АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, "Ард түмэн хариуцлага нэхье" жагсаалыг өчигдөр зохион байгууллаа. Жагсаалд оролцохоор нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн дүн мэдээтэй байна.
Өнөөдөр ард түмний амьдрал ямар ч жолоодлогогүй болж, энэ улс орон төр засаг байгаа юм уу гэмээр нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл Монгол оронд хариуцлага гэдэг зүйл байхаа больчихож. Монголын төр хариуцлага хүлээх чадамжгүй болсон гэдгээ удаа дараа харуулаа.
Маш олон гэмт хэрэг, үйлдлүүд төрийн байгууллагын бүхий л шатанд гарч байна. Эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй болохоор Монгол улсын үнэ цэнэ тэр чигтээ алдагдаж байна. Жилдээ 3000 гаруй иргэн зөвхөн аваар ослын улмаас амиа алдаж байна. Энэ бол үнэхээрийн харамсалтай тоо. Дайн дажин болж байгаа улс оронд ч ийм тоо байхгүй. Өнөөдөр золгүй байдлаар нас барж хүмүүсийн ард дандаа хариуцлага яригдаж байгаа. Гэтэл хариуцлага хүлээж байгаа хүн ганц ч байхгүй. Тэгээд л өөрсдөө халааснаасаа өгч байгаа юм шиг тус бүр 2 өрөө байр өглөө гэж зарлах юм. Тэр чинь татвар төлөгчдийн мөнгөөр өгч байгаа байр. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүй төрийн албан хаагчдын өмнөөс татвар төлөгчид л төлсөн татвараараа хариуцлага хүлээж байна гэсэн үг.
Өчигдөр жагсаал цуглаан болж байх үед Чуулган дээр яригдсан байна лээ. Оюу толгойн гэрээг байгуулсан Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн өдгөө бүгд л амьд сэрүүн байгаа шүү дээ. Тухайн үед Монгол төрийн өмнө гүйцэтгэх засаглалын үүргийг гүйцэтгэж байсан Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тухайн үед би өөрөө энэ гэрээг эсэргүүцэж байсан. Монголын нэг номерийн худалч сайд бол сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Монгол улсын гадаад өр гурван жилийн өмнө буюу 2016 онд 24.6 тэрбум амдоллар байсан бол өнөөдөр 29.5 тэрбум ам.доллар болтлоо өсчихсөн байна.
Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Хэрэв чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан" гэв.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна