АН-ынхан С.Зоригийн хэргээр “улстөрийн шоу” хийж эхлэв үү

2019/06/10
АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж Монгол улсад ажиллах үеэр С.Зориг, Г.Батхүү нарын хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлын хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН С.Зоригийн хэргийг илрээсэй, зөв шийдэгдээсэй гэсэн байр сууринд үргэлж байсан. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. Эрх баригчид энэ хэргээр 2-3 удаа сонгуулийн шоу хийсэн нь дахиад 2020 онд давтагдах вий гэсэн болгоомжлол бидэнд байна” хэмээв.


Үндсэндээ бол С.Зоригийн хэрэг дээр 2017 оноос хойш хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн асуудлыг шалгаж байгаа. Ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус хэрэг цагдаагийн байгууллагаас прокурорт шилжсэн,  удахгүй шүүхэд шилжих шатандаа яваа билээ. Тэр ч бүү хэл хэргийн илэрүүлэлтэд хууль хяналтын бүх байгууллага оролцсон, хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудлууд ил болсон учир УИХ-ын түр хороо ажиллаж байгаа юм.  


С.Зоригийн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг холбогдуулж байж боломгүйгээр олон хоног эрүүдэн шүүсэн бичлэг олон нийтэд дэлгэгдсэн нь хэргийн үнэн мөнийг ололгүй хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх асуудлууд өнөөдөр хариулт хүлээж суух дор АН-ынхан үүнийг эргүүлэх оролдлого буюу улстөрийн шоу хийх нь зохисгүй зүйл.
Нөгөөтэйгүүр С.Зоригийн хэрэгт холбогдогсдод эрүүдэн шүүлт явуулсан асуудалд хүч хавсарсан гэх Ц.Амгаланбаатар нь Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчидтэй уулзах үеэрээ надад дарамт шахалт их байсан учир Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүүдэн шүүлт явуулсан хэмээн үнэнээ өчсөн гэгдэж байгаа. Мөн С.Зоригийн эхнэр Б.Булганы захидал нууцаас гарч, түүнд ч эрүүдэн шүүлт явуулсан асуудал сөхөгдөөд байгаа бөгөөд түүний охиныг ч хамруулах оролдлого хийж байсан нь олон нийтэд ил болоод байгаа билээ. Ийм олон асуудал олон нийтэд ил болж хэргийн үнэн мөнийг тогтоох, шалгах ажил эд өрнөж байгаа энэ цагт АН-ынхан хүний эрхийг зөрчсөн асуудлыг уландаа гишгэж хэргийг булингартуулах явуургүй мэдэгдэл хийх нь зүйд нийцэхгүй байна.
Ямартай ч С.Зоригийн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх сэжүүрийн эхлэл тавигдсан гэж олон нийт харж, хүлээж сууна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна