-р тойргийн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна