Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд 12 нам оролцохоор баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, энэ удаагийн нөхөн сонгуулийн өрсөлдөөн Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Монгол Консерватив нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам зэрэг улстөрийн хүчнүүдийн дунд өрнөх бололтой.
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явуулахаар тусгасан. Энэ дагуу улстөрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ 2019 оны 5-р сарын 1-нээс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх хуулийн заалттай.
Тэгвэл өнөөдөр (2019.04.30) Монгол Консерватив нам /МКН/ Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгүүдээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.
Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох томоохон сорилт болно гэдгийг улстөр судлаачид өгүүлж байгаа юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна