УИХ-ын чуулганы 2019 оны тавдугаар сарын 23-ны нэгдсэн хуралдаан дээр хоёр гишүүний хооронд нэгэн яриа болсон байдаг.
Тэр яриа болсон нэгдсэн хуралдааны тэмдэглэл өдгөө УИХ-ын Тамгын газрын архивт хадгалагдаж буй.
Тэнд тэмдэглэснээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “…Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаа өөрчлөөч ээ гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульчид хоёр өдөр хуралдаж хүргүүлсэн. Засгийн газраас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл оруулж ирэхгүй байна. Яагаад орж ирэхгүй байгаа юм бэ. Нэгэнт ингээд олны анхаарал чиглэж энэ олон хүнийг ял завшиж байна гэдэг ийм зүйл маш тодорхой илэрхий болоод байдаг.
Хоёрдугаарт гэвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны пэйж хуудсан дээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл бэлэн болоод яг нэг жилийн нүүр үзэж байгаа.
2018 оны зургадугаар сарын 22-нд бэлэн болсон байдаг. Өнөөдөр 2019 оны зургадугаар сар болж байна. Үүнийг яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ гэдэг асуудлыг өнөөдөр ярилцахгүй бол болохгүй байна. Энэ албан тушаал, авлигатай холбоотой, улсад онц их хэмжээний хохирол учирсан энэ цагаан захтнуудын хэрэг гэдэг энэ олон зүйлүүд маань хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээгээд, хэрэгсэхгүй болохоо хүлээгээд, одоо ар араасаа шил даран хэрэгсэхгүй болох эхлэлүүд нь тавигдаж байна. Энэ дээр холбогдох Хууль зүйн яам, ЗГХЭГ хариу өгөөч ээ” гэв.
Хариуд нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Манай энэ төсөл бэлэн болчихоод наашаа Засгийн газар, УИХ руу оруулах гэхээр цогц байдал нь байхгүй болоод цаг хугацааны асуудал болоод байна л даа. Энэ зөвхөн нэг Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ шүүхийг самраад хаясан юмаа яах юм бэ. Эрүүгийн хуулиа яах юм бэ. Процессын хуулиудыг яах юм бэ гээд ингээд асуудал яригдаад байдаг. Бүхлээр нь авч үзэж УИХ-д нэг санал оруулж хэлэлцүүлье л гэсэн бодолтой байгаа.
Шүүх чинь нэг хуультай байсан чинь дөрвөн хуультай болгоод хаячихсан. Ерөнхий шүүгч сая томилогдсон. Уулзаж энэ шүүхийн түвшинд яригдаж байгаа зовлонгуудынхаа байр сууриа гаргаж өг. Тэгж байж энэ хуулийг оруулахгүй бол цаашаа явахгүй нь гэдгийг нь хэлсэн. Тэгье гээд явсан. Ийм асуудал байгаа юм. Тэр хөөн хэлэлцэх хугацаатай асуудлаар Ерөнхийлөгчөөс санал ирсэн. Тэрийг бэлэн болгоод яамдаас санал авах гээд эргэлтэд гаргах гэж байна. Тэгэхдээ би нэг юмыг шулуухан хэлье. Энэ Эрүүгийн хууль гэдэг юм чинь үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Буруу юм гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөврөхөөр дагаад бүгд хөвөрдөг, ийм хууль. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан.
Зөрчлийн хуулийг 2017 онд яг ингэж баталсан. 2017 онд өөрчлөлт оруулчихаад 2018 онд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж санал боловсруулдаг. Ийм явдал байж болох уу. Энэ эх захгүй юмыг та нар л хийсэн шүү дээ, Нямбаатар аа. Одоо надаас юм шаардаад байх юм. Би мэдэж байна, чи чимээгүй сууж бай. Би цогцоор нь засах санал оруулж ирнэ ээ. Өөрсдөө галзуу юм шиг юм хийж хаячихаад, тэгээд сүүлд нь хариуцлагыг нь тэр галзуу юм хийсэн хүнээсээ биш надаас асуудгаа болиорой та нар. Пүрэвдорж, Нямбаатар би та нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийн шинэчлэлийг сайн хийсэн гээд яриад байсан биз дээ. Хаана байгаа юм тэр чинь.
400 хуульч цуглаж Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ярьсан гэдэг чинь худлаа. Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар ХСИС дээр зөвлөгөөн хийсэн юм. Санал нь над дээр ирсэн юм. Тэрэнд чинь хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа одоо боль. Нэг асуудал гараад ирэхээр эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийсэн юмныхаа эзнийг өөр тийшээ хайж давхидгаа боль, Нямбаатар. Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн байгаа юм.
Үнэхээр ч Х.Нямбаатар гишүүний хэлсэнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар шүүх дээрээ хэрэг “цагаадаад” эхэлсэн. Одоогоор, бидэнд мэдэгдсэнээр 700-гаад сая төгрөгийн хохирол яригддаг МХЕГ-ын хоёр албан тушаалтны хэрэг цагаадсан. Чингэлтэйн шүүх энэ шийдвэрийг гаргачихаад хэрэндээ нуусан байгаа юм. Гэвч мэдэгдчихсэн. Тэгэхээр хуулийн дагуу ийм шийдвэр гаргахаасаа шүүх ичиж байна гэсэн үг.
Бас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэрэгсэхгүй болохоо хүлээж байгаа өчнөөн хэрэг байна гэж Х.Нямбаатар гишүүн мэдэгдсэн нь маш ноцтой бөгөөд үнэн юм.
Олны анхааралд хэдийнэ орсон, одоо ийм маягаар хэрэгсэхгүй болж мэдэх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүнийг дагаад “МТ” Р.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой албан болоод албан бус “хэрэг”-үүд цайрна. Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд Төрийн банк 51.5 тэрбум төгрөг гаргаж өгөх үүд хаалга ч нээгдэнэ.
Араас нь 60 тэрбум, Оюутолгойн гэрээ, ЖДҮ, Хөгжлийн банк, оффшор, АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд цайрах болно. Хор нь ийм л юм.
АТГ, Цагдаагийн байгууллагын олон арван мөрдөгчдийн хэдэн сар, жилийн хөдөлмөр, хамгийн гол нь шударга ёс энд үгүй болно.
Гэвч Х.Нямбаатар гишүүн хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр жилийн өмнө санал оруулсан ч ХЗДХЯ дараад хэвтчихлээ гэсэн агуулгатай мэдэгдлийг чуулган дээр хийжээ. Энэ маш ноцтой.
Харин үүнд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихэд уурсчээ. Уг нь Ц.Нямдорж сайд амнаасаа унагаж буй үг бүрээрээ оноо цуглуулж чаддаг хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл, олныг цочоосон, олонд таалагдахгүй үгийг хэзээ ч хэлдэггүй гэсэн үг. Гэтэл энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар Х.Нямбаатарын хэлснийг сонсоод “боож үхэх” шахжээ. “…Чиний энэ тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэчихэв.
Тиймээс учир мэдэх хүмүүс Х.Нямбаатартаа биш хөөн хэлэлцэх хугацаандаа учир нь байна гэж тайлж байна.
Нээрэн ч зарим нэг хүний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал бас нэг хэсэг нь төрийн данснаас олон арван тэрбум төгрөг гаргуулж авах боломжийн сэжүүр нь цухуйчихаад байгаа билээ.
З.Баттөмөр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна