У.Хүрэлсүх: 2020 оны сонгуульд надтай найз, ойр хүн гэж хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй

2019/05/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь намынхандаа хандаж,  "ЖДҮ сангаас зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрээр 2020 сонгуультай холбоотой асуудлаар дахин байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр МАН-ын IV Бага хурлын үеэр гишүүддээ хандаж, “УИХ-ын 2020 оны сонгуульд би олон жил улс төрд явсан, надтай найз, ойр хүн гэж хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй шүү” хэмээн хэлжээ.

Тодруулбал тэрээр IV Бага хурлын үеэр, “2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулан засаг төрөө байгуулж явсан үеийн эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулахад сайжирсан. Бидэнд ололт амжилт байгаа. 2018 онд улсын төсөв сүүлийн 8-9 жилд байгаагүй алдагдалгүй төсөв гарлаа.Эдийн засгийн бодит өсөлт 6,9 хувь дээр очсон. Бид нэлээдгүй өр хүлээн авсан ч барагдуулсан.

Өр дарсан нь харагдахгүй, өв үлдээх нь харагдах учир цаашдаа хичээж ажиллах шаардлага байна. Монгол төрд итгэх итгэлийг бид сэргээх ёстой. Ингэж байж үндэстэн,улс орон сэргэн мандана. Энэ сэргэж мандахын үндэс нь “Шударга ёс” тиймээс нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана. УИХ-ын 2020 оны сонгуульд би олон жил улс төрд явсан, надтай найз, ойр хүн гэж хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй шүү!

Хэн ард олныхоо дэмжлэгийг авах ,намынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадах, ард түмнийхээ төлөө зүтгэж чадах хүнийг дэвшүүлнэ гэдгээ хариуцлагатай хэлье” хэмээн ярьсан байна.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна