Х.Тэмүүжин: Өвчний улмаас, тохиолдлоор гэхээс илүү гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байна

2019/05/20
Өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар нас барсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар АН-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус намын удирдлагууд “АН-ын дэд дарга хүн ажлаа хийж явахдаа учир битүүлгээр амь насаа алдсанд Ардчилсан нам үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна. Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна” хэмээн мэдэгдлээ.



Мөн энэ үеэр АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, "Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна.

Үйл явдал шатны ойр болоогүй.Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.

18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

Олон нийтийн сүлжээгээр 18:30-19:09 минут хүртэлх хугацаанд хаана хэнтэй уулзсан талаар зохиомол яриа гаргаж байсан.  Тухайн үед би ардчиллын өргөө байранд байсан ба намын байранд дотоод хурал болж байсан. С.Эрдэнэ дарга ордонд биш энэ байранд /ардчиллын өргөөд/ байсан. Цагдаагийн байгууллага сүүлд уулзсан хүнийг нь тогтоосон. УИХ-ын гишүүн, ардын намын гишүүн болох нэг хүний нэр тодорсон. Тэр хүн хэлэхдээ “бид хоёр өрөөнд уулзаж 20 минут болоод гарсан” гэх мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ.

АН энэ үйл явдлыг улс төржүүлэх сонирхолгүй байна. Тиймд эрх бүхий зарим байгууллагаас дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж авах нь зөв байх. Олон нийтэд тарсан зохиомол мэдээллээр сүүлд уулзсан хүн нь АН-ын дарга С.Эрдэнэ гэх буруу мэдээллийг таслан зогсоох зорилгоор энэ хурлыг хийлээ. Ардчилсан намын хувьд сүүлийн үед нийгэмд өрнөөд буй авлига албан тушаалын хэрэг, Засгийн газраас явуулж байгаа хууль бус олон үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэхүү шүүмжлэлтэй хандаж буй үйл явц энэ хэмжээний улс төрийн зөрчилдөөнд оруулах арай болоогүй байх гэж бид бүхэн итгэж байна.

Улс төрийн байдлаар урьдчилсан дүгнэлт хэлэх хараахан болоогүй байна. Харин учир битүүлэг үйл явдал болсон гэдэгт бид хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Өвчний улмаас, тохиолдлоор гэхээс илүү гадны нөлөөтэй байж болзошгүй гэж харж байна. Та бүхэн анзаарч байгаа бол хэвийн хүн гонхноос өөрөө үсрээд унах боломж байхгүй. Шат болон гонхны хооронд нэлээд зайтай” хэмээн ярьсан юм.
 
Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна