Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихээр боллоо

2019/05/24
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах асуудлаар МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдсан байна.

МАХН-ын Бага чуулганы хурлаас 91.67 хувийн саналаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ.

Нэр дэвшигч Н.Энхбаяр энэ үеэр, "Хуулиараа бид тавдугаар сарын 24-28-ны хугацаанд 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Тиймээс энэ хугацаандаа багтаж энэ ажлын зохион байгуулсан. Надад итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан Бага чуулганы гишүүддээ баярлалаа. 

42 дугаар нөхөн сонгуультай холбогдуулж янз бүрийн байр суурь байгаа. Эрх баригчид сонгууль битгий болоосой гэж бодож байгаа. Итгэлийн ь даагаагүй шүү дээ гэж бодож байгаа. Одоо ч гэсэн энэ оролдлогоо орхилгүй ҮХЦ-д өөрсдийн томилсон  хүмүүсээр энэ сонгуулийг болгуулахгүй байх ажлыг зохион байгуулж байгаа. 

Гэхдээ бид цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр, нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь зөв гэж харж байгаа. 

Энэ парламентын хугацаа дуусахад хэтэрхий бага хугацаа үлдсэн гэж иргэд үзэж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх эрхээ эдлэх ёстой гэж үзсэн. 

МАН, АН-ынхан аль хэдийнэ ажиллаад эхэлсэн. Тэрбум тэрбумаар мөнгө тарааж байгаа. Хэнтийн иргэд маань хулгайн мөнгийг авсан ч гэсэн шударгаар саналаа өгч чадна гэдэгт итгэж байна. 

МАН, АН хоёр луйвраар л ялна. Амаргүй сонгууль болно. Луйварчидтай өрсөлдөхөд ямар хэцүүг бид 2017 оны сонгуулиар мэдсэн.

Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар, МАН, АН-ын гар хөл болохгүйгээр өрсөлдье гэж уриалмаар байна.  

Хэнтийчүүддээ хандаж МАХН та нарын итгэлийн даана, МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Энхбаяр миний бие та нарынхаа итгэлийн даасан шиг даана. 

Та нарынхаа нүүр царайг төсөөлж, та нарыгаа бодож, өрөвдөж их өрийг тэглэж, мянганы замыг эхлүүлж байсан. 

Монгол Улс мандтугай, Хэнтийн сонгогчид мандтугай" гэв.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна