Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар өнгөрсөн жил зохион байгуулагдах учиртай байсан Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль бүтэн жилээр хойшлогдсон.
Тэгвэл ирэх зургаадугаар сард товлогдоод буй уг сонгууль энэ удаад дахин хойшлогдож мэдэх нь.
Учир нь иргэн Д.Ганхуягийн гаргасан “УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой” гэх гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээж авснаар Хэнтийн сонгуулийн товыг цуцлах нөхцөл бүрдэж магадгүй байна.
Ийм тохироог эрх баригчид хөшигний ард аль хэдийн хийж, энэхүү жүжигтээ шударга гэгддэг судлаач Д.Ганхуягийг хөлсөн авсан байж болзошгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Нөгөөтэйгүүр иргэн Д.Ганхуягийг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байх энэ мөчид У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувиар Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан гэх мэт сумдуудад ажиллаж, зарим асуудлыг газар дээр нь шийдсэн. Магадгүй энэ нь Хэнтийн сонгуулийн товыг У.Хүрэлсүх цуцлуусан гэдэг шүүмжлэлээс адаг сүүлд нь өөрийгөө аварч гарах гэсэн арга мэх байж болзошгүй гэдгийг ч зарим хүмүүс хэлж байгаа юм.
Хэнтийн нөхөн сонгуулийн тухайд 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлж, цаашид аль нам эвсэл засаглах магадлалтай байгааг шалгах сорилт гэдэг нь нууц биш болсон. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил төрийн жолоог атгасан МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшиж, 42-р тойрогт ялагдвал тэдэнд ПР-ийн хувьд том уналт болно.Тиймээс л эрх баригчдад Хэнтийн нөхөн сонгуулийг явуулах нь ашиггүй.
Энэ талаар сөрөг хүчний намын дарга С.Эрдэнэ, “Өнгөрсөн намар мөн л МАН-ын гаралтай хүн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулж байсан. Одоо дахин хоёр дахь удаагаа Цэцэд хандлаа. Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хуулиар нь тайлбарлавал, УИХ-ын гишүүнийг ямар үндэслэлээр чөлөөлдөг вэ гэвэл “Тухайн гишүүний өөрийнх нь хүсэлтээр гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэсэн хуулийн зохицуулалт нь бий. Яг энэ хуулийн зохицуулалтын дагуу Д.Гантулга өөрөө хүсэлтээ гаргаад чөлөөлөгдсөн. Д.Гантулгатай холбоотой асуудал хуулийн байгууллагаар өнөөдрийг хүртэл шийдээгүй л байна. Эзэн холбогдогч нь тодорхой хэргийг шийдэхгүй байгаа нь нөгөө талдаа нөхөн сонгуультай холбоотойгоор энэ хүнийг буцааж УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг сэргээх гэж Цэцэд гомдол гаргасан нь ёс зүйн талаасаа маш увайгүй. Энэ нь Монголын олон зуун мянган эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд, охидыг доромжилсон үйлдэл гэж харж байгаа. Хэрэв АН энэ нөхцөлд ямар шийдвэр гаргах байсан бэ гэдэгт намын даргын хувьд хэлэхэд, бид нөхөн сонгуульд оролцохгүй гэдгээ илэрхийлээд тухайн тойргийн иргэдээс уучлалт гуйх байсан. Гэтэл эрх баригч нам сонгогчдоосоо уучлалт гуйх байтугай нөхөн сонгуульд оролцоно гэдгээ илэрхийллээ. Хоёрдугаарт, эрх баригч нам нөхөн сонгуулийг хүчингүй болгуулах Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гаргуулах гэж зохион байгуулалттай үйлдэл хийж байгаа нь маш харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэ бүхнээс харахад, ямартай ч эрх баригчдын ил далд оролцоотойгоор Хэнтийн нөхөн сонгууль хоёр дахь удаагаа хойшлогдож, Хэнтийчүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа нь нууц биш байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна