​Т.Энхсайхан: "Дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан

2019/06/13
АН-ын гишүүд өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсэн. Энэ үеэр цагдаагийн зүгээс дарамт шахалт ирсэн талаар тэд өнөөдөр мэдээллээ.

Т.Энхсайхан хэлэхдээ “Монгол Улсын иргэн бид Хууль зүйн салбарыг 22 жилийн турш завхруулж байгаа Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөнийг эхлүүлээд явж байна. Энэ хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш бидэнд маш их дарамт ирэх боллоо. Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайд болох ёс зүйгүй хэмээн өргөх бичгийг Австрали Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусанд хүргүүлсэний дараа Цагдаагийн хурандаа н.Амгалан гэдэг хүн над дээр ирээд “Чиний нөхөр чинь цагдаа хүн юм билээ. Хэрвээ дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь халуулна” гэж дарамталсан. Миний нөхөр цагдаагийн байгууллагад 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн хүн. Эрхтэн дархтаны хүүхдүүд элчин сайдаар томилогддог харгис бурангуй нийгэм Монгол улсад бий болсон байна. Төрийн дээр сандайлсан хулгайч луйварчид монголд онц аюултай нийгэм бүрдүүлж, төрийн эрх мэдлийг зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэхээр баталж дампууруулж байна.” Гэв.

Мөн “Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон. Мөн Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж гадаадад явуулсан ажилтнуудын зарим нь олон улсын хууль, ёс жаягийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёсзүйн хохиролын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс, Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёсзүйгүй гэж үзэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна