Н.Алтанхуяг: Капитал банкны асуудалд С.Эрдэнийг холбогдуулж шалгаж өгөөч гэсэн гомдол гаргалаа

2019/05/16

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т хандаж байгаа талаараа өнөөдөр (2019.05.16) мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би Капитал банкинд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна.

Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банкинд байршуулахад эрсдэл үүсэж байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч ажил хэрэг болоогүй.

Энэ бүхнийг хараад энэ асуудал дээр эд нар огт ажиллахгүй юм байнаа гээд АТГ-т хандаж байгаа юм. Манай улстөрчид энэ асуудлыг хав дарж байгаад намар, юм уу өвөл гаргаж тавиад 2020 оны сонгууль дөхүүлж баахан шоу хийгээд, хоорондоо тохиролцох ийм л заваан юм болох гээд байна.

Тиймээс АТГ энэ асуудлыг шийдэж 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого тээж байна.

dsc_9417 Н.Алтанхуяг: Капитал банкны асуудалд С.Эрдэнийг холбогдуулж шалгаж өгөөч гэсэн гомдол гаргалаа

Хоёрдугаарт, С.Эрдэнэ улаан цайм худал ярьж байна. Банкинд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ  сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Тэр байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банкинд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж зөвшөөрөл авна гээд заачихсан.

Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс бичиг цаасыг нь нягтлаад үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй.

Гуравдугаарт, хуулийн байгууллагын шинэ удирдлагуудыг би танихгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболдын тавиулууд өөрчлөгдсөнд баяртай байгаа. Үнэнч, шударга ажиллах хүмүүс тавигдсан юм болов уу гэж найдаж байгаа. Ард түмний төлөө, шударга үнэний төлөө ажилладаг хүмүүс тавигдсан үгүйг мэдмээр байна.

240 тэрбум гэдэг бол маш их мөнгө. Арилжааны банкинд байршуулах бол боломжтой байсан. Гэтэл чадал муутай, хэзээ ч дампуурч мэдэх банкинд тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг байршуулж, иргэдийн мөнгийг гарзанд гаргаад, тухайн банкийг аврах оролдлого хийсэн. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

Тиймээс энэ асуудалд холбогдсон, бараг зохион байгуулсан байж болох С.Эрдэнийн талаар АТГ-т гомдол гаргаж байгаа юм” гэлээ.

Уг мэдээллийг хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Та Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үү? 

-Юун сонгууль вэ. Тийм зүйл байхгүй.

-Таныг АН-ын байрын долоон тэрбум төгрөгөөр зараад мөнгийг нь ямар ч баримтгүй зарлагадсан гэдэг. Үүнд тайлбар өгөөч? 

-Намайг гүтгэсэн гээд цагдаад хандсан. Цагдаа дээр хэрэг үүсээд явж байгаа. Тийм юм байхгүй. Хэрвээ би жижиг сажиг хулгай, дээрэм хийсэн бол Ц.Элбэгдорж хаан байх найман жилийн хугацаандаа намайг хэд дахин хийгээд тамлаад хаячихсан байгаа.

-Та намынхаа гишүүдийн эсрэг баримт удаа дараа гаргаж байна. 2020 оны сонгуульд та АН-аас нэр дэвших үү, бие дааж нэр дэвших үү?

-Би ардчилал гэдэг юманд их сургуулийн багшийн ажлаа орхиж орсон. Сэтгэл зүрх, амьдарлаа зориулж яваа. Тэр сонгууль гэдэг юм ямар ч хэрэг алга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна